2024 оны 04 сарын 19
Мэдээ, мэдээлэл
Байгалийн баялгийн эсрэг гэмт хэрэг хэрэгсэхгүй болдог

Сүүлийн арван жилийн хугацаанд хүрээлэн буй байгаль орчны эсрэг 530 гэмт хэрэг бүртгэгджээ. Үүнээс 306 нь хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох болон нөхөн сэргээлт хийгээгүйтэй холбоотой байна.

Эдгээрээс 25-27 хувь нь гэмт хэрэг болох нь тогтоогдож шүүхэд шилжсэн бол харин 60 гаруй хувь нь хэрэгсэхгүй болсноос гадна  хэргийг хаасан байдаг аж. Энэ төрлийн хэргүүдийн ихэнх нь  хэрэгсэхгүй болж эсвэл хаагдаж байгааг судлаач  тайлбарлахдаа байгаль орчныг хамгаалах багц хуулийн  хэрэгжилт хангалтгүй. 

Өөрөөр хэлбэл, уул уурхайгаас үүдэлтэй  байгаль орчинд учирч буй хохирол, түүний шалтгаан нөхцлийг тогтоож буруутай этгээдэд хариуцлага тооцож хохирлыг арилгуулах үүргийг төрийн хяналтын байгууллагууд хангалтгүй хийж байгаатай холбоотой аж.

Түүнчлэн зөрчил гарсан анхны тоон  мэдээллийг Цагдаагийн газраас гаргаж өгдөггүй.

Зөвхөн цахим санд нь орсон албан ёсоор эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан гэмт хэргийн тоог нэгтгэж дээрх мэдээллийг гаргадаг. Мөн  энэ төрлийн хэргүүд хувийн нууцтай холбоотой байдгаас хэргийг нэг бүрчлэн үзэх боломжгүй юм байна.

Тиймээс судал­гааныхан  шүүхээс холбоотой бүх шийдвэрийг шаардсан ч нэг ч хариу өгөөгүй хойрго ханджээ. Прокурорын цахим сан дахь тоон мэдээлэл Цагдаагийн газрын мэдээтэй зөрсөн зэргээс харвал мэдээллийн нэгдсэн байдал алдагдсан гэж харагдахаар байгааг судлаачид тайлбарлав.

Байгаль орчны эсрэг гэмт хэргийн судалгааг төрөлжүүлэх, зөрчил гарсан анхны мэдээллийн эрх зүйн орчныг сайжруулах хэрэгтэйг судлаач, хуульч Б.Мөнхтогтох ярьж байна. Хууль хяналтын байгууллагууд гэмт хэргийн мэдээллийн нэгдсэн тулгалт хийдэг  системгүйгээс байгалийн баялгийн эсрэг гэмт хэрэг илрэхгүй байх нуун дарагдуулах, хэрэгсэхгүй болгох нөхцлийг бүрдүүлж байгаа аж.

Гэмт хэргийн мэдээллийн  араас хөөцөлдөж нэлээдгүй бэрхшээлтэй тулгарч байж хийсэн тухай судалгааны багийнхан ярьж байв. Харин олж авсан тоон мэдээллийг судалж  танилцах  боломж өгдөггүй. Албан бичгээр ханд гэдэг.

Хандахаар албан бичиг гаргаж өгөх боломжгүй гэх зэргээр хүнд сурталтай тулгарчээ.

Эндээс судалгаа хийхэд эрх зүйн орчин болон шүүх, цагдаа, хууль хяналтын байгууллагад хүндрэлтэй.Тиймээс судалгааг төрөлжүүлж, тогтмолжуулах,  мэдээллийн санд хуулиар оруулж байх шаардлагатайг тэд онцлов.

Өөрөөр хэлбэл, Цагдаагийн байгууллагад хууль бус олборлолтын зөрчил мэдээллийг тогтмол гаргаж олон нийтэд мэдээлж байхыг судлаачид болоод олон нийтийн зүгээс сануулсан юм.

Уг судалгааг  “Байгалийн нөөцийн тогтвортой удирдлагыг хангах байгаль орчны засаглал” төслийн хүрээнд хийж иргэний нийгмийн байгууллага, хуульчид, судлаачид, салбарын мэргэжилт­нүүдийн  дунд хэлэлцүүлсэн юм.

Дашрамд дурдахад 2016 онд уул уурхайн зориулалтаар 27068 га талбай эвдэрснээс 11375 га-д буюу 42.2 хувьд нь техникийн нөхөн сэргээлт, 7425 га буюу 27.4 хувьд биологийн нөхөн сэргээлт хийсэн байна. Харин уурхайн үйл ажиллагаанаас эвдэрсэн 8.268 га талбайд нөхөн сэргээлт хийгээгүй ажээ.

Зууны мэдээ

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.