2024 оны 04 сарын 26
Мэдээ, мэдээлэл
Сайжруулсан түлш борлуулах цэгийг нэмэгдүүлж өгөхийг хүслээ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор төлөөлөгчид сонгогдсон тойргийнхоо иргэдтэй уулзаж, ажлаа тайлагнахын зэрэгцээ, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийж гүйцэтгэх ажлын санал авах, нийслэлийн ИТХ-аас гаргасан бодлого шийдвэрийг иргэдэд сурталчлах ажил хийж эхлээд сар гаруйн хугацаа өнгөрч байгаа. Мөн төр засгаас хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэр амьдралд хэр нийцтэй байгаа, ард иргэдийн амьдрал ахуйд яаж нөлөөлж байгааг иргэдийн амнаас сонсож, санал хүсэлтийг хүлээн авахаар ажиллаж байгаа юм. Тэгвэл өнгөрсөн бямба гарагт нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч М.Эрдэнэтуяагийн иргэдтэй хийх уулзалт Чингэлтэй дүүргийн XIII, XIV, XV хороодод болж өнгөрлөө. Төлөөлөгч М.Эрдэнэтуяагийн уулзалтад нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төсөл хөтөлбөр хяналт зохицуулалтын хэлтсийн дарга Б.Пүрэвжав, Боловсролын газрын орлогч дарга Л.Дашдэмбэрэл, Агаарын бохирдолтой тэмцэх газрын хэлтсийн дарга Х.Галымбек, нийгмийн халамжийн газрын дэд дарга н.Отгонжаргал, Эрүүл мэндийн газрын хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр болон нийслэлийн Газрын албаны хороо хариуцсан газар зохион байгуулагчид, хороодын Засаг дарга, албан хаагчид оролцсон юм.

Дүүргийн XIV хорооны иргэдтэй хийх уулзалт хорооны иргэний танхимд боллоо. Иргэд төлөөлөгчийнхөө уулзалтад ач холбогдол өгсөн нь танхим дүүрэн цугларснаас харагдаж байв. Уулзалтын эхэнд төлөөлөгч М.Эрдэнэтуяа ажлаа тайлагнаж, нийслэлийн ИТХ-аас гарсан бодлого шийдвэрийг танилцуулж, өнгөрсөн хугацаанд хийгдсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудаа тайлагналаа. Мөн Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Чингэлтэй дүүрэгт сайжруулсан түлш борлуулах цэгүүд хаана хаана байрлаж байгаа, ямар уут савалгаатай борлуулж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлсэн юм. Мөн "Таван толгой түлш" компанийн түлшнээс гадна хувь хүмүүс шаталж, илч муутай, чанаргүй сайжруулсан түлш үйлдвэрлэж борлуулж байгаа учраас сайн үзэж харж авахыг анхааруулсан юм. Таван толгой нүүрс ХХК-ийн түлш чанар, стандартын шаардлага хангасан, 25 кг сав баглаатай, "Таван тойлгой түлш" компанийн логотой, шар бичигтэй, улаан шуудайнд савлаж, Гялгар зах, Нарантуул-2 худалдааны төвд борлуулж байгааг хэлсэн. Мөн сайжруулсан түлштэй холбоотой мэдээ мэдээлэл, санал гомдлоо 70119410, 70046009 гэсэн дугааруудад өгч болохыг дуулгасан юм.

Ингээд иргэдийн зүгээс асуултаа асуусан бөгөөд дийлэнх нь сайжруулсан түлшний чанар, хүртээмжийн талаар асууж байлаа. Сайжруулсан түлш борлуулж эхлээд багагүй хугацаа өнгөрсөн учраас тус хорооны айл өрхүүдийн ихэнх нь сайжруулсан түлшийг авч хэрэглэж үзжээ. Гэвч төлөөлөгч М.Эрдэнэтуяагийн танилцуулсан сав баглаа боодлоос өөр, түлэхэд шаталт муу,шатахуун, тос үнэртсэн маш муу түлш зарж байгааг хэлсэн. Багануурын нүүрснээс ч их тортогтой байна гэсэн юм. Мөн нүүрсийг бодвол маш их мод хэрэглэх шаардлага гарч байгаа бөгөөд нүүрс түлж байхдаа цогон дээр нь нүүрсээ хийгээд ноцоодог байсан бол одоо заавал мод асааж, сайжруулсан түлшээ асааж байгаа, энэ нь иргэдэд зардал ихтэй, алдагдалтай байгааг иргэд хэлсэн юм. Мөн Чингэлтэй дүүрэгт сайжруулсан түлш борлуулах цэг хоёрхон байгааг шүүмжилж байлаа. Иргэд 10-аад километрийн цаанаас сайжруулсан түлш авах болоод байгаа учраас түлш борлуулах цэгийг дариухан нэмэгдүүлж, иргэд, айл өрхүүдэд ойртуулж өгөхийг хүссэн юм.

Үүнд Төлөөлөгч М.Эрдэнэтуяа “Та бүхэн сайжруулсан түлшээ авахдаа сав баглаа боодлыг нь сайн харж аваарай. "Гялгар", "Нарантуул-2" захуудад Таван толгой нүүрс ХХК-ийн танилцуулга бүхий албан ёсны таних тэмдэг, мэдээллийн самбартай түгээх цэгээс аваарай” хэмээн анхааруулсан юм.

Иргэдийн санал асуулт үргэлжилж иргэд цахилгааны хөнгөлөлт, эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмж, эмч, эмнэлгийн ажилтнуудын хүнд суртал, өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай холбоотой санал гомдол зэрэг олон асуудлыг хөндсөн. Тус хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч байнга солигддог нь иргэдэд хүндрэл учруулж байгааг хэлсэн бол дүүргийн Эрүүл мэндийн төв ажлын хуваарилалт муу, иргэдийг олон дахин явуулж, чирэгдэл учруулдаг, өвчний оношийг таамгаар тавьж, ёс зүйгүй авирладаг алдаа дутагдал их байгааг анхаарч өгөхийг хүссэн юм. Мөн дунд насны хүмүүс эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авч чадахгүй, хаягдаж байгааг хэлсэн бол ахмадууд эмнэлгийн орны хүрэлцээ муу, эмнэлэгт хэвтэхэд цөөн хоног болгоод гаргачихдаг гэсэн гомдлыг хүргэлээ.

Түүнчлэн эрүүл мэндийн даатгал төлж байгаа хэрнээ улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилдэг, хувийн эмнэлгүүд рүү бичиг цохож явуулдаг гэсэн гомдлыг цөөнгүй хүн хэлсэн юм.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.