2024 оны 04 сарын 24
Зөвлөгөө
Саримс түүний ид шид...

Сармисыг нимбэгний шүүсэнд дарж өвлийн цагаар хэрэглэх нь эрүүл мэндэд маш сайн, төвдүүд уг хандыг бүр хүнийг залуужуулах ид шидтэй гэж үздэг ажээ.

Сармисны хувьд мэдээж экологийн цэвэр бүтээгдэхүүн болох монгол сармисаа авах нь зөв гээд ягаан өнгийн хальстай монгол сармис есөн толгойг авсан нь 470 гр болов. Ханд хийхэд бол би зургаан толгойг л хэрэглэсэн. Хандыг бэлтгэхдээ 300 гр сармисыг хальснаас нь салган цэвэрлээд жижиглэн татаж хэрчинэ.

Ингээд 300 гр сармисанд 500 мл нимбэгний шүүс орохоор тооцож ойролцоогоор 12 нимбэг авч бэлтгээрэй. Миний авсан нимбэг харьцангуй том байсан бололтой 10 ширхэг орсон л доо. Нимбэгнийхээ шүүсийг шахахдээ зориулалтын хэрэгсэл ашиглавал их хялбархан байдаг. Би өөрийнхийгөө Скай их дэлгүүрээс авсан (тэнд Oxo гээд брэндийн гал тогооны их эвтэйхэн хэрэгслүүд байдаг). Нимбэг шахаад нимбэгний шүүстэй ус хийж уухад хэрэг болдог юм. Нимбэгээ шахахдаа хальстай нь яг голоор нь хоёр тэнцүү огтолж хуваагаад огтолсон талаар нь нимбэгний шүүс шахагчид тулган дарж аажим эргүүлснээр хаягдал маш багатайтайгаар шүүсийг нь авчихна. Миний нимбэг шахагчийн сав нь 250 мл хэмжээтэй тул хоёр удаа дүүргэхэд болчихож байгаа. 

Нимбэгний шүүсээ шилэн саванд (эсвэл шаазан вааран сав) хийгээд дээрээс нь татсан сармисаа хийж хутгана. Савыг битүүлэн таглахгүй орхих бөгөөд тоос шорооноос хамгаалж дээгүүр нь агаар нэвтрэх даавуугаар бүтээж хуурай сэрүүн газарт (гэхдээ хөргөгчинд биш шүү) буюу хэт халуун, хуурай бус тасалгааны температурт 21 хоног байлгана. Нимбэгний шүүсэнд сармис бүрэн шингэж өтгөн зуурмаг болох үед хэрэглэж эхэлнэ. Өдөр бүр нэг цайны халбагаар халуун бүлээн усанд хутган ууж хэрэглэнэ. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.