2024 оны 04 сарын 20
Мэдээ, мэдээлэл
Томилгоо: Б.Махбалын оронд Ж.Гантөмөрийг, талийгаач Т.Гомбосүрэнгийн оронд М.Энхболдыг томилжээ

Өнгөрсөн наймдугаар сарын эхээр ЗТХЯ-ны газрын дарга нар архидан согтуурч байгаад нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал, ЗТХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбал нь архи уусан үедээ согтуурч, хамтран ажиллаж байсан Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн аминд хүрсэн юм. 

Тиймээс Б.Махбалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, өнгөрсөн наймдугаар сарын 10-нд ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа билээ. 

Улмаар энэ хэрэгтэй холбогдуулан ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх гаргаж, мөн тухайн өдөр хэрэг гарахад хамт байсан газрын дарга нарыг чөлөөлөөд байгаа юм. Тодруулбал, ЗТХЯ-ны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Р.Артур, ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхбат нар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, тэдний орон тоонд сонгон шалгаруулалт зарлаад байна. 

ЗТХЯ-ны гурван газрын даргын үүрэг гүйцэтгэгч нарыг томилжээ

ЗТХЯ-нд гарсан хүн амины хэргээс болж, ЗТХЯ толгойгүй болсон гэхэд болно. ЗТХ-ийн сайд УИХ-ын чуулганаар томилж, чөлөөлдөг учир одоогоор томилгоо хийгдээгүй байгаа. Гэхдээ нэгэнт эл суудал эзгүй байж болохгүй тул Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЗТХ-ийн сайдын үүрэг гүйцэтгэгчээр Шадар сайд Ө.Энхтүвшинг томилоод буй. Харин дэд сайдаар УБТЗ-ын орлогчоор ажиллаж байсан Л.Халтарыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, томилсон. Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Бодлого, төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан Р.Мэргэнийг томилсон юм. 

Харин Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбалын оронд Ж.Гантөмөрийг, талийгаач Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга асан Т.Гомбосүрэнгийн оронд М.Энхболдыг үүрэг гүйцэтгэгчээр томилжээ. Ж.Гантөмөр нь өмнө нь мөн энэ албан тушаалд ажиллаж байсан. Тодруулбал, 2017 онд Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар ажиллаж байсан аж. Харин  М.Энхболд нь Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газартаа ажиллаж байгаад ийнхүү даргын үүрэг гүйцэтгэгчээр түр томилогдоод байгаа юм байна. 

Мөн ЗТХЯ-ны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Р.Артурын оронд А.Батболдыг, ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхбатын оронд Д.Доржхандыг үүрэг гүйцэтгэгчээр томилжээ. А.Батболд нь Монголын Төмөр замын анхны даргаар ажиллаж байсан бол Д.Доржханд нь өмнө тус газрынхаа буюу Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байсан туршлагатай нэгэн аж.

Үүнээс харахад Ж.Гантөмөрөөс бусад нь түр орлон гүйцэтгэгчээр томилогджээ. 

Газрын дарга нарын сонгон шалгаруулалт ирэх сарын 15-нд болно

ЗТХЯ-наас гурван газрын даргын орон тоонд сонгон шалгаруулалт явуулах хүсэлтээ Төрийн албаны зөвлөлд явуулаад байгаа. Тус яамнаас Монгол Улсын Их хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам"-ын  3 дугаар зүйлийн 11-д заасны дагуу Төрийн албаны зөвлөлд захиалгыг хүргүүлээд байгаа юм. Тодруулбал, ажлын байран дээрээ харамсалтайгаар амь алдсан Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга асны албан тушаалаас гадна Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга нарын орон тоонд ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт явуулах аж.

Сонгон шалгаруулалтанд өрсөлдөх иргэдийн материалыг ирэх аравдугаар сарын 12-ны өдрийг хүртэл хүлээн авах юм байна. Улмаар аравдугаар сарын 15-ны өдөр сонгон шалгаруулалтыг зохион байгуулахаар болсон бөгөөд одоогийн байдлаар Төрийн албаны зөвлөлд нэг ч хүн материалаа өгөөгүй байгаа аж. Учир нь яг сонгон шалгаруулалт зарласан өдөр нь очиж материалаа өгдөг, урьдчилж өгдөггүй юм байна.

Харин ЗТХ-ийн сайдыг асуудлыг намрын чуулганаар хэлэлцэх юм. 

Б.Анир 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.