2024 оны 04 сарын 25
Мэдээ, мэдээлэл
У.ХҮРЭЛСҮХ: УТААГААР УЛС ТӨР ХИЙХ ХЭРЭГГҮЙ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх агаарын бохирдлыг бууруулах асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээллийн үеэр, “Улаанбаатар хотын утааг бууруулахад бидний зүгээс хийж хэрэгжүүлэх нөөцийн талаар бүх талын хүмүүсийг байлцуулан энэ асуудлыг хэлэлцэнэ. 50 гаруй компани, 45 аж ахуй нэгжийн төлөөлөл ирж өөр өөрсдийн чиглэлээр утааг бууруулах арга хэмжээнийхээ талаар танилцуулна. Юуны түрүүнд утааг бууруулахын тулд айл өрх бүр гэрээ маш сайн дулаалах шаардлагатай байна.

Дулаалгаа сайн хийсэн айл маш бага хэмжээгээр гал түлнэ. Тэр хэмжээгээр түүхий нүүрсний шатах хэмжээ багасна. Зургаа, долоогийн харьцаатай байшинг дулаалахад ойролцоогоор 6 орчим сая төгрөг гарч байна гэж байна. Гэвч ийм хэмжээний хөрөнгө гаргаад дулаалга хийчих айл өрх цөөхөн тул өөрсдийн нөөц бололцоогоороо гэрээ дулаалах боломж юу байна вэ гэдгээ сайн судлах хэрэгтэй. Тухайлбал хонины нэхийгээр туурга, дээвэр хийсэн айл өрх байна. Мөн үүнээс гадна түүхий нүүрс шатааж байгаа яндангуудаа цөөлөх ажил ЗГ-ын хамгийн түрүүнд шийдэх асуудал болоод байна. Тиймээс Монгол улсад ашиглагдаж байгаа бүх техник, технологийг судалж, нэвтрүүлэх талаар судалж үзнэ.

Утаагаар улс төр хийх хэрэггүй. Утаанаасаа салъя гэж бодож байгаа бол төр засгаасаа эхлээд бүх ард иргэд хариуцлагатай байх учиртай. Өнгөрсөн 17 жилийн хугацаанд 140 орчим тэрбум төгрөг, 60 орчим сая ам доллар гээд ний 200 орчим тэрбум төгрөг зарцуулсан юм билээ. Бүгд үр ашиггүй болсон гэвэл өрөөсгөл болно. Алдаж, оносон зүйл байдаг л байх. Гэхдээ утаа гаргадаг яндан жил ирэх бүр нэмэгдэж байгааг бодолцож үзэх хэрэгтэй” хэмээн ярьлаа. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.