“Сургуулийн насны хүүхдүүдийг сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэхэд Д аминдэмийн нөлөө” судалгааны багаас хэвлэлийн бага хурал хийлээ. Уг судалгааны баг нь Харвардын Эрдэм шинжилгээ, судалгааны нэгж байгууллага ажээ.

Судалгааны ажлыг хийж буй "Монголын эрүүл мэндийн үүсгэл" НҮТББ-ын Гүйцэтгэх захирал Б.Уянга "Эцэг эхийн үндэсний зөвлөл ТББ-аас сургуулийн насны хүүхдүүдэд туршилт хийж байна гэсэн ямар ч үндэслэлгүй, гүтгэлгийн мэдээлэлд залруулга хийж байна.

Судалгаанд оролцож байгаа хүүхдүүдэд Д аминдэм уулгаж байгаа нь туршилт биш. Туршилт гэдэг нь цоо шинэ зүйлийг туршиж үзэхийг хэлж байгаа. Д аминдэмийг 100 гаруй жилийн турш хүн төрөлхтөн хэрэглэсээр ирсэн. Өдгөө Д аминдэмийг зөвхөн 0-3 насны хүүхэд биш бүх хүн хэрэглэх хэрэгтэй гэж зөвлөх болсон. Д аминдэмийг хэрэглэснээр амьсгалын замын халдварт өвчин, тэр дундуу сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.

Хүний биеийн төрөлхийн дархлаажуулалтыг дэмждэг. 

Судалгаа 2016 оны 9 дүгээр сараас эхэлж нийт 15 сургуулийг хамруулсан. Судалгааны зорилго нь сургуулийн насны хүүхдүүдийг сүрьеэгээс урьдчилан сэргийлэхэд Д аминдэмийн нөлөөллийг судлах. Анх бид 9,800 гаруй хүүхэд судалгаанд оролцоход 946 хүүхэд сүрьеэгийн далд халдвартай гарсан. Халдвартай хүүхдүүдээ бид ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн клиниктэй хамтран шинжлэхэд 129 хүүхэд сүрьеэгээр өвдсөн байсан. Бид сүрьеэгээр өвдсөн хүүхдүүддээ эмчилгээ хийж, эдгээж байгаа. 

Шинжилгээгээр харьцангуй эрүүл гарсан хүүхдүүдэд бид Д аминдэм уулгаж, урьдчилан сэргийлж байна" гэв. 

Судалгаанд оролцсон хүүхдүүдийн эцэг эхчүүдийг төлөөлж Г.Сэлэнгэ "Манайх Хан-Уул дүүрэгт амьдардаг. 2016 онд судалгааны ажлыг хэсэг байгуулагдаж эцэг эхчүүдтэй уулзаж, гарын үсэг зурж байсан. Миний хувьд дэлгэрэнгүй судалгаа бөглөж, судалсны үндсэн дээр ач холбогдолтой гэж үзээд судалгаанд хамруулсан.

Д аминдэм ууснаар том өөрчлөлт гарч байна. Миний 7 дугаар ангийн хүүхэд энэ өвөл ханиад хүрч, харшил нь хөдлөөгүй. Мөн нэлээн өндөр болсон. Хүүхэд маань өөрчлөгдөж байгааг хараад баярлаад байна.

Сайн дурын үндсэн дээр ач холбогдолтой зүйл хийж байхад эцэг эхчүүд чин сэтгэлээсээ дэмжээсэй гэж хүсэж байна. Энэ байгууллагын оффис дээр нь уулзаж, шинжилгээтэй нь танилцуулахад нээлттэй байдаг юм билээ" гэсэн юм. 

Хэвлэлийн бага хурлын үеэр нийгэмд худал мэдээлэл тараасан байгууллагад хуулийн хүрээнд хариуцлага тооцуулна гэж судалгааны багаас мэдэгдлээ. 

Гэрэл зургийг: MPA.MN