2024 оны 04 сарын 25
Шинэ мэдээ
Хулгайлагдсан иргэдийн асуудал хэдийн шийдвэрлэгдчихсэн гэв
 Аль хэдийнээ шийдвэрлэгдчихсэн хулгайлагдсан иргэдийн асуудлыг Японы Засгийн газар дахин дахин хөндөн Солонгосын хойгт энх тайвныг цогцлоох үйл явцыг саатуулахыг оролдож байна гэж Солонгосын цахилгаан мэдээний төв агентлаг (СЦМТА) мэдээлэв.

Эх сурвалж өчигдөр мэдээлэхдээ “БНАСАУ болон АНУ удахгүй дээд хэмжээний уулзалт хийх гэж байгааг Японоос бусад улс орон сайшаан хүлээн авч байна. Зөвхөн Япон улс л хэдийн шийдвэрлэгчдихсэн хулгайлагдсан иргэдийн асуудлыг дахин дахин хөндөн энх тайвны үйлст саад учруулахыг оролдож байна” гэжээ.

Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун өнгөрсөн сард Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй дээд хэмжээний уулзалт хийх үеэрээ “Манай улс Японы талтай хэлэлцээ хийхэд хэзээд бэлэн байна” гэж хэлсэн тухай Өмнөд Солонгосын Засгийн газар мэдээлж байсан юм.

Хулгайлагдсан иргэдийн асуудлыг шийдвэрлэж, цөмийн болон пуужингийн хөтөлбөрөөсөө бүрэн татгалзах хүртэл нь Умард Солонгост шахалт үзүүлсээр байх болно гэж Япон улс мэдэгдсэнтэй холбоотойгоор Умард Солонгос дээрх мэдээллийг гаргалаа.

Олон арван жилийн өмнө Умард Солонгосын тагнуулчид Японы иргэдийг хулгайлсан гэх хэргийн улмаас тус хоёр улсын харилцаа өнөө хэр нь таагүй байгаа билээ.

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.