2024 оны 04 сарын 25
Шинэ мэдээ
Энэтхэгийн эмч нар ажил хаяжээ

Энэтхэгийн эмч нарын гол холбоодын нэг болох Энэтхэгийн эмнэлгийн холбоо /IMA/ эмч нарын аюулгүй байдлыг хангахыг шаардан 24 цагийн ажил хаялт зарлажээ. “Financial Express” сонинд мэдээлснээр, зөвхөн Махараштра мужид гэхэд 4500 эмч ажил хаялтад нэгдэхээ мэдэгдсэн байна.

Даваа гарагт зөвхөн түргэн тусламжийн үйлчилгээ болон осол гарсан тохиолдолд тусламж үзүүлэхийг “IMA”-ийн гишүүд эмч нарт уриалжээ.

Энэтхэгийн эмч нар тус улсын Баруун Бенгали мужийн засаг захиргааны төв болох Калькутта хотын нэгэн эмнэлгийн эмч нартай сэтгэл санаагаар хамт гэдгээ харуулах зорилгоор ажил хаяж байгаа аж. Тус эмнэлэгт нас барсан өндөр настай өвчтний ар гэрийнхэн эмч нарыг зодсон хэрэг долоо хоногийн өмнө гарчээ. Ийм халдлага нэг бус удаа гарч байгаа бөгөөд эрх баригчид улсын эмнэлгүүдийн аюулгүй байдлыг хангах хүсэлтийг үл тоомсорлож, өөрсдийг нь хамгаалахаас татгалзаж байна гэж эмч нар мэдэгдсэн байна.

Баруун Бенгали мужийн 300 орчим эмч эрх баригчид дорвитой арга хэмжээ авахгүй байгааг эсэргүүцэж буйгаа илэрхийлэн огцрох хүсэлтээ өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт өгчээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.