2024 оны 04 сарын 25
Чөлөөт цаг
Оросын хамгийн баян эмэгтэй Елена Батурина
Үл хөдлөх хөрөнгийн "Интеко" компанийн ерөнхийлөгч Елена Батурина “Forbes” сэтгүүлээс гаргасан Оросын хамгийн баян эмэгтэйчүүдийн жагсаалтыг тэргүүлжээ. Тус сэтгүүл Елена Батуринагийн хөрөнгийг 1,2 тэрбум ам.доллараар үнэлсэн байна.
 
Дээрх жагсаалтын хоёрдугаарт, 600 сая ам.доллараар үнэлэгдэх хөрөнгөтэй “Wildberries” хувцасны онлайн дэлгүүрийн ерөнхий захирал Татьяна Бакальчук оржээ. Жилийн өмнө жагсаалтын хоёрдугаарт хөл бөмбөгийн "Монако" клубын ерөнхийлөгч бөгөөд эзэн, тэрбумтан Дмитрий Рыболовлевын гэргий асан Елена Рыболовлева бичигдиж байв. Харин энэ жил Елена гуравдугаарт орсон байна. “Forbes” сэтгүүл түүний хөрөнгийг мөн л 600 сая ам.доллараар үнэлжээ.
 
Агаарын тээврийн "Сибирь" болон "Глобус" компанийн гол эзэмшигч Наталия Филева 600 сая ам.долларын хөрөнгөөрөө жагсаалтын дөрөвдүгээр бичигдсэн байна. Оросын хамгийн баян эмэгтэйчүүдийн жагсаалтын эхний тавд “Прогресс Капитал” компанийн захирлуудын зөвлөлийн гишүүн, “Лебедянский” үйлдвэрийн хувьцааг эзэмшиж байсан Ольга Белявцева оржээ. Тэрбээр 500 сая ам.доллараар үнэлэгдэх хөрөнгөтэй аж.
 
“Forbes” сэтгүүл өмнө нь Оросын хамгийн баян бизнес эрхлэгчдийн жил тутмын жагсаалтаа нийтэлсэн байна. Уг жагсаалтыг Новолипецкийн төмөрлөгийн үйлдвэрийн захирлуудын зөвлөлийн дарга Владимир Лисин 19,1 тэрбум ам.долларын хөрөнгөөрөө тэргүүлжээ. Удаах байрыг “Северсталь” нээлттэй хувьцаат нийгэмлэгийг эзэмшигч Алексей Мордашев 18,7 тэрбум ам.долларын хөрөнгөөрөө эзэлсэн байна. Гуравдугаарт, өнгөрсөн жилийн жагсаалтыг тэргүүлэгч "Новатэк" компанийн тэргүүн Леонид Михельсон бичигджээ. Түүний хөрөнгийг 18 тэрбум ам.доллараар үнэлсэн байна. Михельсон урьд нь хоёр жил дараалан 2016, 2017 онд жагсаалтыг тэргүүлж байжээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.