2024 оны 04 сарын 18
Шинэ мэдээ
Помпео, Лавров нар Венесуэлийн талаар утсаар ярьжээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар Венесуэл дэх нөхцөл байдлын талаар утсаар ярьсан байна. Энэ тухай АНУ-ын Төрийн департамент даваа гарагт мэдээлжээ. 

М.Помпео ОХУ-ын Гадаад хэргийн сайдад хандан хэлэхдээ, Венесуэл дэх хурцадмал байдлыг ОХУ улам өдөөж байгааг АНУ болон бусад улс орнууд цаашид тэвчихгүй гэжээ. Мөн тэрбээр, ОХУ-ын цэргүүд Венесуэлд байрлаж байгаа нь тус улсын ард түмний зовлон шаналалыг улам даамжруулах эрсдэлтэй гэдгийг онцолжээ.

Харин С.Лавров Гадаад хэргийн яамны мэдэгдлийг иш татан,  “Венесуэлд төрийн эргэлт зохион байгуулах Вашингтоны оролдлого болон хууль ёсны Засгийн газрын эсрэг аюул занал учруулж буй нь НҮБ-ын дүрмийг зөрчиж, тусгаар улсын дотоод хэрэгт илт хөндлөнгөөс оролцож байгаа хэрэг юм” гэж хэлсэн байна.

ОХУ-ын агаарын цэргийн хүчний хоёр нисэх онгоц гуравдугаар сарын 23-нд Венесуэлд газардсан юм. Эдгээр онгоцонд Оросын батлан хамгаалах яамны төлөөлөгчид болон 100 орчим цэрэг сууж иржээ.

АНУ Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдог дэмжиж, тус улсын Засгийн газрын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авсаар байгаа юм.

Венесуэлийн хууль ёсны засаг захиргааны эсрэг Вашингтон аюул занал учруулж буйг Москва буруушааж, Венесуэлийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож, олон улсын хууль тогтоомжийг зөрчиж байна хэмээн үзэж байгаа ажээ.

Николас Мадуро ерөнхийлөгчийн тангараг өргөж, түүний бүрэн эрхийн хоёр дахь хугацаа эхэлснээс хэдхэн хоногийн дараа буюу өнгөрсөн нэгдүгээр сарын 23-нд Дональд Трампын засаг захиргаа Х.Гуайдог Венесуэлийн түр Ерөнхийлөгч хэмээн хүлээн зөвшөөрсөн билээ.

Үүний хариуд Н.Мадуро АНУ-тай дипломат болон улс төрийн харилцаагаа тасалж буйгаа мэдэгдсэн юм. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.