2024 оны 04 сарын 20
Мэдээ, мэдээлэл
Элчингээс хайсан монгол …

Өнөөдөр Венад суух Элчин орж бичиг баримт өглөө. Машинтай 2 цаг гаруй давхиад л төрийн далбаа намирах тэр байшин харагдахад зүрхэнд минь тал дунд торойх бор гэр шиг минь л дотно харагдсан. 

Тэгээд л эх орноо санасан монгол хүн ороод ирж байхад нээх гоё инээмсэглээд л бүрэн бүтэн сайхан мэндэлчихэж болдоггүй юм байх даа. Гэхдээ тэд нар муухай ааштай байгаагүй ээ, би муулж шүүмжлэх гэсэн дээ биш, зүгээр л элчин гэдэг чинь гадаадад байгаа бидний алгын чинээ эх орон нь шүү дээ. Хэн хүнгүй санаа аваасай гэж бичлээ.

Би Чехийн монголчуудынхаа өгсөн еэвэнгээс 2-ыг боож бариад өдөр цайныхаа цагаар идэг, баярлах байх гээд материал авч байгаа хүүхэнд өглөө, нээх баярлаад байгаа царай алга, би ч элдэв юм яриад л байлаа, ганцаараа хэсэг ярьсанаа гэнэт ухаараад дуугүй болсон.

Тэр хооронд элчингийн 2 ажилтан орж ирж харагдсан, толгой дохих төдий мэндэлсэн үү, үгүй юу бараг мэдэгдсэнгүй. Төрийн ажилтнуудыг хүмүүстэй хамаагүй ярьж, инээж ханиаж болохгүй гээд цаанаас нь үүрэгддэг юм болов уу, яадаг юм бол. Миний бодлоор нээх сайхан инээмсэглээд, хөөрхөн яриа хөөрөөтэй, найрсаг байх чинь хачин амархан шүү дээ. Тэгээд дээр нь үнэ төлбөргүй эд! 

Инээмсэглэх тийм хэцүү гэж үү? Европынхныг худлаа инээмсэглэдэг гээд манайхан шүүмжилдэг. Худлаа инээхгүй, үнэнгээсээ байгаа нь гээд уурлачихсан сууж байх ёстой юу. Эсвэл уйтгар зарлачихсан юм шиг байх уу. Тийм ч сайхан биш гэдгийг ядаж гадаадад амьдарч байгаа  хэд маань мэддэг болмоор байна. Наад зах нь Сайн байна уу? Та хаанаас ирж байгаа вэ? Замдаа саадгүй яваад ирэв үү? Элчингийн байрыг олоход хүндрэл байв уу? өнөөдөр ч сайхан дулаарах төлөвтэй …гэх мэт бэлэг дэмбэрэлтэй үг хэл солилцоод нэрээ хэлээд, гар бариад ажлаа хийж болмоор санагдаад байдаг юм.

Би бүр юу гэж бодсон гээч, өлсөж цангасандаа биш л дээ, монголоос сайхан хаан, хатан цай халуун устай, жоохон ааруултай таваг хүлээлгийн танхимд тавиад сайхан инээмсэглээд сууж байхад ер нь их мөнгө орохгүй дээ. Тэгэхэд зориод очсон бид чинь монголдоо 10 минут болтугай очоод ирэх шиг л болох байх даа. Тэглээ гээд л тэнд халуун цай хөлсөө гоожуулаад уугаад суух хүн байхгүй л дээ. Зүгээр л нэг тийм анхаарал, зочломтгой монгол ёс тэнд харагдаж баймаар ч юм шиг санагдсан юм. Нэг тийм дулаахан зочломтгой найрсаг орчин. За монголчуудыгаа тоодоггүй юм байлгүй гэхэд эрхбиш гадаадынхан виз хөөцөлдөөд хүрээд очиход Монгол гэдэг тэр орны хамгийн анхны нүүр царай, тэр улсын тухай анхны сэтгэгдэл болж байгаа хүмүүс ийм гашуудалтай царайтай байдаггүй байхаа л гэж найдая! Австри албан хаагчид бол зүгээр л бичиг баримт хөөцөлдөөд явж байгаа мань мэтийг ороход л ширээнийнхээ араас босож гар бариад нэрээ хэлээд л ёстой заавал инээмсэглэдэг шүү. Би энэ улсад 14 жил амьдарч байгаа эндхийн хэв маягт дасчихаж дээ. Бид гадаадад амьдраад л байна, наад захын гадны соёлоос авахыг авч, сурахыг нь сурч, өөрийн үндэсний онцлог, уламжлалт мэндлэх хүндлэх ёс заншлаа ядаж алдахгүй хадгалж явмаар санагддаг. Монгол хүн бие биенээ хүндлэхгүй бол биднийг хэн хүндлэх билээ дээ?Бүгдээрээ зүгээр л гоё байцгаая л даа! Амьдрал богинохон шүү дээ. 

Gingi Chimgee

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.