2024 оны 04 сарын 17
Чөлөөт цаг
Толины тухай баримтууд
Өдөр бүр бид толинд хардаг ч энэ бол зүсээ тольдоход хэрэглэгдэхээс гадна шинжлэх ухаан, танин мэдэхүйн асар их нууцыг агуулсан гайхамшигтай эд юм. 
 
Толийг галт уулын гаралтай шил, зэс ба чулууг өнгөлж хийдэг байсан бөгөөд үхрийн чих ба эврээр чимэглэх нь түгээмэл байжээ. Ингээд XVI - XVII зуунаас гэрийн тавилга болгож өргөнөөр хэрэглэх болжээ.Толины тусламжтайгаар цаг хугацаагаар аялах боломжтой гэдгийг Голландын физикч Хендрик Казимир (1909 - 2000) өөрийн туршилтаар нотолжээ. Түүний ож мэдсэн Казимирийн нөлөөлөл хэмээх энэхүү аргыг хэрэглэснээр толь ба вакум орчны харилцан нөлөөллөөр цаг хугацаагаар аялах боломжтой гэсэн үг юм. Харамсалтай нь зөвхөн өнгөрсөн үе рүүгээ очихоос ирээдүй рүү аялж болдоггүй байна. Казимирийн нөлөөллийн онолыг сайтар судалж мэдсэнээр ийнхүү өнгөрсөн үе рүүгээ гэрлийн хурднаас ч асар хурдан аялаад ирэх боломжтой гэнэ.Мэдрэлийн эмгэг судлаач эрдэмтдийн явуулсан судалгаагаар толины тусламжтай хүний тархийг бүрэн судлах боломжтойгоос гадна мөчөө тайруулсан хүмүүсийн бие махбод болон сэтгэлзүйд гарах өөрчлөлтийг анагаах боломжтой гэж үзжээ. “BBC” сайтад бичсэнээр энэхүү судалгааг Энэтхэгийн эрдэмтэн Вилейанур Рамачандран 1990-ээд оноос эхлүүлсэн бөгөөд тэрээр 20 гаруй жилийн туршилт судалгаагаар эмчилгээний энэхүү аргыг олж нээжээ. Энэ нь толины тусгалыг ашиглан мөчөө алдсан хүмүүсийн бие махбод болон сэтгэлзүйн өөрчлөлтийг анагаах арга юм. 
 
Тодруулбал түүний хамгийн анхны өвчтөн нь Мексикийн хилийг давж АНУ руу орох гэж яваад нэг гараа алдсан Виктор байсан бөгөөд түүний тайруулсан гар нь байнга загатнаж байж суухын аргагүй болдог байжээ. Энэ тохиолдолд ямар ч өвчин намдаах эм, мэс заслын арга туслахгүй болдог ба мөчөө тайруулсны дараа хүмүүсийн 90% нь ямар нэг байдлаар маш хүчтэй өвдөлт мэдэрч энэ нь улмаар тархи мэдрэл, сэтгэлзүйд нөлөөлдөг байна. Үүнийг л толины тусламжтайгаар тархи сэтгэлзүйд нөлөөлөх зарчмаар анагаах нь түүний гол зорилго байсан гэдэг.Эрдэмтэд толины тусламжтайгаар хувь хүний өөрийгөө хэрхэн үнэлж дүгнэдэг эсэхийг мэдэх сэтгэлзүйн тестийг боловсруулж эхлээд байгаа гэнэ. Үүнийгээ тэд сүнсний баяраар тоглодог ийм нэгэн шоглоомоос олж харсан байна. Энэ тоглоом ёсоор толинд өөрийнхөө төрхийг харах төдийхөн сүүмгэр гэрэлтэй орчинг бүрдүүлж толиноосоо 1 м зайд толь руугаа харж суухаас эхэлнэ. Өөрийнхөө төрхийг ажиж 10 мин орчим болсны дараа зүс чинь аажмаар замрхан алга болж, удах тусам төрх чинь чинийх биш мэт хажин жигтэй болж ирдэг байна. Зарим хүмүүс мал адгуус, ад зэтгэрийг харж эхлэх бөгөөд зарим нь бүр ардаа байгаа сүнс сүүдэр, хачин жигтэй дүр төрхийг олж хардаг ажээ. Чухам энэхүү үйл явц дээрээс л эрдэмтэд судалгаа шинжилгээнийхээ ээлжит сэдлийг олж шимтэн судалж эхэлсэн нь энэ юм. Түүнчлэн энэ арга нь сэтгэцийн шизофрени эмгэгтэй хүмүүсийг анагаахад тустай ч байж магад гэнэ.Толинд харсан хүн ба амьтан бүр толин дахь тусгалаа хараад өөрийгөө гэж мэддэг болов уу? Энэ талаар сэтгэлзүйчид 1970-аад оноос судалж эхэлсэн байх агаад энэ нь хүн ба амьтны ухамсрын түвшинг тогтоох арга болж иржээ. Барууны орнуудад хүүхдүүд 18 - 24 сартай байхдаа өөрийгөө толинд хараад таньдаг байхад Кени ба Фижи арлын хүүхдүүдийн зарим нь 6 нас хүрчихсэн мөртлөө өөрийгөө огт танихгүй байсан гэдэг. Харин амьтдын хувьд тэд өөрсдийгөө толинд хараад шууд танихгүй ч аажмаар өөрийгөө гэж мэдэх чадвартай байдаг байна. Эдгээр амьтад бол заан, горилла, бонобо, шимпанзе, дельфин, алуурчин халим, алаг шаазгай зэрэг амьтад юм.Сар нь дэлхийгээс 384.403 км алсад оршдог бөгөөд энэхүү нарийн хэмжээсийг толины тусламжтайгаар гаргажээ. Сарны дэлхийгээс хэр хол зайд оршдог эсэх нь дэлхийн тойрог замын нөлөөгөөр харилцан адилгүй байдаг бөгөөд хамгийн ойр нь 363.104 км бол хамгийн хол зай нь 406.696 км байх ажээ. Ийм нарийн хэмжээсийг эрдэмтэд Аполло хөлгийнхний саран дээр байршуулж үлдээсэн “The Laser Ranging Retroreflector” төхөөрөмжийн тусламжтайгаар гаргасан ба энэ нь шоо хэлбэртэй тусгай толиноос бүрдэл болсон лазер юм. Үүний тусламжтай эрдэмтэд 3 см зайг ч алдалгүй хэмжиж гаргадаг байна. Түүнчлэн сарны тухай бүхий л мэдээллийг авах боломжтой бөгөөд сар жил бүр дэлхийгээс 3.8 см холдож байдгийг энэхүү төхөөрөмжийн тусламжтай олж мэджээ.Дэлхий дээр толины маш олон төрөл байдаг. Үүний нэг бол дууны долгионыг дамжуулдаг дуу авианы толь юм. Энэхүү толийг дэлхийн II дайны үед Их Британичууд өргөнөөр хэрэглэдэг байсан ба энэ нь дайсны онгоцыг хаанаас ирж байгаа эсэхийг мэдэхэд тусалдаг байжээ. Өдгөө ийм толь Их Британий газар нутагт нилээд хэд байх агаад хөтөч тайлбарлагчийн тусламжтайгаар тусгай зөвшөөрлийн дагуу үзэж танилцах боломжтой байдаг гэнэ. Ийм толь Их Британиас гадна Малтад байх ба 61 м өндөр толь орчмын газар нутгаар олон нийт явахыг хориглодог байна. Үүнийгээ тэд “чих” гэж нэрлэдэг байна.Толины тухай хүн бүр мухраар сүсэглэн итгэдэг зүйлс олон бий. Эдгээрээс сийрүүлбэл: 
Хагархай толинд бүү хар. Учир нь буг чөтгөр харагдаж мэдэхээс гадна толины хэлтэрхийгээр тольдвол та эрч хүч буурах нигууртай ажээ. Толь нь та бидний хоёр дахь бие болдог учир толийг хагалахаас сэрэмжлэх хэрэгтэй. Толь хагалбал танд долоон жил гай зовлон учирдаг гэлцдэг. Та бидний хоёрдогч бие болдог учир толь нь өөрийг нь гэмтээсэн хүнийг ч гэсэн гэмдээг гэдэг утгаараа гай зовлонд унагадаг байна. Иймээс толь хагарвал гай зовлонгоос сэрэмжилж, том хэлтэрхийнүүдийг хар өнгөөр буд эсвэл урсгал усанд хийх хэрэгтэй ажээ.
Нялх хүүхдийг толинд харуулахгүй байх хэрэгтэй. Үүний уршгаар хүүхэд аймхай болохоос гадна хэлд орохгүй удах эсвэл шүдлэхгүй зэрэг нөлөө үзүүлдэг байна. Мөн байнга өвчин тусах магадлалтай гэнэ.
 
Эмэгтэй хүн сарын тэмдэг ирсэн, жирэмсэн мөн төрсний дараа толинд аль болох харахгүй байхыг хичээх хэрэгтэй. Учир нь энэ үед тэдний өмнө булшны нүх нээгддэг гэж зарим үндэстэн итгэдэг учир бүсгүйд таагүй юм байна. 
 
Айл гэр, албан байгууллагын аль ч газрын толь заавал хүрээтэй байх ёстой. Хүрээ нь эрч хүч, эрүүл мэндэд хор хөнөөл учруулж гэмтээхээс хамгаалах учиртай юм. Түүнчлэн унтлагын өрөөнд толь байх нь зохисгүй ба амьдралдаа алдаа гаргахгүй байя гэвэл орныхоо дээр толь өлгөхгүй байхыг зөвлөдөг ажээ.

Эх сурвалж http://www.info.mn

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.