2020 оны 06 сарын 06
Зочин
Т.ТАМИР. БИ АЖЛАА САЙН ХИЙСЭН. ХААНА ЯАЖ АЛДСАНАА ОЛЖ ХАРАХГҮЙ БАЙНА

"МИАТ" ХК-ийн гүйцэтгэх захирал Т.Тамирыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудал яригдаж эхэллээ. Тэр бүү хэл, орных нь хүн хэн байх тухайд ч хэд хэдэн хувилбар сонсогдох болов. Дуулианы эзэн болоод байгаа түүнтэй ярилцлаа. 
 

-"МИАТ"-ХК-ий захирлыг  үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай  хүсэлт Төрийн өмчийн хороонд очсон гэж сонслоо. Танд энэ тухай албан ёсоор мэдэгдсэн үү?   
-Миний гэрээний хугацаа ирэх сарын 14-нд дуусах учиртай.  Төрийн өмчийн хорооны бодлого зохицуулалтын газрын ээлжит хуралдаанаар  намайг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай авч хэлэлцсэн. Миний хувьд  хөдөлмөрийн гэрээнд хүлээсэн үүргээ хангалттай сайн биелүүлсэн."МИАТ"-ХК-ийн үндсэн зорилго бол төрийн өмчит  аж ахуйн нэгж гэх утгаараа ашигтай ажиллах ёстой.  Энэ зорилгодоо хүрсэн. Улсад төлөх ёстой татвар, нийгмийн даатгалаа цаг тухай бүрт нь төлсөөр ирсэн. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар  салбарын яам болоод хамт олноос өгсөн үнэлэлт дүгнэлттэй танилцаад миний сайн, муу ажилласан эсэхэд шийдвэрээ гаргах байх. Салбарын сайд "МИАТ"-ХК-ийн удирдлагыг солих ёстой гэж үзэж байгаа бол би ямар ч асуудалгүйгээр ажлаа өгөхөд бэлэн байна. 
-Аудитын шалгалт орсон гэж дуулдсан. Дууссан уу. Дууссан бол  дүгнэлт нь яаж гарав. Таныг эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, буруу шийдвэр гаргасны улмаас 3000 мянган ам.долларыг гадны компанид төлөхөөр болсон тухай яриа яваад байгаа?  
-2018 он гарсаар  хэд хэдэн байгууллагаас ирж шалгасан.  Үндэсний аудитын газар, цагдаа гээд л. Бүгд л зөрчилгүй, МИАТ компани  ашигтай ажилласан байна гэж дүгнэсэн. Таны сая асуусан 3000 ам.долларын тухайд "МИАТ"-ХК уг нь буруугүй. Холбогдох албаны хүмүүс маань албан ёсны тайлбар өгнө.


 -Та санхүүгийн хувьд хэр ашигтай компани хүлээж авсан юм бэ, анх? 
-Би 2013 оноос "МИАТ" ХК-д ажиллаж байна.  Тодруулбал, 2013 оны нэгдүгээр сард Хонконг  дахь МИАТ-ийн төлөөлөгчийн газрын ерөнхий менежерээр томилогдон ажилласан. Намайг ажил хүлээж авахад дөрвөн хүнтэй, хотын төв хэсэгт офисс түрээслэдэг байсан. Нислэгийн тийз бичихээс өгсүүлээд ажлын ачаалал ихтэй.  Бизнес өндөр хөгжсөн оронд  төлөөлөгчийн газар байгуулж, олон хүн ажиллах шаардлагагүй юм байна гэж үзээд нэг л хүн ажиллахад хангалттай  гэдгийг удирдлагадаа танилцуулсан. Интернет хөгжсөн газарт бүх захиалга, үйлчилгээг цахимаар шийдэж байгааг та бүхэн мэдэж байгаа шүү дээ. Миний саналын дагуу асуудлыг шийдсэнээр 2015 оноос жилд  зургаан сая  ам.доллар хэмнэх болсон. Миний ажлын үр дүн эхнээсээ ингэж л харагдаж эхэлсэн. Би 2015 онд компанийхаа гүйцэтгэх захирлаар томилогдсон. Өмнөх дарга маань өндөр насны тэтгэвэртээ гарсан. "МИАТ" ХК-ий үйл ажиллагааг бусад салбартай нэг түвшинд харж, харьцуулж, дүгнэж болохгүй. Бас амжилт нь ч тэр даруйдаа харагддаггүй газар. Олон арван жилийн өмнөөс төлөвлөсөн ажлын үр дүн өнгөрсөн жилээс харагдаж, 2017 онд "МИАТ" ХК түүхэндээ анх удаа ашигтай ажиллаа. Би эдийн засагч хүн. Мэргэжлийн хүний хувьд компаниа ашигтай  ажиллуулах тал дээр ихээхэн анхаарч ажилласан. Миний өмнөх дарга нарын гадны компаниар, өндөр үнэ төлж  хийлгэсэн бизнес төлөвлөгөө ч байсан. Гэвч би монгол хүний хувьд монгол хөрсөн дээр буух бизнес төлөвлөгөөг боловсруулах ёстой гэж үзсэн. Манай баг боловсруулж, түүнийгээ ажил хэрэг болгоод явж байна. Гадны компани "МИАТ" ХК гурван онгоцтой байхад хангалттай. Түүгээрээ зөвхөн Азид нислэг үйлдэхэд л эдийн засгийн хувьд өөрсдийгөө санхүүжүүлж чадна гэж харан түүнд тохирсон бизнес төлөвлөгөө  боловсруулсан байх жишээний. Эдийн засгийн чадамжийн хувьд хоёр онгоц л  түрээсэлж авах боломжтой гэж төлөвлөгөөндөө тусгасан байсан.  Дээр нь "МИАТ" ХК мухар нислэгтэй байлаа.  Тэгвэл өнөөдөр Хонконгоор дамжин дэлхийн олон оронд задарсан.  Өнөөдрийн байдлаар манайх хоёр бус дөрвөн онгоц түрээслээд  зогсохгүй ашигтай ажилласан. Олон улс "МИАТ" ХК-ий үйл ажиллагаа зөв явж байгааг олж хараад бидэнтэй хамтран ажиллах, төлөөлөгчийн газраа нээх саналыг нэг биш удаа тавих боллоо. Ер нь төр, засгийн дэмжлэг байж гэмээнэ агаарын тээврийн компаниуд ашигтай ажилладгийг дэлхийн олон орны жишгээс харж болно.  Чин үнэнийг хэлэхэд, "МИАТ" ХК 2015 онд 5,6 тэрбум, 2016 онд 40 тэрбумын ашигтай ажилласан юм шүү дээ, уг нь. Гэвч ханшийн зөрүү биднийг алдагдалд оруулсан. Манай ашиг 50 хувь байхад гарч буй зардал 70 хувь ам.доллароор хэмжигдэх жишээний.  Өөрөөр хэлбэл, манай орж ирж байгаа мөнгө монгол төгрөгөөр, зарлага валютаар. Дээр нь биднийг арван онгоц түрээслэх боломжтой атлаа хэмээн шүүмжлэх хүн цөөнгүй. Улирлын чанартай ачаалалтай ажилладаг. Ачаалал байхгүй үед түрээслэсэн 10 онгоцоо бид хаана хадгалах юм. Түрээсээ хэрхэн төлөх гээд асуудал  бий.  


-Сүүлийн үед Туркийн АВИА компани хамгийн бага үнийн саналыг тавьж буй.  Үүнийг та бүхэн хэрхэн хүлээж авч байгаа вэ?  
-Манайхан зөвхөн "МИАТ" ХК руугаа л дайраад байх юм. Бусад АВИА компаниудыг нислэгийнхээ үнийг хямдруул гэж яагаад шаардаж болохгүй гэж. Үнэнийг хэлэхэд, тэд  Монгол Улстай хатуу гэрээ хийсэн зүйл байхгүй. Харин "МИАТ" ХК-ийн тухайд  цаг ямагт хөнгөлөлт эдлүүлдэг. Өндөр настны, оюутны, өвчтөн тээвэрлэх үед  гэхчилэн олон төрлийн хөнгөлөлтийг зорчигчдодоо санал болгодог. Нөгөөтэйгүүр, эдийн засгийн хямрал монголчуудын амьдралд маш их нөлөөлж байгаа нь  бидэнд анзаарагдаж байна.
 Олон арван залуучууд Солонгос руу ажиллахаар явж байна. Өдөр бүр онгоц, онгоц дүүрэн идэр насны залуучууд харийг зорьж буй. Виз гарлаа, маргааш өглөө нь нисэхийг чухалчилдаг. Цаг тулсан, суудалгүй үед онгоцны тийз өндөр үнээр л олдож таарна. Урьдчилаад  хэдэн сарын өмнөөс аяллаа төлөвлөн тийзээ захиалсан тохиолдолд хямд үнээр  тийз худалдаж авна.  Энэ бүхнийг тооцоолоогүй байж МИАТ-ийн тийз өндөр үнэтэй хэмээдэг. 
-"МИАТ" ХК-ийг хувьчлах ёстой хэмээж буй. Та үүнд ямар саналтай байна вэ? 
 -Төрийн бодлогыг дэмжих ёстой. Яагаад хувьчилж болохгүй гэж.  Гагцхүү бодлого нь зөв байх учиртай. Орон нутагт нислэг үйлдэж буй үндэсний  АВИА компаниудын тухайд бие биеэ татаж унагаснаас цаашгүй. Хөгжиж дэвжсэн зүйл алга.  Цаг нь болоогүй байсан байж ч мэднэ.  
-"МИАТ" ХК-ийг улс төрийн намууд мөнгө гэж харан өөр өөрийн томилгоог хийх нь бий. Та ч тэдний нэг байхыг үгүйсгэхгүй. Ер нь таныг гүйцэтгэх захирлаар ажилласан хоёр жилд улс төрийн намуудын нөлөө хэр байв?
-Би зөвхөн гүйцэтгэх захирал. Миний  дээр ТУЗ бий. ТУЗ-ийн бүрэлдэхүүнд төрийн төлөөлөл, хараат бус төлөөлөл, гишүүд гээд олон хүн миний болоод компаний үйл ажиллагааг хянаж байдаг. Мөн энэ байгууллага 800 гаруй ажилтан, албан хаагчидтай. Миний хувьд жийрэг төдий. Эрх үүргийн хувьд компаниа дээд байгууллагад төлөөлөх л үүрэгтэй.

Ч.Бүрэнжаргал

24news.mn

http://24news.mn
© 2020 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.