2024 оны 04 сарын 26
Шинэ мэдээ
Пуужин дэлбэрч олон хүний аминд хүржээ
Даваа гарагт Афганистан улсын хойд нутгийн Тахар мужид орон сууцны хороололд пуужин дэлбэрснээр 5 иргэн амиа алдаж, 6 хүн шархадсан ба амиа алдагсдын дунд эмэгтэйчүүд, хүүхдүүд байсан тухай тус мужийн цагдаагийн газрын төлөөлөгч мэдээлэв.

“Өнөө өглөө Дашт-е-Кала дүүргийн Араб Какал тосгоны орон сууцны хороололд үл мэдэгдэх зүгээс харвасан пуужин юм уу фугасын бөмбөг дэлбэрсэн нь энгийн номхон ард иргэд амиа алдаж, гэмтэж бэртэхэд хүргэсэн” гэж Тахар мужийн цагдаагийн газрын хэвлэлийн албаны төлөөлөгч Абдул Халил Асир “Синьхуа” агентлагт өгсөн ярилцлагадаа тэмдэглэсэн байна.

Дээрх халдлагыг хэн үйлдсэн нь тодорхойгүй байгаа ба гэм буруутай этгээдүүдийг олж тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа ажээ. “Талибан” бүлэглэл харвасан байж магадгүй гэж нутгийн оршин суугчид таамаглаж байгаа юм байна. Одоогийн байдлаар "Талибан" болон өөр аль нэг бүлэг уг халдлагыг үйлдсэнээ албан ёсоор зарлаагүй байгаа юм.

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.