2024 оны 10 сарын 15
Мэдээ, мэдээлэл
ЦҮНХИЙГ НЬ БЭЛДЭЭД, СЭТГЭЛЗҮЙГ НЬ МАРТЧИХ ВИЙ

Нэгдүгээр ангид элсэх зургаан настнуудын хувьд есдүгээр сарын нэгэн ерөөсөө бидний баяр гэдэг юу л бол. Эцэг эхийнхээ өврөөс гараагүй бяцхан жаалууд эрдмийн ширээнд тохой мөрлөж, амьдралынхаа хамгийн анхны том алхмыг хийхдээ ээж, ааваасаа зүүгдэж, анги руугаа орохгүй гэж уйлалдах нь хичээлийн эхний өдрийн өхөөрдөм дүр зураг. Арга ч үгүй биз. Хичээлийн хэрэглэл үүргэвчинд зэхээстэй. Дүрэмт хувцсаа толийтол индүүдчихсэн ч сурагч болж буйгаа ухаарах сэтгэлзүйг нь та бэлдэж амжсан уу. Таны хүүхэд сурагч болоход бэлэн үү. Энэ асуултыг та өөрөөсөө дахин нэг асуугаарай.

2000 оны эхэн хүртэл хүүхдүүд найман настайдаа сургуульд элсэж, 10 жилийн хичээлийн программыг судалж дуусдаг байлаа. Харин дэлхийн жишгийг дагаж зургаан настайдаа сургуульд ороод 12 жилийн хичээлийн программд шахуулж эхэлснээс хойш хүүхдүүдийн сурлага, суурь мэдлэг тааруухан болсон тухай ахмад багш нар “үглэдэг”. Арга ч үгүй биз. Бид чинь хүүхдээ “Миний хүү сургуульд орлоо. Том боллоо. Заавал онц сурах хэрэгтэй” гэж үүрэгддэг хүмүүс. Хичээлээ ойлгоогүй, бал харандаагаа гээсэн тохиолдолд учирлаж асуулгүйгээр, уурлаж загнадаг жишээ бараг айл бүхэнд бий. Гэтэл зургаан нас чинь юу билээ. Бид өөрсдөө зургаан настайдаа хичээл сурах нь битгий хэл аягатай хоолоо төвшин бариад иддэг байв уу.

Гэтэл өөдсийн чинээ үрээ сургуулийн сурагч болсон нэрийдлээр хичээлийн цүнхнээс нь илүү сэтгэлзүйд нь хүнд ачаа үүрүүлж байгаагаа анзаарах цаг болжээ. Магадгүй зарим эцэг эх “Гадаадад хүүхдүүд сурч болоод байна” гэсэн бодолтой байж болох юм. Гэвч тэд хүүхдээ сургуульд өгөхийн тулд сэтгэлзүйг нь цэцэрлэгт орсон наснаас нь бэлддэг юм байна. Харин монгол хүүхдүүдийн хувьд ихэнх нь цэцэрлэггүй үлдэж, цоожтой хаалганы цаана өдрийг өнгөрүүлж байхад юун сэтгэлзүйгээ бэлдүүлэх. Цэцэрлэгийн боловсролоо ч хангалттай аваагүй жаалуудад нэгдүгээр анги гэдэг чанга даваа. Тиймээс ч хичээлдээ явах сонирхолгүй, завсардсан, суурь мэдлэр муутай болох нь аргагүй юм.

ЭЦЭГ ЭХЧҮҮД ӨӨРЧЛӨЛТИЙГ ӨӨРӨӨСӨӨ ЭХЛЭ


Тэгвэл хүүхдийнхээ сэтгэлзүйг хэрхэн бэлтгэх вэ. Үүний хамгийн эхний алхам нь эцэг эхчүүд өөрчлөлийг өөрөөсөө эхлэх гэж АНУ-д боловсрол эзэмшсэн, “Оюуны нахиа” дунд сургуулийн зөвлөх багш Н.Ариунзаяа сануулж байсан юм. Тэрээр “Би АНУ-ын Техас мужийн их сургуулийг өнгөрсөн онд бага ангийн багш мэргэжлээр төгссөн. Америкт сургуульд орох хүүхэдтэйгээ эцэг эх нь хамт сургалтад хамрагддаг. Учир нь эцэг эх нь эхлээд хүүхдээ сурагч болж байгааг, тэдэнтэй хэрхэн харьцах, даалгаврыг нь яаж хийлгэх гээд мэдлэгтэй байх ёстой. Үүнээс хамгийн чухал нь эцэг эхийн сэтгэлзүй. Тэд хүүхдээ ойлгох, сонсох чадварыг өөртөө төлөвшүүлэх нь чухал. Хүүхэд аав, ээжтэйгээ харилпаа сайтай, тэднээс айдаггүй байхдаа л амжилт гаргадаг” гэсэн юм.

Харин монгол ээж, аав өөрийгөө биш хүүхдээ л бэлдээд байдаг. Тэгвэл өөрчлөлтийг өөрөөсөө эхэлж, хүүхдээ сургуульд өгөхөд та ч ялаагүй бэлэн байх ёстой гэдгийг ойлгох хэрэгтэй юм байна. Сэтгэлзүйч Б.Дарханбаяр “Зургаан настнууд их эмзэг. Тэдний хувьд сургууль гэдэг том ачаа. Үүнийг зөвөөр ойлгуулахын тулд хүүхдэдээ сургууль гэдэг ямар утга учиртай, хүүхдүүдтэй хэрхэн харьцах ёстой тухай үргэлж ярилцах ёстой. Орой ажлаасаа ирээд хүүхэдтэйгээ өөрөө сурагч болоод хүүхдээ багш болгоод тоглож болно. Энэ нь таны үрд сургуульд орох хүслийг нь бадраах хамгийн том суурь болно. Мөн хүүхэд сургууль гэдгийг хэрхэн хүлээж авах, цаашлаад сэтгэлзүйд нь ямар өөрчлөлт гарах нь цэцэрлэгийн багшаас их хамааралтай. Учир нь цэцэрлэгт байхдаа багшаасаа айдаг байсан хүүхэд сургуульд ороод ч тэр сэтгэхүй нь арилдаггүй. Тиймээс цэцэрлэгийн багш эрдэм ном, дуу шүлэг сурахын сайхныг зөвөөр ойлгуулж, урамшуулдаг байвал бага ангийн багш ч тэдний хувьд сахиусан тэнгэр л гэсэн үг” гэж зөвлөж байна.

Харин “Хүүхдийг ивээх сан”-ийн зохицуулагч Г.Цолмон “Сүүлийн жилүүдэд хөдөө орон нутгаас нийслэл рүү шилжин ирэгсдийн тоо ихэсч, тэр хэрээр хүн амын тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор бага насны хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол олгох байдал нэлээд асуудал дагуулсан. Улаанбаатар хотод сургуулийн өмнөх боловсролд хамрагдаагүй хүүхдийн эзлэх хувь 30 орчим байсан нь хүн ам цөөтэй манай улсын хувьд маш өндөр тоо юм. Эдгээр хүүхдүүд сургуульд элсэхээс өмнө эзэмшсэн байх ёстой тодорхой чадваруудад суралцаагүйгээс сургуульд орсныхоо дараа цөөнгүй бэрхшээлтэй тулгардаг” гэсэн юм.

ОРОС ЭЦЭГ ЭХ ТҮРГЭВЧИЛСЭН СУРГАЛТАД ЯАРДАГГҮЙ

Зургаан настай хүүхдээ нэгдүгээр ангид өгдөг гадны туршлагууд ямар байдаг бол. Хамгийн ойрын жишээ ОХУ. Тус улсын сургууль бүрт сэтгэлзүйч ажилладаг юм байна. Сэтгэл зүйч Марина Журавленкова “Хүүхэд сургуульд орохоос өмнө хэд хэдэн дадлыг заавал эзэмших ёстой. Эстэгвээс дөнгөж сургуульд орж байгаа хүүхдийн суралцах, шинэ орчин нөхцөлд дасан зохицох үйл явцад ихээхэн хүндрэл бэрхшээл тохиолдож, түүний сурлагын амжилт, сэтгэл санааны төлөв байдалд гарцаагүй нөлөөлдөг” гэжээ.

Сэтгэлзүйчийн зөвлөснөөр нэгдүгээрт хүүхэд суралцах, харилцах хүсэл тэмүүлэлтэй байх ёстой. Хоёрдугаарт сэтгэл хөдлөл, зоригийн хөгжил. Энэ нь “Дургүй зүйлдээ цухалдаж бухимдалгүй, эсвэл огттоосон шинжгүй бус, харин ч анхаарлаа төвлөрүүлэх хүүхдийн чадварыг сэтгэл судлалын ухаанд ийнхүү нэрлэдэг юм байна. Сургуульд сурч байхдаа хүүхэд зөвхөн өөрийн хүсч, өөрт таалагдаж байгаагаа төдийгүй бас сурахад хэрэгтэй бүхнийг хийж гүйцэтгэхэд энэ чадвар хэрэг болно. Ширээний ард 45 минут сууж, мэддэг зүйлийг нь ярьж байсан ч багшийг сонсох шаардлага гарна. Биеийн тамирын хичээл дээр өөрийн сайн чаддагаас гадна багшийн үзүүлж харуулсан дасгалуудыг хийх хэрэгтэй болно. Найзтайгаа биш танихгүй охинтой, гэзэгнээс нь татаж чангаалгүй, хос болж зогсох болно. Энэ үед сэтгэл хөдлөл, зоригийн хөгжлөөр сулхан хүүхдэд сургуульд суралцахад нь амаргүй байх болно” гэж тайлбарлажээ.

Сэтгэлзүйчийн бичсэнээр орос эцэг эх түргэвчилсэн сургалтад яардаггүй. Учир нь хүүхэд хичээлээ ойлгоход хараахан бэлэн бус байна гэдэг нь уг хүүхдийн хөгжил муу гэсэн үг биш. Харин түүнд илүү цаг хугацаа хэрэгтэй. Таны хувьд хүүхдийг шахаж шавдуулалгүйгээр (ингэвэл бухимдана, өөрийгөө дутуу дулимаг гэж бодож гутрах болно) “болж гүйцэх” таатай нөхцөл бүрдүүлэх хэрэгтэй. Нэгдүгээр ангидаа хүүхэд чинь багшийн хайртай тэргүүний хүүхэд бараг л болж чадахгүй гэдэгт бэлэн байх хэрэгтэй. Гэхдээ сургуульд сурах цаг хугацаа маш урт гэдгийг санаарай гэжээ.

Зууны мэдээ
Ч.Гантулга, Д.Энхээ

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.