2024 оны 04 сарын 20
Чөлөөт цаг
Хятад, Хонконгийг холбосон 55 км урт гүүр нээгдлээ

Дэлхийн хамгийн урт гүүр өнөөдөр нээлтээ хийлээ.  Энэ талаар “www.theguardian.com” сайт мэдээллээ.

Хятадын эх газар болон Хонконгийг холбосон “Hong Kong-Zhuhai-Macau” гүүр нээлтээ хийлээ. 

Уг гүүр Хонконг-Макао-Гуандун мужийн Жухай хотыг холбож буй юм. Далай дээгүүр баригдсан уг гүүрийг бүтээн байгуулахад 20 тэрбум ам.долларыг зарцуулсан аж.  Мөн гүүрийг барихад есөн жилийг зориулсан ба 2016 оны намар нээлтээ хийхээр төлөвлөсөн боловч тодорхойгүй шалтгаанаар өнөөг хүрчээ. “Жухай хотноо болох нээлтийн ёслолд Ерөнхийлөгч Си Зиньпин болон өндөр албан тушаалтнууд оролцоно” гэж БНХАУ-ын Тээврийн яамнаас мэдээлэв.

Гурван хотыг холбосон дээрх гүүр БНХАУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Их Тэнгисийн булан” гэх төслийн ЭХЛЭЛ билээ. Төслөөр 56.500 км квадрат газар нутгийг хамарсан нийт 68 сая иргэн оршин суудаг Хонконг, Макао бүс нутгуудын 11 хотыг багтаасан бүтээн байгуулалтын нэгээхэн хэсэг юм.

Дэлхийн хамгийн урт гүүр ашиглалтад орсноор бүс нутгуудын хооронд 30  минутаас 3 цагийг зарцуулах боломжтой аж. “Энэ нь жуулчдыг татах, цаг хэмнэх, мөн дэлхийн хамгийн том бүтээн байгуулалттай танилцах боломжийг олгох болно” гэж Хонконгийн Тээврийн албаны мэргэжилтэн Фрэнк Чан Фан мэдэгдлээ. 

2016 онд Их Британи улсад 37.6 сая жуулчин бол Хонконгт 56.7 сая жуулчин ирсэн байна.  

Гүүрээс гадна нийт талбайн 6.7 км нь усан доорх туннель бол хоёр гарцад нь 100  мянган метр квадрат бүхий хиймэл арал бүтээн байгуулжээ. Гүүр ашиглалтад орсноор замын хөдөлгөөний ачаалал 25 хувиар буурах гэнэ. Энэ гүүрээр өдөрт 29 мянган тээврийн хэрэгсэл дамжин өнгөрөх боломжтой аж.

Тус гүүрээр зорчихын тулд заавал “тусгай зөвшөөрөл” авах ёстой. Автомашин болон бусад тээврийн хэрэгсэл зөвшөөрөлгүйгээр тус гүүрээр зорчвол өндөр торгууль ноогдуулахаар болжээ.

Гүүрээр зорчих автобусны тасалбар нэг талдаа 8-10 ам.доллар байхаар тогтоож, тусгай билет борлуулах автомат машинууд үйлчилгээнд гарчээ. Мөн 10 мянган ажлын байр бий болсон гэнэ.

Гүүр газар хөдлөлтийн 8.0 магнитудын хүчтэй чичирхийлэл, далайн шуурга болон байгалийн гэнэтийн үзэгдэлд тэсвэртэй аж. Мөн АНУ-ын Сан Франциско хотын “Голден Гэйт” гүүрээс 4.5 дахин БАТ БӨХ гэнэ. Учир нь гурван хотыг холбосон тус гүүрийг 400 мянган тонн цэвэр ганаар урлажээ. 

БНХАУ-ын хүчирхэг байдлыг илтгэж буй уг гүүрийг барих явцад долоон ажилтан амиа алдаж, 275 хүн бэртэж, зургаан хүн хөдөлмөрийн чадвараа алдсан гэнэ. Мөн есөн жил үргэлжилсэн бүтээн байгуулалтын үеэр далайн амьтад олноороо үхэж, байгаль орчин ихээр бохирдсон байна.

Үүний улмаар далайн гахайн тоо толгой жилээс жилд буурч, МӨХӨХ эрсдэлд орсон ажээ.

Бээжин “Гүүр ашиглалтад орсон даруй замын ачаалал мэдэгдэхүйц буурахаас гадна Хятадыг зорин ирж буй жуулчдын цагийг хэмнэх алтан боломжийг олгож байна” гэж мэдэгджээ.

Гүүр нээлтээ хийхээс урьтаж, Хонконг-Макао хоорондын чиглэлийн зорчигч тээврийн автобуснуудыг эхний ээлжинд усан онгоцны тусламжтай тус гүүрийг гатлуулж эхэлсэн байна.

Хонконг эртнээс Хятадын эх газраас зайгаа барих бодлого явуулах болсон ба туйлын зорилго нь бие даасан статустай болохоор зорьж буй юм. Гурван хотыг холбосон уг гүүр ашиглалтад орсноор Бээжин зам тээврийн тусламжтай Хонконг дахь хяналтаа улам чангатгах боломж бүрдээд байна. Хонконгийн олон мянган залуус хоёр жилийн шүхэрт хувьсгал зохион байгуулж, Бээжингийн хатуу бодлогыг эрс шүүмжилсэн юм.

"Уг гүүрийг барихад Хонконг ихээхэн хүчин чармайлт гаргасан ч бодит байдал дээр уг гүүр Хонконгт бус Бээжинд ихээхэн ач тусаа өгнө” гэж Хонконгийн хуульч Клаудиа Мо мэдэгдлээ.

 

Б.Дэлгэрцэцэг

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.