2024 оны 04 сарын 20
Чөлөөт цаг
Ким Жөн Ун "өвөөгийнхөө байшинд" зочилжээ

БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ун Приморийн хязгаарын төмөр замын буудалд лхагва гарагийн өглөө ирсэн байна. Тэрбээр Орос-Солонгосын Найрамдлын ордон буюу “Ким Ир Сений байшин”-д зочлохоор саатсан тухай Хасан өртөөний ажилтан ТАСС агентлагт мэдээллээ.

“Ким Жөн Уныг үндэсний хувцсаараа гоёсон бүсгүйчүүд орос заншлаар талх, давс барин, угтан авсан. Тэрбээр Ким Ир Сений байшинд зочилсон” гэж өртөөний ажилтан мэдээлжээ.

Хасан дүүргийн Думын депутат Наталья Карповагийн мэдээлснээр, өртөөн дээр БНАСАУ-ын удирдагчийг Алс Дорнод болон Арктикийн асуудал эрхэлсэн ОХУ-ын сайд Александр Козлов, Приморийн хязгаар дахь БНАСАУ-ын Ерөнхий консул Зо Сек Чор нар угтан авсан байна.

“Ким Ир Сений байшин” гэж нэрлэдэг модон байшинг 1986 онд ОХУ болон БНАСАУ-ын хилийн бүсэд “Хасан” хилийн боомтын ойролцоо барьжээ. Уг байшинг Умард Солонгосын удирдагч Ким Ир Сен ЗХУ-д хүрэлцэн ирж буйд хүндэтгэл үзүүлэн барьсан аж. Ким Ир Сен мөн галт тэргээр айлчилж байсан юм. Түүний замд унтлагын, ариун цэврийн, зочны болон гал тогооны өрөө бүхий унтаж, амарч болох хэд хэдэн ийм жижиг байшинг барьжээ. Ким Жөн Ир ОХУ-д айлчлах үеэрээ эдгээр байшинд зочилж байсан байна.

Байшинд жижиг музей байгуулсан боловч 2015 оны 11 дүгээр сарын 12-нд түймэрт бүрэн сүйдэж, жилийн дараа гэхэд сэргээн засжээ.

БНАСАУ-ын удирдагчийн галт тэрэг Хасан өртөөнөөс хөдөлсөн байна. Галт тэрэг “Цоохор ирвэсийн нутаг” үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дагуух төмөр замын шугамаар Приморийн хязгаарын өмнөд нутагт оршдог томоохон хот болох Уссурийскийн өртөө рүү явна. Хасанаас Уссурийск хүртэл 260 км зайтай бөгөөд галт тэрэг дунджаар долоон цагийн дотор туулна. Галт тэрэг Уссурийск өртөөн дээр ирснийхээ дараа Транссибирийн төмөр замын салаагаар Владивостокт очно. Энэ хэсэг 70 гаруй км бөгөөд Ким Жөн Уны галт тэрэг ойролцоогоор хоёр цаг явах аж.

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.