2024 оны 04 сарын 19
Шинэ мэдээ
Эзэнт гүрний үед тавьж байсан өрөө төлөхийг шаардах бодолтой байна

Хятад улсад хаант засаглал тогтож байх үед бонд гаргах замаар тавьсан өрөө төлөхийг Хятадын эрх баригчдаас шаардах боломжийг АНУ-ын Засаг захиргаа судалж байна.  

Bloomberg” агентлагийн мэдээлснээр, Хятад улсад хаант засаглал тогтож байх үеийн хугацаа нь дууссан бондын хэдэн мянган эзэмшигч АНУ-д амьдардаг бөгөөд БНХАУ тунхаглагдсаны дараа шинэ эрх баригчид эдгээр өрийг төлөхөөс татгалзжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Сангийн сайд Стивен Мнучин, Худалдааны сайд Уилбур Росс нар зарим бонд эзэмшигчтэй уулзсан байна. Хятад улсад хаант засаглал тогтож байх үеийн өрийг нэхэх санааг Америк, Хятадын худалдааны маргааны гол сэдвүүдийн нэг болгон ашиглаж болохыг эдгээр үнэт цаас эзэмшигчид уулзалтынхаа үеэр санал болгожээ. 

Хятад улсын төлөх ёстой өрийн хэмжээ Бонд эзэмшигчдийн санг үүсгэн байгуулагчийн тооцоолсноор 1 их наяд ам.доллар аж.   

АНУ-ын Сангийн яамны эх сурвалжийн мэдээлснээр, Хятадын бондын асуудлыг судалсан хэдий ч бонд эзэмшигчдийн тавьсан санал тэр дундаа АНУ-ын Засгийн газар эдгээр үнэт цаасыг худалдах асуудлаар цаашид Хятад улстай учраа олох нь бараг л боломжгүй аж.

АНУ-ын Худалдааны яамны төлөөлөгчид энэ талаарх мэдээлэлд тайлбар өгөхөөс татгалзжээ. Харин Хятадын эрх баригчид АНУ-ын Засаг захиргаанд тавьсан энэхүү саналын талаар мэдэж байгаа хэдий ч хуучин өр төлбөрийг нэхэх шаардлагагүй гэж үзэж байгаа аж. 

Ирэх сарын 1-нээс Хятадын 300 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд 10 хувийн шинэ татвар ногдуулна гэдгээ Д.Трамп 8 дугаар сарын 1-нд мэдэгдсэн юм. Америкийн хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүний худалдан авалтын хэмжээг нэмэгдүүлнэ гэсэн амлалтаа Хятадын эрх баригчид биелүүлээгүйтэй холбоотойгоор ийм шийдвэр гаргаснаа тэрбээр мэдэгдсэн юм. Хариуд нь Хятад улс АНУ-аас оруулж буй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний импортыг түр хугацаанд зогсоож, тус бараа бүтээгдэхүүнд ногдуулсан татварыг нэмэгдүүлэх боломжийг үгүйсгээгүй юм.

АНУ-ын авсан алхмын хариуд 9 дүгээр сарын 1-нээс болон 12 дугаар сарын 15-наас тус улсын 75 тэрбум ам.долларын импортын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан татварыг 10 болон 5 хувиар нэмэгдүүлнэ гэдгээ Хятад улс энэ сарын 23-нд мэдэгджээ. Үүний дараа Д.Трамп импортын татварыг 10-аас 15 хүртэлх хувиар нэмэгдүүлэхээ мэдэгдсэн байна. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.