2024 оны 04 сарын 20
Чөлөөт цаг
Шарлиз Терон: Шинэхэн дүрээ амилуулахын тулд би 22 кг таргалсан

Холливуудын нэрт жүжигчин Шарлиз Терон шинэхэн уран бүтээлийнхээ талаар “Entertainment Tonight” сэтгүүлд ярилцлага өгчээ. Тэрбээр “Tully” гэх уран бүтээлийн гол дүрийг бүтээсэн юм. Гэр бүлийн тухай өгүүлэх уг уран бүтээл ирэх сараас кино театруудаар гарах аж.

-“Tully” киноны трейлерийг үзээд л би “Бурхан минь” гэж хэлсэн. Үзэсгэлэнт Шарлиз Терон энэхүү бүтээлд үнэхээр ой гутмаар муухай дүрийг бүтээсэн санагдсан.

-Надад ч гэсэн энэ дүрийг бүтээх амаргүй байсан. Учир нь дүрээ бүтээхээс гадна гадаад төрхөө өөрчлөх шаардлагатай нүүр тулсан. Трейлер цацагдсаны дараахан л хүмүүс намайг Үзээрийн муухай харагдаж байна” гэж хэлэх болсон. Гэхдээ муухай үг сонсох бүртээ “Ашгүй дээ өөр Тероныг олж харж байна гэдэг том амжилт шүү” хэмээн өөрийгөө урамшуулж байгаа.

-Та гурван хүүхэдтэй Марло гэх эмэгтэйн дүрийг бүтээсэн. Дүрийнхээ талаар?

-Энэ бүсгүй ээж болоод өөрийгөө 100 хувь хаясан эмэгтэй. Бүх зүйлээ зөвхөн хүүхдүүддээ зориулсан эмэгтэйн дүр.

-Марло их өрөвдөлтэй дүр санагдаж байна?

-Тийм шүү. Та бүхэн харсан бол Марло залуухан мөртлөө наснаасаа илүү хөгшин харагддаг. Тэр хэзээ ч нүүрээ будаж, өндөр өсгийт өмсдөггүй. Мөн гахай болтлоо таргалсан. Хүн хэзээ ч түүний сэтгэлийг уудалж, тархийг удирдаж үзээгүй учир гаднаас нь АРЧААГҮЙ л гэж харна. Нөхөр нь эхнэрээсээ залхаж, хүүхдүүд нь ээжээсээ ичнэ. Миний бүтээсэн дүр иймэрхүү л дүр байлаа.

-Их жин нэмсэн харагдсан?

-Тийм ээ их таргалсан. Марлогийн дүрийг бүтээх явцдаа нэмсэн илүүдэл жинтэйгээ одоо хүртэл тэмцсээр л байна.

-Хэдэн кг нэмэв?

-22 кг.

 -Үгүй байлгүй дээ?

-Тийм ээ. Тэр гэдсийг хараач. Миний хөх, өгзөг нилээн тарган харагдаж байгаа биз дээ.

-Мэдээж хэрэг гэнэт л таргалцаагүй байх.

-Би дүрээ бүтээхийн тулд яг л эрчүүд шиг идсэн. Маш их идсэн.

-Илүү тодруулвал?

-Хамгийн илчлэг ихтэй хоолуудыг идсэн. Бяслагтай гоймон идсэн. Хоёр цаг болоод л таваг дүүрэн гоймон иддэг байлаа. Гоймон хүнийг их хурдан таргалуулдаг. Одоо бяслаг, гоймон гэж хэлэхээр л дотор муухайрч байна. Үнэн шүү. Зураг авалт дууссан учир би шинэ, эрүүл амьдралаа эхлүүлсэн. Би зөв хоололтыг илүүд үзэж, идэвхтэй хөдөлгөөнөөр илүүдэл жингээ хасч байгаа.

-Жин нэмсэн өөрийгөө толинд харах амаргүй байсан биз?

-Тийм шүү. Би их сэтгэлээр унасан.

-Та өмнө нь  “Monster” кинонд тоглох үедээ бас нилээдгүй жин нэмсэн?

19 кг нэмсэн.

-Ингэж хэт их жин нэмж, хасах эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй биз?

-Тийм шүү. Гэнэт их идэж эсвэл хоолоо сойх нь эрүүл мэндэд тун сөрөг нөлөөтэй. Гэхдээ би хоололтын мэргэжилтнүүдээс зөвлөгөө авч жин нэмэх эсвэл хасах ажилдаа ордог. Тэдний зөвлөгөө надад их дэмжлэг үзүүлдэг. /Тэрбээр 2003 онд уг бүтээлээрээ “Оскар”-ын эзэн болсон/

 

Б.Дэлгэрцэцэг

 
 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.