2024 оны 04 сарын 19
Мэдээ, мэдээлэл
Хүүхдүүд төрсөн гэртээ амиа алдсаар байх уу?

Монголын өдөр тутмын сонинууд хүүхэд хамгааллын асуудалд дуу хоолойгоо нэгтгэж, даацтай дуугарч эхэллээ. Эрх нь зөрчигдөөд зогсохгүй цаг бусаар харамсалтайгаар амиа алдаж байгаа бяцхан зүрх бүхний төлөө нийтээрээ анхаарлаа хандуулж, дуу хоолойгоо нэгтгэхийг уриалж бодлогын түвшний форум зохион байгуулах юм.

Хүүхэд хамгааллын талаар нэг өдөр яриад өнгөрөх биш нэн чухал асуудал болгон хөндөх, Хүүхэд хамгааллын тухай хуулийг шаардан үр дүнд хүртлээ тууштай тэмцэх талаар Өдөр тутмын сонинуудын холбооны Ерөнхийлөгч Э.Долгион “XXI зуунд, дайн дажингүй улсад амьдарч байгаа хүүхдүүдийн аюулгүй аж төрж, амьдрах эрхийг хамгаалах нь бидний үүргийн сацуу хүн амын өсөлт буурч байгаа улсын хувьд үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзэх асуудал юм. Харамсалтай нь ар араасаа гарч буй хүүхдийн зүрх эмтрэм үхэл улс төрчдийн хувьд дорвитой, бодит өөрчлөлт гаргах түлхэц болоогүй бололтой. Иймд бид  хуулийн шинэчлэлд тусгах ёстой гэж үзэж буй өөрчлөлтүүдийг нэгэн зэрэг нийтлэлийн бодлогоор хөндөнө. Бусад хэвлэл мэдээллийн байгууллагууд бидэнтэй дуу хоолойгоо нэгтгэнэ гэж найдаж байна” гэдгийг тэмдэглэжээ.
Өдөр тутмын сонинууд Монголын сэтгүүлзүйн нэрт зүтгэлтэн, сонины түүхийн салшгүй эрхэм, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Цэндийн Намсрайн мэндэлсний 100 жилийн ойд хүндэтгэл үзүүлэн хүүхэд хамгаалалд анхаарал хандуулах акц, форумаа энэ эрхэм хүний нэрэмжит болгон зохион байгуулах юм. Тиймээс хамгаалалт хүссэн хүүхэд бүрийн төлөө зөвхөн хэвлэл мэдээлэл, төр засаг гэлтгүй, эцэг эхчүүд, нийтээрээ нэгдэж байж  нэг ч гэсэн хүүхдийг аюулаас хамгаалж чадах юм.
Монгол Улсад хүүхдийн сурч, хөгжих эрх гэж ярихаас илүү эрүүл, аюулгүй амьдрах эрхэд илүү анхаарах цаг болсныг нурших нь илүүц ч нөхцөл байдал дээрдэхгүй байна. Зөвхөн энэ оны эхний хагаст гэхэд 151 хүүхэд амиа алджээ. Өвчин зовлон, гал, ус, авто осол гэх мэт олон шалтгааны улмаас хүүхдүүд золгүй байдлаар амь насаа алдсаар байгаагийн зөвхөн ганцхан жишээ нь орон гэртэйгээ галд өртөж амиа алдаж буй харамсалтай үйл явдал. Эцэг эхчүүдийн анхаарал болгоомжгүй, хараа хяналт муугаас хамгийн аюулгүй орчин гэж найдаж болох  төрсөн гэртээ аюулд өртөж, амиа алдсаар байгаа юм. Үүний хамгийн эмгэнэлтэй нь нэг айлын хоёр, гурав, цаашлаад таван хүүхэд гэртэйгээ шатаж амь насаа алдсан аймшигтай  баримт бий.   Энэ нөгөө талаас хүрэлцээтэй цэцэрлэг, сургуулиар хангаж чадаагүйн улмаас гэрт нь цоожтой үлдэхэд хүргэж буй төр засгийн ч буруу.
Онцгой байдлын бай­гууллагад бүртгэгдсэнээр өнгөрсөн жилийн эхний найман сард обьектын гал түймэр 2696 бүртгэгдсэн бол энэ оны найман сарын байдлаар 2520 бүртгэгджээ. Үүнээс 613 хүнийг аварснаас 27 хүн түлэгдэж бэртсэн бол 49 хүн амиа алджээ. Гал түймрийн улмаас 1157 гэр, орон сууц шатсан байгаа юм. Өөрөөр хэлбэл, гал өртсөн 1157 гэр, орон сууцны цаана хүүхдийн аюулгүй байдал хөндөгдөж байсан нь мэдээж. Харамсалтай нь обьектын гал түймэрт өртөж, орон гэртээ амиа алдсан хүүхдүүдийн нэгдсэн бүртгэл, тоо баримт тодорхой бус байна. Тиймээс төр засаг бодлогын түвшинд асуудлыг шүүн тунгааж, ядаж л сургууль, цэцэрлэгийн хүрэлцээг нэмэгдүүлье.
 
Бидний хамгийн аюулгүй орчин гэж итгэж, найддаг гэртээ шатаж амиа алдсан зарим тохиолдлыг дурьдвал
 
2011 ОН
 
Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутагт малчин Д-ийн таван ханатай гэр шатаж 3-5 насны хоёр хүүхэд амь насаа алдсан. Гал гарах үед гэрийн эзэн төв рүү, эхнэр нь малдаа явсан байжээ.
 
2013 ОН
 
Баянгол дүүргийн Х хорооны Зүүн наранд айлын гэр шатаж бага насны хоёр хүүхэд гэртэйгээ шатаж нас барсан. Ээж нь ажилдаа явсан хойгуур долоо, зургаан насны хүүхдүүд хоёулахнаа гэртээ байжээ.
 
2015 ОН
 
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын тавдугаар багийн нутагт бага насны хоёр хүүхэд гэртэйгээ шатсан. Галын улмаас гэрт байсан гурван настай эрэгтэй, хоёр настай эмэгтэй хүүхэд амиа алджээ.
 
2015 ОН
 
Багануур дүүрэгт долоон сартай хүү гэртэйгээ шатаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.
 
2018 ОН
 
Ховд аймагт 3-9 насны нэг айлын таван хүүхэд гэртэйгээ шатаж нас барсан харамсалтай хэрэг гарсан.
 
2018 ОН
 
Сонгинохайрхан дүүргийн XX хорооны нутаг дэвсгэрт бага насны хоёр хүүхэд гэртэйгээ шатсан. Галын улмаас гэрт байсан хоёр болон гурав настай хоёр хүүхэд амиа алдсан байна.
 
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.