2024 оны 04 сарын 19
Мэдээ, мэдээлэл
ЗҮҮН БОЛОН ГОВИЙН БҮСИЙН БАНКНЫ УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Монголбанкнаас санаачлан гурав дахь жилдээ зохион байгуулж буй Банкны ажилтны удирдах ажилтаны зөвлөгөөнийг Дорноговь аймгийн Сайншанд хотод энэ сарын 5-6-ны өдөр зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд Монголбанк болон Монголбанкны орон нутаг дахь салбар, хэлтэс, Хадгаламжийн даатгалын корпораци, Зээлийн батлан даалтын сан болон ХХБ, ХААН, Голомт, Хас, Төрийн банк зэрэг байгууллагууд оролцов. Энэ удаагийн Зүүн болон Говийн бүсийн банкны удирдах ажилтны зөвлөгөөнд Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан оролцож, зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ мөнгөний бодлогын хэрэгжилтэд банкуудын үүрэг оролцоо өндөр болохыг цохон тэмдэглэхийн хамт, улсын эдийн засгийн өсөлтийг хадгалах, ОУВС -ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх төдийгүй, улсын гадаад өр төлбөрийг барагдуулах хугацаа ойртож буй амаргүй жилүүдийн сорилтыг даван туулахад бэлтгэлтэй байхыг  тодотголоо.

120 гаруй төлөөлөгчдөөс бүрдсэн уг бүсийн зөвлөгөөний үеэр “Дорноговь аймгийн нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал”, “Эдийн засгийн төлөв ба Мөнгөний бодлого”, “Финтек”, “Төв банкны санхүүгийн болон үйл ажиллагааны эрсдэлийн удирдлага” сэдэвт илтгэлийг Монголбанкнаас тавьж, Хадгаламжийн даатгалын корпораци, Зээлийн батлан даалтын сан зэрэг байгууллагаас өөрсдийн үйл ажиллагааны талаар танилцуулсан юм.

Тус зөвлөгөөний үр дүнд банк, санхүүгийн байгууллагуудын хамтын  ажиллагаа нягт холбогдож, санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг ханган ажиллах бодлогын уялдаа сайжирч буй үр дүнг үзүүлж буйг оролцогчид онцолж байлаа. Энэхүү  зөвлөгөөнийг Монголбанкнаас жил бүр уламжлал болгон бүс нутгийн хэмжээнд зохион байгуулж байх юм.

 

Эх сурвалж: Mongolbank.mn

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.