2024 оны 04 сарын 16
Шинэ мэдээ
ОУ-ын шар айрагны баяр болно
Жил бүр зохион байгуулдаг олон улсын шар айрагны баяр долдугаар сарын 20-ноос наймдугаар сарын 26-нд Хятад улсын Циндао хотноо 28 дахь удаагаа болно гэж уг баярыг зохион байгуулагчид мэдээлснийг “Синьхуа” агентлаг уламжлав.

“Энэ жилийн баярт 30 гаруй орны 200 брендийн шар айраг нэг дор цуглана. Баярын үеэр 1300 гаруй нэр төрлийн шар айргийг танилцуулна” гэж тус бүс нутгийн аялал жуулчлалын хорооны дарга Ми Дэшэнь мэдэгджээ. Илүү олон жуулчдыг хамруулах үүднээс энэ удаагийн наадмын үргэлжлэх хугацааг сунгасан бөгөөд уг баяр нь 800 мянган хавтгай дөрвөлжин метр талбайг хамрах юм байна.

Циндао хотод Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын 18 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт өнгөрсөн зургадугаар сарын 9-10-ны өдрүүдэд болж өнгөрсөн билээ. Энэ жилийн шар айрагны баярт тус байгууллагын гишүүн орнууд мөн оролцох бөгөөд Орос улсын шар айрагт зориулан зассан хэсэг баярын талбайд байрлах гэнэ. Түүнчлэн Хятадын алдартай шар айрагны бренд “Цинтао” үйлдвэр нь Циндао хотод байрладаг юм байна. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.