2024 оны 04 сарын 19
Мэдээ, мэдээлэл
Ипотекийн зээлийн шинэ "хариуцагч"-ийн эрэлд

ОУВС-гаас ипотекийн зээлийг Төв банкнаас 2018 онд бүрэн салгах үүрэг өгсөн. Гэсэн ч санхүүжүүлэх эх үүсвэр, хариуцах эзэн нь тодорхойгүй явснаар үүргийг биелүүлээгүй тул хугацааг сунган 2020 болгоод буй.  Тус сангаас ипотекийн зээлийг Төв банк санхүүжүүлж болохгүй шалтгааныг “Төв банк зөвхөн үнийн тогтвортой байдлыг хангах үндсэн үүрэг хүлээдэг. Санхүүгийн тогтвортой байдлыг өөр агентлаг хариуцах ёстой. Гэтэл Монголбанк үнийн хийгээд санхүүгийн тогтвортой байдлыг зэрэг хангах үүрэг хүлээсэн нь ачааллыг нэмэгдүүлж, зорилтоо биелүүлэхэд саад болж байна. Мөн өөрсдийн үүрэг чиглэлдээ хамаагүй ажлыг даан авах нь үндсэн үүрэгт нь харшилж байгаа. Тиймээс хуулиар зохицуулсан ажлаа л хий” гэдэг шаардлагыг тавьсан юм. Түүнчлэн ипотекийн зээл олгосноор барилгын салбар идэвхжиж, барилгын материалын импорт тэр хэрээр нэмэгдэж, дагаад валютын урсгал гадагшаа чиглэж, төгрөгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж эхэлсэн. Энэ нь Монголбанкны төгрөгийн тогтвортой байдлыг хангах үндсэн үүргээс эсрэг чиглэсэн хэрэг. Ингэхээр зорилгын эсрэг ажлаа хийх нь өөрөө гажуудал. Мөн ипотекийн зээл бол дундаж давхаргынхны амьжиргааг дээшлүүлэх зорилготой. Энэ нь хуулиараа Сангийн яамны хариуцах ажил гэдгийг тодотгосон. Тиймээс Төв банк ипотекийн зээлээс хол байх хэрэгтэй болсон юм. Харин хариуцах эзэн олдохгүй байгаа нь үүргээ биелүүлэх хугацааг сунгасан шалтгаан болсон байдаг. Сангийн яам хариуцах гэхээр төсвийн асуудал хөндөгддөг. Арилжааны банкууд болохоор хадгаламж, зээлийн хүүгийн харьцаа зөрүүтэйгээс үүдэн татаас нэхдэг. Түүнийг нь Сангийн яам гаргаж чадахгүй гэдэг хариу өгсөн.

Угаасаа ч хадгаламжийн хүү нь 12 байтал найман хувийн хүүтэй зээл гаргахаар дөрвөн хувийн хүүгийн зөрүүний алдагдлаа банкууд нэхнэ. Английн ипотекийн зээл гурван хувийн хүүтэй. Засгийн газар нь банкууд руугаа эх үүсвэр өгснөөр банкууд зээл олгодог жишиг бий. Харин манай төсөв ингэж олгох боломжгүй. Тиймээс ч энэ жил ипотекийн зээлийн санхүүжилтэд төсвөөс 115 тэрбум төгрөг баталсан. Энэ нь чухамдаа зээлийн эргэн төлөлтийн үндсэн төлбөр юм. Хүүг оруулаагүй дүн. Учир нь мөн л ОУВС-гаас зээлийн эргэн төлөлтөөс санхүүжихдээ хүүг хасаж үндсэн төлөлтөөр санхүүжүүл гэдэг “даалгавар” өгсөн. Тэрхүү үндсэн өртэй хэсэг нь 110 гаруй тэрбум тул үүнтэй дүйцүүлж баталсан төсөв юм. Өнгөрсөн онд 320 гаруй тэрбум төгрөгийн ипотекийн зээл гарсан. Түүний 120 нь Сангийн яам, 210 нь Монголбанкны санхүүжилт. Энэ бол анх зээл гарч байсан дүнгээс хоёр дахин бага тоо. Тиймээс зээл олгохгүй байгаа гэх яриа олон нийтийн дунд бий.

Ипотекийн зээлийн санхүүжүүлэх гарц хийгээд шинэ “хариуцагч”-ийг хайх ажил одоо ч үргэлжилж байгаа. Гарцаа хайж МИК хүртэл 9.5 хувийн хүүтэй бонд босгосон. Үүнээс санхүүжүүлэх гэтэл мөн л нэг хувийн зөрүү байгаа. Гэхдээ л найман хувьд дөхөж очсон байна. Дараагийн дөхөх боломж нь Засгийн газраас гарч буй 115 тэрбум төгрөг банкуудад дөрвөн хувийн хүүтэй очдог. Банк түүн дээр дөрвөн хувь нэмээд найман хувийн зээл иргэдэд олгодог. Тэгвэл энэ дөрвөн хувийг банкуудад нэг хувиар олгоод, Засгийн газар банкуудад “Бид хүүгээ нэг хувь болгосон. Та нар 11 хувьтай олж ирсэн эх үүсвэрээ найман хувиар олгооч” гэдэг саналыг тавьжээ. Ипотекийн зээлийн шинэ “хариуцагч”-ийг олох ажил энгийнээр тайлбарлавал ердөө энэ.

Eagle.mn

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.