2024 оны 04 сарын 20
Шинэ мэдээ
Японы шинэ эриний нэрийг дөрөвдүгээр сард зарлана

Японы эзэн хаан Акихито хаан ширээнээс буухаас нэг сарын өмнө буюу ирэх дөрөвдүгээр сарын 1-нд шинэ эриний нэрийг зарлана гэж Японы Ерөнхий сайд Шинзо Абэ шинэ оны хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.

Японоор “гэнкё” буюу “эриний нэр”-ийг ирэх дөрөвдүгээр сарын 1-нд болох Засгийн газрын хуралдаанаар батлах бөгөөд үүний дараа тавдугаар сарын 1-нд угсаа залгамжилсан хунтайж Нарухито-г хаан ширээнд залгамжлах юм.

Ард иргэдийн амьдрал ахуйд нөлөөлөх нөлөөллийг бууруулах үүднээс шинэ эриний нэрийг урьдчилан зарлахаар төлөвлөсөн гэж Шинзо Абэ мэдэгдсэн байна.

Мөн тэрбээр, “хаан ширээг залгамжлах ёслолыг түүхэн хэмжээнд зохион байгуулахаар бэлтгэж байгаа. Ингэснээр хүн бүр энэхүү арга хэмжээг хамт тэмдэглэх боломжтой болно” гэж нэмж хэлсэн юм.

Өдгөө 85 настай эзэн хаан Акихито 2016 оны наймдугаар сард үндэсний телевизээр дамжуулан мэдэгдэл хийхдээ, нас, эрүүл мэнд зэрэг шалтгааны улмаас албан ёсны үйл хэргээ үргэлжлүүлэх боломжгүй гэдэгт санаа зовниж буйгаа дурдаад, хаан ширээнээс буух хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн билээ.

Сүүлийн 200 жилийн хугацаанд Японд амьд ахуйдаа хаан ширээнээс татгалзаж байсан тохиолдол гарч байгаагүй ажээ.

Одоогийн эзэн хааны эринийг “Хэйсэй” хэмээн нэрлэдэг. Энэ эрин эзэн хаан Шоова-г нас барсны дараа буюу 1989 оны нэгдүгээр сарын 8-нд эхэлж байсан юм.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.