2024 оны 04 сарын 25
Мэдээ, мэдээлэл
Хөршүүд хэрхэн өөрчлөгдөв?
Улс төрийн шинжлэх ухаанд ардчиллын давалгаа гэх ойлголт бий. Дэлхийн улс орнууд ардчилсан тогтолцоонд шилжиж, ардчилал хүч түрж буй тухай ойлголт аж. Зарим судлаач, эрдэмтэд ардчиллын анхны давалгаа XIX зуунд, удаах нь Дэлхийн II дайны дараа, гурав дахь нь 1970-аад онд Өмнөд Европ, Латин Америк, Азид түржээ. 1989-1991 онд өрнөсөн асар том өөрчлөлтийг ч гурав дахь давалгаанд хамруулах нь бий. Үнэхээр 1990-ээд оны эхээр дэлхийн улс төрийн газрын зураг маш их өөрчлөгдсөн. Варшавын Гэрээний байгууллага хэмээх Хүйтэн дайны үеийн бүтэц 1991 оны долдугаар сард татан буугдав. Зөвлөлт Холбоот Улс хэмээх аварга том гүрэн нь мөн оны арванхоёрдугаар сард нуран унав. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ЗХУ-ын задралыг XX зууны геополитикийн хамгийн том гамшиг гэж тодорхойлсон. Саяхан Зөвлөлтийн сүүлчийн удирдагч Михаил Горбачёв хэрвээ тэр үед миний эхлүүлсэн өөрчлөлт шинэтгэлийг үргэлжлүүлсэн бол Зөвлөлт Холбоот Улсыг хэвээр нь хадгалах боломжтой байсан гэж ярина билээ. 1992 онд Югославын Холбоо задрав. Энэ үеэр Орос, Хятадын дунд орших далайд гарцгүй Монгол Улс шинэ тогтолцоог сонгосон.
Монголын ардчилсан хувьсгалын 30 жилийн ой ирэх онд тохионо. 30 жилийн хугацаанд Зөвлөлтийн хиймэл дагуул, Орос-Хятадын жийргэвч, ашигт малтмалын арвин нөөцтэй, магадгүй авлигад идэгдсэн гэх тодорхойлолтыг Монгол Улсад зүүж байх шиг. Шилжилтийн гэж ярихаа больсноос үзэхэд капитализмд шилжээд дуусчихсан бололтой юм билээ. Монгол үндэстэн туулдаг замаа л туулдаг юм байж. Тэгвэл хоёр том хөрш маань 30 жил ямар замыг туулав. Хөршүүдийн олон улсын тавцан дахь байр суурь хэрхэн өөрчлөгдөв? 1990-ээд оны эхээр Барууны судлаачдын бичиж байсан шиг АНУ хэмээх цорын ганц супер гүрэн дэлхийд жанжлаж байна уу? Эсвэл Орос, Хятад, Европ зэрэг олон тоглогч, олон тулгууртай болсон уу? 
ОРОС
Зөвлөлт Холбоот Улсын буурин дээр үлдсэн Оросын Холбооны Улсыг 1991 оноос хойш гурван Ерөнхийлөгч удирджээ. Борис Ельцин 1991-1999, 1999 оны арванхоёрдугаар сарын 31-нээс хойш Владимир Путин. 2008-2012 онд Ерөнхийлөгчөөр ажилласан Дмитрий Медведевийг Кремлийн жинхэнэ эзэн биш, Путины хүн гэх. Ельциний үеийн Орос пост-коммунист гэж тодорхойлогддог бусад улс орнуудын адил амаргүй замыг туулжээ. 1993 онд Орост Үндсэн хуулийн хямрал гэж нэрлэгдсэн улс төрийн сөргөлдөөн үүсчээ. Борис Ельцин өөрийнх нь засаглалтай сөргөлдсөн ОХУ-ын Дээд Зөвлөл буюу парламентын эсрэг цэргийн хүч хэрэглэж, гол албан тушаалтнуудыг баривчлуулж, улмаар шинэ Үндсэн хуулийг бүх нийтийн санал асуулгаар батлуулж, эрх мэдлээ хүлээн зөвшөөрүүлжээ. 1994 онд эхэлсэн Чеченийн нэгдүгээр дайн, Чеченийн босогчдын үйлдсэн алан хядлага, хүн барьцаалсан хэргүүд, 1998 оны Оросын санхүүгийн хямрал түүний засаглалын он жилүүдийг шуугиулж байв. Оросын ард иргэдийн дунд явуулсан санал асуулгаар  ЗХУ хэмээх хүчирхэг гүрнийг санагалзах хандлага эдүгээ ч хүчтэй хэвээр байдаг. Борис Ельцинийн засаглал ОХУ-ын хувьд өөрийн дүр үүргээ шинээр тодорхойлох, олж харах гэсэн үетэй давхацжээ. Түүнийг Орос хэмээх аугаа улсын дэлхийд эзлэх байр суурийг сулруулсан гэж шүүмжилдэг юм билээ. 
Борис Ельцин 1999 оны сүүлчийн өдөр Улсыг Аюулаас Хамгаалах Хорооны (КГБ) ажилтан байсан Владимир Путинд засгийн эрхийг шилжүүлж өгснөөр ОХУ-ын улс төрийг өнөөг хүртэл атгаж буй эрхмийн засаглалын он жилүүд эхэлсэн. Владимир Путин өмнөх удирдагчийнхаа адилаар тун таагүй үйл явдлуудтай нүүр тулсан. Чеченийн хоёрдугаар дайн, цөмийн шумбагч Курск хөлөг живж 118 цэрэг амиа алдсан, исламын босогчдын үйлдсэн удаа дараагийн террорист халдлагууд Оросын олон нийтийг цочроож байв. 2008 оны наймдугаар ард Гүржийн Ерөнхийлөгч Михаил Саакашвили Өмнөд Осет руу цэргээ оруулснаар Орос-Гүржийн таван өдрийн дайн гэж нэрлэгдсэн үйл явдал өрнөв. Үр дүнд оросууд Өмнөд Осет, Абхазад хяналтаа улам баталгаажуулав. 1991 оноос хойш ОХУ-ын зэвсэгт хүчин өөр улсын нутаг дэвсгэрт өргөн хүрээтэй цэргийн ажиллагаа явуулсан анхны тохиолдол байлаа. 2009 онд Бразил, Орос, Энэтхэг, Хятадыг бүрэлдэхүүндээ багтаасан БРИК бүлгийн анхны дээд хэмжээний  уулзалт болов. Энэ бүлэг хожим Өмнөд Африкийг урвуулж, БРИКС гэж нэрлэгдэх болсон бөгөөд АНУ, Барууны улсуудын давамгайлдаг улс төр, эдийн засаг, санхүүгийн системийг сөрөн зогсох, өрсөлдөх зорилготой гэх тайлбар ч сонсогдоно.
Владимир Путины засаглалын он жилүүдэд ОХУ-ын экспортын үндсэн эх үүсвэр болох ашигт малтмал, байгалийн нөөцийн дэлхийн зах зээл дэх үнэ харьцангуй өндөр байсан нь эдийн засгийн өсөлтийг хангах, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх боломж олгосон гэж тайлбарладаг. Путин 2012 онд Кремльд буцаж ирээд ОХУ-ын зэвсэгт хүчний шинэтгэлийн хөтөлбөрт онцгой анхаарал хандуулна гэж амласан. Энэ шинэтгэл эдүгээ ч үргэлжилж, Оросын шинэ зэвсгийг Путин үе үе бахархалтайгаар танилцуулах аж. Кремль 2014 оны Украины улс төрийн үймээнийг далимдуулан Крымийг бүрэлдэхүүндээ нэгтгэв. Донбасст Оросыг дэмжигчид зэвсэгт мөргөлдөөн дэгдээв. Өнгөрсөн таван жил Донбасст 13 мянган хүн амь эрсэджээ. Украины шинэ ерөнхийлөгч Володимир Зеленский зүүн нутаг дахь дайныг дуусгана гэж амласан бөгөөд эхний ээлжинд олзны хүмүүсээ харилцан солилцож, хилийн сөргөлдөөнд бүсээс цэргээ эргүүлэн татаж эхлээд байна. 2015 оны есдүгээр сард ОХУ-ын зэвсэгт хүчин Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассадын хууль ёсны Засгийн газар, армийг дэмжих зорилгоор нисэх хүчний ажиллагаагаа эхлүүлсэн. Дөрвөн жилийн турш Барууны болон Арабын дэмжлэгтэй сөрөг хүчний босогчидтой зууралдан байлдсан Башар аль-Ассадын хувьд Оросын агаарын дэмжлэг ус, агаар мэт хэрэгтэй зүйл байлаа. Оросууд Сири дэх ажиллагаа амжилттай өндөрлөсөн гэж аль эрт мэдэгдсэн боловч өнөөг хүртэл Сирийн нутаг дэвсгэрт Оросын оролцоог хадгалсаар байна. Өнгөрсөн онд Владимир Путин ээлжит Ерөнхийлөгчийн сонгуульдаа илт давуу ялснаар 2024 он хүртэл Кремлийн эзнээр үргэлжлүүлэн суух нь ээ. Саяхан Доналд Трамп Сириэс 1000 цэргээ Ирак руу шилжүүлэх шийдвэр гаргаснаар Сирийн орон зайд оросууд агаараас дэмжигч, зуучлагч, эвлэрүүлэгч дүрээ улам тодотгов. Путин Ойрхи Дорнод, исламын ертөнцийн тэргүүлэх тоглогчид болох Турк, Иран, Саудын Арабтай “хэнийг нь ч гомдоохгүй” хэмээх тактиктай харилцсанаар энэ бүс нутагт геополитикийн ялалт байгуулсан гэж бичиж байна. Үнэндээ оросууд ялсан, эсвэл Ойрхи Дорнодын мөнхийн зөрчил сөргөлдөөнтэй талбарт хаягдсан эсэхийг ирээдүй харуулна.
ХЯТАД
Хөршүүд хэрхэн өөрчлөгдөв?
Өнгөрсөн аравдугаар сарын 1-нд орчин үеийн Хятад буюу Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсаны 70 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэлээ. 1949 оноос хойш Хятадыг таван үеийн удирдагч нар залжээ. 1949 оноос 1976 он хүртэл Мао Зэдун удирдав. Үүнийг Хятадын түүхэнд винтов бууны үе ч гэж нэрлэх нь бий. 1978 оноос 1992 оны хүртэл Дэн Сяопин Хятадыг удирджээ. Хятадыг дэлхийд нээж, өнөөгийн хүчирхэг эдийн засгийн суурийг тавьсан аугаа удирдагч гэж тодорхойлдог. Гэхдээ Хятад үндэстэн удирдагч нарынхаа гэм буруу, гавьяа зүтгэл аль алиныг нь дэнсэлдэг нь учиртай. Хятад үндэстэн үргэлж урагшилж, дэвшиж байсан гэдгийг албан ёсны хэвлэлүүд нь онцолдог. Жян Зэминь тэргүүтэй гурав дахь үеийнхэн 1989-2002, Ху Жиньтао тэргүүтэй дөрөв дэх үеийнхэн 2002-2012, Ши Жиньпин тэргүүтэй тав дахь үеийн удирдагч нар 2013 оноос хойш Хятадыг залж байна. Хятадын Коммунист нам өнгөрсөн 40 жилийн эдийн засгийн шинэтгэл, нээлттэй хаалганы бодлогын үр дүнг дэлхий нийтэд танилцуулсан. Эдийн засгийн тогтвортой өндөр өсөлтийн үр дүнд 740 сая хүнийг ядуурлаас гаргажээ. 2049 он буюу БНХАУ-ын 100 жилийн ойтой давхцан Хятадыг үлгэр жишээ социалист улс болгоно гэж тунхаглаж байна.
БНХАУ 2010 онд Японыг гүйцэж, дэлхийн хоёр дахь том эдийн засаг болсон. 2013 оны хавар засгийн эрхийг авсан Ши Жиньпин Бүс ба Зам хэмээх хөрөнгө оруулалт, дэд бүтцийн асар том санаачилгыг хэрэгжүүлж эхэлснээр даяаршил зогсонги байдалд ороогүй, харин ч энэ үйл явцыг Хятад улс түүчээлнэ гэж мэдэгдчихлээ. 1990-ээд оны сүүлчээр эхэлж хэрэгжүүлсэн гадагшаа чиглэх бодлогын үр дүнд эдүгээ Хятад улс Ази, Африк, Латин Америк тивийн хамгийн том хөрөнгө оруулагч, худалдааны түнш болж, АНУ, Европ, Оросыг ардаа орхижээ. Үүнийг Хятадын зөөлөн бодлого гэж нэрлэж байна. 2007-2008 оны дэлхийн санхүүгийн хямрал, евро бүсийн улс орнуудын эдийн засгийн уналт, цагаач, дүрвэгсдийн их нүүдлийн улмаас АНУ, Европод үндсэрхэг, хэт барууны, популист үзэл газар авч, либерал ардчилал мухардалд орсон тухай ч бичиж байна. АНУ, Баруун Европын ардчилал өөрийн дүр төрхийг дахин тодорхойлох гэж зүдрэх зуур Хятадын эдийн засгийн нөлөө, Оросын геополитикийн бодлого эрчимжиж буй цаг үеийн гэрч болж байна. Дэлхийн III дайн дэгдэх тухай, даяаршлын үйл явц мухардаж, амин хувиа хичээхээс аргагүйд хүрсэн тухай энд тэндгүй бичиж л байсан. Магадгүй олон улсын харилцааны хамгийн сонирхолтой, эгзэгтэй, магадгүй АНУ тэргүүтэй Барууны жанжлал төгсөж, дэлхийн дэг журам олон тоглогчоос хамаардаг шинэ эрин үетэй золгож буйг ч бид харж байж мэдэх юм.
 
Эх сурвалж: Eagle.mn

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.