2024 оны 04 сарын 24
Шинэ мэдээ
С-400-г худалдан авахаас татгалзахад хоёр долоо хоногийн хугацаа өгчээ

ОХУ-ын зенитийн пуужингийн С-400 системийн оронд Америкийн бөмбөгдөгч-сөнөөгч F-35 нисэх онгоцыг худалдан авах асуудлыг Туркийн эрх баригчид хоёр долоо хоногийн хугацаанд эцэслэн шийдэх ёстой. Эс бөгөөс Вашингтон хамгийн сөрөг үр дагавар дагуулах хариу арга хэмжээ авна гэж Америкийн телевизийн “CNBC” суваг Төрийн департамент дахь эх сурвалжуудын мэдээллээс иш татан мягмар гарагт мэдээлжээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр, зенитийн пуужингийн системийг /ЗПС/ худалдан авах гэрээг зургадугаар сарын эхний долоо хоногийн сүүлээр цуцлахыг Вашингтон Анкарагаас шаардаж байгаа аж. АНУ-ын эрх баригчдын энэ санал эцсийнх бөгөөд хугацааг хойшлуулахгүй гэж эх сурвалжууд цохон тэмдэглэсэн байна.

Эх сурвалжуудын нэгийнх нь хэлснээр, хэрэв Оросын ЗПС-ийг худалдан авах үйл явцыг эцэслэвэл Анкара сөрөг бөгөөд бодит үр дагавартай тулгарна. Туркт тулгарч болзошгүй ийм үр дагаврууд бол F-35 хөтөлбөрөөс хасагдах, захиалсан боловч нийлүүлээгүй байгаа 100 сөнөөгч онгоцны зардлыг нөхөн төлөх, Америкийн хориг арга хэмжээ болон НАТО-гийн шугамаар ногдуулах шийтгэл юм.

Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган, ОХУ-ын Холбооны Зөвлөлийн дарга Валентина Матвиенко нар өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Истанбул хотод уулзжээ. Матвиенкогийн мэдээлснээр, хэдийгээр асар их дарамт шахалт үзүүлж байгаа боловч Анкара ОХУ-аас зенитийн пуужингийн С-400 системийг худалдан авах гэрээг биелүүлнэ гэдгийг Туркийн удирдагч батлан хэлсэн байна.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.