2024 оны 04 сарын 24
Мэдээ, мэдээлэл
ХҮҮХДҮҮДИЙН ХИЧЭЭЛ ТАРЖ, ТЭД “АЖИЛДАА” ГАРЧЭЭ
Ерөнхий боловсролын сургуулийн бага болон дунд сургуулийн сурагчдын урт амралт эхэлсэн. Хүүхдүүд хичээлээ тарангуут зуны амралтаараа хөдөө эмээ өвөөгийнх рүүгээ явах, мөн амралт зуслан явж зуныг зугаатай өнгөрүүлдэг.
Тэгвэл хичээл амрангуут ажил хийдэг хүүхдүүд олон бий. Тэд томоохон зах худалдааны төвүүд болон олон хүн эргэлддэг үйлчилгээний байгууллагаар явж ширхэгийн бараа, ус ундаа, зайрмаг зардаг билээ.
Ялангуяа машин замын голоор явж худалдаа хийдэг хүүхдүүд эрс нэмэгджээ. Өчигдөр “Нарантуул” зах орохоор түгжирч явахдаа бага насны хэд хэдэн хүүхэдтэй тааралдлаа.
Хүзүүнээсээ нүхтэй модон тавцан зүүчихээд тэндээ соруултай колануудыг хийчихсэн “Мөстэй кола, ус ундаа аваарай” гэж хашгирч яваа хөвгүүд дунд охин хүүхэд ч харагдлаа. Түүний хувьд “Банана аваарай, нэг ширхэг нь 700 төгрөг шүү” гэж орилно. Халуунд замын бөглөрөл дунд машинаасаа иргэд худалдаа хийх юм. Мөстэй кола гэхэд 1500 төгрөг. Мөн үнэртүүлэгч авчихаад гэж гуйж шална. Машины үнэртүүлэгч нь 1000-3500 төгрөгийн үнэтэй гурван янзын үнэртүүлэгч зарж явна.
Мөн зах худалдааны төв, машин угаалгын газар гээд хаа сайгүй хүүхдүүд ажилдаа гарчихсан “Эгчээ ахаа машинаа угаалгах уу, арчуулах” гэж урд хойно гарч ээрч гүйнэ. Түүгээр ч барахгүй тэрэг түрж,  худалдаа эрхлэгчдэд шоовдорлогдон байж хэдэн төгрөг олж, ар гэрээ амьдралаа залгуулдаг хүүхдүүд байна. Өөрөөр хэлбэл, насанд хүрээгүй хүүхдүүд тэвчишгүй хөдөлмөр эрхэлж байна гэсэн үг.
 Ингээд замын бөглөрөл дунд худалдаа наймаа хийсэн гурван хүүхэдтэй цөөн хором ярилцлаа.
 
Анартөгс: Би Налайхаас ирсэн, нормтой ундаа, өндгөө зарчихаад явна даа
 
 Би Налайхаас өглөө эрт ирж, зах дээр ундаа, өндөг зардаг. Өдрийн орлого давгүй шүү. Өндгөө би шөнө ээжээрээ чануулж аваад гараад ирдэг. 2-3 сетик өндөр чанаад энэ жижиг тэрдэг цүнхэндээ хийчихдэг юм. Тэгээд түрээд чирээд явахад амар даа. Харин ус ундаагаа эндээс авч мөстэй найруулж зардаг. Өдрийн орлогынхоо 50 хувийг ээждээ, 50 хувийг нь би авдаг. Одоо тэгээд мөнгөө хураана даа. Өдөрт нормтой гарч ирнэ. Түүнийгээ биелүүлчихээд гэртээ харина. Автобусанд мөнгө төлдөггүй болохоор амар. Энд тэнд очоод ус ундаагаа зарах бүрэн боломжтой” гэлээ.
 
Амартүвшин: Өвөлжин аав ээж хоёр зүтгэдэг, зунжин ах бид хоёр ажилладаг
 
Хичээл амрангуут ах бид хоёр зах дээр гарч ирж ажилладаг. Миний хувьд ус ундаа явж зардаг бол ах захын автозогсоол дээр машин угаадаг юм. Манай аав ээж хоёр тогтсон ажил төрөл байхгүй. Манайх Улиастайд байдаг. Өвөлжин, хаваржин аав тэрэг түрж, ээж машин угаадаг юм. Одоо бид хоёрыг ажилла гэсэн. Тэр хоёр гэртээ амарч байгаа. Орой харих болгондоо ээж аавдаа сүү боорцогтой очдог. Гайгүй орлого олчихвол хоол хийх материалаа аваад очдог юм. Дөрвөн ам бүл бас хэцүү шдээ эгчээ. Гурван эрэгтэй хүн байдаг болохоор их идлээ гээд ээж загнаад байдаг юмаа. Заза явж ундаагаа заръя даа” гэсээр машин сүлжээд явчихав.
 
                        Болортэнгис охин: Аавтайгаа хамт банана зарж байна      
 
“Би сая гуравдугаар ангиа төгссөн. Аавтайгаа хамт банана зарж байна. Аав бид хоёр зах худалдааны төвүүд болон зам дагаж худалдаагаа хийдэг. Бид хоёр өглөө эрт Барс зах орж жимсээ хайрцгаар нь бөөндөөд авчихдаг юм. Өдрийн ашгаасаа аав надад 5000-6000 төгрөг өгдөг. Би мөнгөө хурааж байгаа. Намар хичээлдээ орохдоо хичээлийн хэрэгслээ бэлтгэнэ дээ” гэв.
 
Очко: Ээж минь хэвтэрт байдаг юм
 
“Намайг Очко гэдэг. Бүтэн нэрээ хэлмээргүй байна. Та зураг авахгүй биз дээ. Би өсвөр насны хүү болохоор ичээд байдаг юмаа. Гэхдээ ус ундаа зарж яваагаасаа бол ичихгүй ээ. Би ирэх намар 12 дугаар ангид орно. Зуны гурван сарыг хий дэмий өнгөрүүлж байхаар ар гэртээ жаахан ч гэсэн нэмэр болох үүднээс худалдаа хийдэг. Хичээл одоогоор амраагүй байгаа. Амралтын хоёр өдөр ийнхүү ажиллаж байна даа. Миний ээж бие муутай хүн. Бараг л хэвтэрт байдаг юм. Харин миний ах цалин багатай газар ажиллаж байгаад саяхнаас Эрээн явсан. Тэнд жолооч хийж өндөр цалин авна гэсэн. Цалингаа явуулж эхлэх байх. Тэгэхээр би энэ ажлаа болино. Их дээд сургуульд суралцах сонирхол байхгүй ээ, тиймээс элсэлтийн шалгалт өгөхгүй. Хувиараа бизнес хийх буюу дугуй завсварын газартай л болмоор санагдаад байгаа юмдаа” гэж “Сая дөнгөж гарч ирсэн хүйтэн кола байна аваарай аваарай” гэсээр цааш явсан юм даа.
Ийнхүү 7-16 насны хүүхдүүд ээж аавдаа эрхлэх зав чөлөөгүй, эрх чөлөө нь хагас дутуу, эрдэм ном сурах насандаа өөрийгөө хөгжүүлж боловсруулахаас илүүтэй хүнд хэцүү амьдралд нухлагдаж явна.
Гэхдээ тэд “тэнэмэл” амьдралтай хүүхдүүд биш. Ингэж яваа нь тэдний ч  буруу биш. Ар гэрээ, аав ээжээ хоолтой хонуулахын тулд ийнхүү ажиллаж байна. Хүүхдүүдээ тэвчишгүй хөдөлмөр хийлгүүлж байгаа эрх, үүргээ ухамсарладаггүй, хариуцлагагүй эцэг, эхчүүдийн буруу гэж харж байгаа ч цаашлаад эх орны ирээдүй болсон хүүхдээ гэх сэтгэлгүй төр засгийн нэгдсэн бодлогогүйн алдаа гэдгийг хэлэх хүн олон байгаа байхаа.


О.Сайхан
Оллоо.mn 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.