2024 оны 04 сарын 25
Мэдээ, мэдээлэл
Оюуны “талх”-аар өөрсдийгөө цэнэглэж, 500 гаруй ном уншсан ОХИД

Олон төрлийн ном уншиж, оюун ухаандаа ургуулан, төсөөлөн бодох нь тархины хөгжилд сайнаар нөлөөлж, аливаа асуудалд арай өөрөөр ханддаг болохыг хоёр зууны өмнө Их Британийн эрдэмтэд нотолжээ.

Гэтэл өнөөдөр бидний ирээдүй болсон хүүхдүүд цахим ертөнцөд “уусч”, дэлгэц шагайх болсон нь нууц биш.

Тиймээс бид энэ удаагийнхаа ярилцлагын буланд ухаалаг хэрэгслийн дэлгэц шагайхаас илүү номын хуудас эргүүлэхийг чухалчилдаг, долоохон настай байхдаа 300 ном уншин, Нацагдоржийн тэмдэг энгэртээ гялалзуулж байсан Б.Одмаа, Д.Саран-Ирээдүй нарыг урьж ярилцсан юм.

Өдгөө 12 настай ч үеийнхэнтэй нь харьцуулах аргагүй гэгээлэг, эмх цэгцтэй, уран яруу ярих яриа нь тэднийг хэр их ном уншсаныг ядах юмгүй гэрчлэнэ. Мөн тэдэнтэй ярилцаж суухад 12 настай хүүхэд биш хэдийнээ нас биед хүрсэн хүн, эсвэл хэн нэгэн гүн ухаантантай ярьж суугаа мэт сэтгэгдэл төрж байсныг нуух юун.

-Одоогоос дөрвөн жилийн өмнө дөнгөж хоёрдугаар ангийн сурагчид 300 гаруй ном уншсан гээд Нацагдоржийн тэмдэгийн эзэн болж байсан санагдаж байна. Тухайн үеийнхээ сэтгэгдэлээс хуваалцаач. Өнөөдрийг хүртэл номоо уншсаар байгаа биз дээ?

Б.Одмаа: Ном бол ертөнцийг харах цонх гэдэг. Тиймээс өнөөдрийг хүртэл номоо уншсаар л байгаа. Би бүр бага байхаасаа номтой нөхөрлөж долоон настайдаа энэ гайхалтай тэмдэгийг авсан. Энэ мундаг зохиолчийн нэрэмжит тэмдэгээр шагнуулсан маань надад өшөө их ном унших сэдэл өгсөн. Долоохон настай бяцхан охиныг баяр хөөрөөр бялхуулсан тэр өдрийг би одоо ч ирээдүйд мартахгүй байх гэж бодож байна. Тухайн үед би 316 ном уншиж тэмдэглэл хөтөлсөн байсан.

Д.Саран-Ирээдүй: Би 2014 онд Дашдоржийн Нацагдоржийн нэрэмжит Тэргүүний уншигч  хэмээх энэхүү гайхалтай тэмдгийн эзэн болсон. Тухайн үедээ 200 гаруй ном уншсан байсан.

-Өнөөдрийг хүртэл уншсан номоо тоолсон уу. Ойролцоогоор хэд хүрч байна вэ?

Б.Одмаа: Уншсан бүх номныхоо тэмдэглэлийг хөтлөөд явахыг хичээдэг. Тэмдэглэл дээр бичигдсэнээр өнөөдрийг хүртэл ойролцоогоор 600 орчим ном уншсан байна.

Д.Саран-Ирээдүй: Миний хувьд уншсан номоо тоолж байгаагүй. Ойролцоогоор 500 хүрсэн байх гэж бодож байна.

-Хамгийн сүүлд ямар ном уншсан бэ?

Б.Одмаа: Өвөөгийнхөө найз Л.Түдэв гуайн "Хорвоотой танилцсан түүх" номыг уншиж дуусгасан.

Д.Саран-Ирээдүй: Харин би Ана Франкийн өдрийн тэмдэглэлийг уншсан.

-Ер нь ямар төрлийн номонд дуртай вэ?

Б.Одмаа: Миний хувьд Монгол зохиолуудаа унших их дуртай. Тэр дундаас хамгийн дуртай ном бол өвөөгийн маань бичсэн ном зохиолууд байдаг. Өвөө маань ихэвчлэн уран, цэцэн цэлмэг үг болон зүйр үгийг их ашиглаж, орлуулж бичдэг хүн байсан. Мөн би шүлэг, яруу найргийн ном унших их дуртай.

Д.Саран-Ирээдүй: Мэдээж Монгол ном бол гоё. Ялангуяа жаахан эртний номнууд нь үгийн сан баялаг, утга найруулга өгүүлэмж гээд бүх зүйл нь төгс байдаг. Гэхдээ энэ төрлийн номнууд нь олдоц их муутай байдаг. Тиймээс би сүүлийн олдоц ихтэйгээр нь Англи, Орос хэлнээс орчуулсан бестселлер зохиолуудыг их уншиж байгаа.

-Нэг номыг уншихаар ойролцоогоор хэдий хэр хугацаанд уншиж дуусгаж байна. Жишээлбэл, Ана Франкийн өдрийн тэмдэглэл шиг зузаан номыг?

 Б.Одмаа: Би нэг ном эхлүүлчихээрээ хурдхан шиг л дуусгамаар санагддаг. Гэтэл зарим хүмүүс уншиж байгаад орхиод 2-3 хоногийн дараа дахиж уншаад, ингэж явсаар бараг сар гаруй уншдаг хүн байдаг юм байна лээ. Миний хувьд номын эхний хуудсыг нээсэн л бол шууд дуустал нь уншихыг хичээдэг. Яг Ана Франкийн өдрийн тэмдэглэл шиг зузаантай номыг бол 4-5 цагийн дотор уншина.

Д.Саран-Ирээдүй: Миний хувьд 4-5 цагийн дотор бол арай амжихгүй. Яг иймэрхүү зузаантай сонирхолтой зохиолыг нэг бүтэн өдөр уншаад л дуусгадаг.

-Хамгийн анх ямар ном уншиж байв. Ер яагаад номыг ингэж их шимтэж унших болов?

Б.Одмаа: Ном бол манай гэр бүлийн салшгүй нэг хэсэг. Өвөө маань  мундаг зохиолч хүн байсан болохоор би өвөөгөөрөө маш их бахархадаг. Тэр ч утгаараа өвөө шигээ хүн болохыг мөрөөдөж номтой ойрхон байхыг хичээдэг. Анх уншсан номын тухайд бол намайг сургуульд орохоос өмнө эмээ маань орой болгон үлгэр, домог, туульс уншиж, ярьж өгдөг байсан. Тэр л намайг анх номын амтанд оруулж, маш их дурлуулсан. Харин нэгдүгээр ангид ороод унших номоо өөрөө сонгож эхэлсэн. Харин эмээ маань уншсан ном болгоноор маань тэмдэглэл хөтлүүлдэг байсан. Үсгээ мэдэхгүй надад уншиж өгдөг байхдаа хүртэл юун тухай гарсныг нь зурж тэмдэглээрэй гээд л тэмдэглэл хөтлүүлдэг байсан. Бас бага ангийн багш маань маш их дэмждэг байсан.

Д.Саран-Ирээдүй: Миний хувьд мөн ялгаагүй багаасаа ном уншиж эхэлсэн учраас үлгэрийн номоор их уншдаг байсан. Өөрөөр хэлбэл, ээж, аав хоёрын маань орой ажлаасаа ирэх болгондоо барьж ирдэг байсан үлгэрийн номнууд намайг номын амтанд оруулсан. Харин олон ном уншихад хамгийн ихээр нөлөөлсөн хүн бол бага ангийн н.Нямжав багш маань байгаа. Багш минь бидэнд А үзэг заахаас гадна ном унших арга барил ухааныг заасан. Тэр ч утгаараа манай ангиас гурван хүүхэд Нацагдоржийн тэмдэгийн эзэн болсон. Би багшдаа маш их баярлаж явдаг.

-Номнууд бас хөөрхөн үнэтэй байдаг болохоор хүссэн номоо авч уншихад хүндрэлтэй байдаг байх. Яаж зохицуулж байна?

 Б.Одмаа, Д.Саран-Ирээдүй: Гэрийнхэн маань бид хоёрыг маш их дэмждэг болохоор төрсөн өдөр баяр ёслол болгоноор ном авч өгдөг. Одоо сүүлийн үеийн номнууд бас нилээн үнэтэй болчихсон болохоор хүссэн номоо авч чадахгүй үе олон байдаг. Гэхдээ, үнэхээр уншихыг хүссэн ном байвал номын сангууд болон найз нөхдөөсөө асууж сураглаж байгаад л олоод уншчихдаг.

-Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?

Б.Одмаа, Д.Саран-Ирээдүй: Бид хоёр зав чөлөө гарвал уулзаад л Нацагдоржийн номын сан руу явдаг. Багаасаа нэг ангид сурсан, сонирхол нэгтэй болохоороо бид хоёр ангиасаа хамгийн дотно байдаг. Бараг бүх зүйлээ хамт хийдэг, ихэнх зүйл дээр санаа нийлдэг.

-Ирээдүйд ямар мэргэжилтэй болохыг хүсдэг вэ?

Б.Одмаа, Д.Саран-Ирээдүй: Бид хоёр адилхан мөрөөдөлтэй. Эмч болохыг хүсдэг.

-Ном уншихын хамгийн том давуу тал нь юу вэ?

Б.Одмаа: Номноос хүн олон зүйлийг ухаарч, ойлгодог. Хүн бүрийн амьдрал өөр байдаг шүү дээ. Тэр бүгдийг зөвхөн туулж байж үзэх биш, номоос бас ойлгох боломжтой.  Мөн ном их уншсанаар бодол санаа цэгцэрч, маш гоё тайвшралыг мэдэрдэг. Дээрээс нь ухаан тэлж, ой тогтоолт болон нүдний хараа сайжирдаг гээд маш олон давуу талтай.

Д.Саран-Ирээдүй: Миний хэлж, ярьж байгааг “Яг том хүн шиг гээд” гайхах хүн олон байдаг. Энэ нь миний ном их уншсантай холбоотой байх. Ном уншихаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, юмыг арай өөрөөр харж, сэтгэдэг болдог юм.

-Үеийнхэндээ ном уншихыг уриалаад гоё зөвөлгөө өгөхгүй юу?

Б.Одмаа: Ном бол хүний харах мэлмий гэж ярьдаг. Тэр ч утгаараа ном их уншдаг хүүхэд асар өндөр үгийн баялагтай, аливаа асуудалд арай өөрөөр ханддаг болдог. Гэтэл манай үеийнхнээс тун цөөн нь ном хичээнгүй уншдаг нь тоогүй санагддаг. Тиймээс үеийнхэндээ хандаж ном уншихыг уриалмаар байна. Номын амтанд нэг орчих юм бол гарч чаддаггүй болохоор хамгийн эхлээд унших номнуудаа маш сайн бодож сонгох хэрэгтэй. Сонголтонд нь ээж аав нь нөлөөлөхгүй байх нь чухал. Учир нь хүүхэд өөрийнхөө уншихыг хүссэн номоо авч байж л дуустал нь уншдаг. Дуустал нь уншиж байж номын амтанд орж, дараагийн номыг унших сэдэл төрдөг.

Д.Саран-Ирээдүй: Миний хувьд үе тэнгийнхэн болон бяцхан дүү нартаа цахим ертөнцийг биш цаасан дээрх ертөнцийг тольдоод нэг үзээрэй гэж зөвлөмөөр байна. Хэрэв нэг амтанд нь орчихвол хэзээ ч салж чадахааргүй тийм гайхалтай ертөнц байдаг. Мөн ном уншихаар хүний тархи үнэхээр их хөгждөг. Тэр ч утгаараа миний өнөөдрийг хүртэл гаргасан бүх амжилт номтой холбоотой гэж боддог. 

Харин дараа нь бид ангийнхандаа нэгдүгээр ангиас нь эхлээд ном уншуулан, тэмдэглэл хөтлүүлж, ангиасаа гурван Нацагдорж тэмдэгтэн төрүүлсэн Д.Нямжав багштай уулзаж, хүүхдийнх нь талаар сэтгэгдлийг нь сонслоо.

-Манай анги 40 гаруй хүүхэдтэй байснаас хамгийн их ном унших сонирхолтой, идэвхитэй, санаачлагатай нь хүүхдүүд цөөнгүй байсан. Тэдний төлөөлөл нь Б.Одмаа, Д.Саран-Ирээдүй хоёр. Ангийнхандаа ч гэсэн их сайнаар нөлөөлсөн. Тэр ч утгаараа дөнгөж хоёдугаар ангид байхдаа 200-300 ном уншиж Нацагдорж тэмдэгээр шагнуулж байсан. Одоо ч гэсэн номоо уншаад, ангидаа сургуульдаа тэргүүлээд нэрээ гаргаж явааг нь харахад сайхан байдаг. Ном уншихын давуу талыг өөрсдийнхөө үг үйлдлээр баталж, нотолж яваа хоёр шавьдаа амжилт хүсье. 

Д.Саран-Ирээдүйгийн ээж Ч.Хишигдэлгэр: Уншсан номныхоо тоогоор охин минь өөрчлөгдөж байгаа

-Сургуульд ороод л зургаан настайгаасаа эхлээд номонд хорхойсч эхэлсэн. Тэрнээс хойш байсхийгээд ном авч өг гээд нэхдэг болсон. Ном нь аягүй үнэтэй болохоор тэр болгон авч өгөөд байж чаддаггүй ч аль болох л аваад өгчихсөн юмсан гэж хичээдэг. Яагаад гэхээр уншсан номныхоо тоогоор охин минь өөрчлөгдөж байгаа. Сэтгэхгүй, хэл яриа, үгийн баялаг, биеэ авч яваа байдал нь үеийнхэнээсээ хамаагүй илүү байдаг. Тиймээс болдогсон бол хүссэн ном болгоныг аваад өгчих юмсан гэж хүсдэг шдээ. Одоо ч гэсэн маргааш /өнөөдөр/ миний төрсөн өдөр болно ном авч өгөөрэй гээд л нэхээд зогсож байна. Авч өгнө дөө одоо /инээв/

Б.Одмаагийн эмээ Ж.Батсүх: Телевизийн доод талын урсдаг зарыг чангаар уншуулдаг байсан

-Би анх нэгдүгээр ангид орсноос нь эхлээд эмээ нь харахгүй байна. Эмээдээ уншаад өг гээд телевизийн доод талын урсдаг зарыг чангаар уншуулдаг байсан. Тэгээд манай охин маш хурдан уншиж сурсан. Уншиж сурснаас хойш жижиг үлгэрийн номнууд авч өгөөд уншуулж, тэмдэглэл хөтлүүлдэг болсон. Харин цэцэрлэгт байхад нь өөрөө уншиж өгөөд за тэмдэглэлээ хөтлөөрэй үйл явдлыг нь зураарай гэээд л зуруулдаг байсан. Ингэж охин минь анх номтой танилцаж байсныг тодхон санаж байна. Гэтэл өнөөдөр уншсан номынхон тоо 600-д хүрч хэвлэл мэдээллийн байгууллагад ярилцлага өгөөд сууж байгааг харахад сайхан байна.

Т.Гэрэл

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.