2024 оны 04 сарын 20
Шинэ мэдээ
Үр хөрвөлийн генийг өөрчилсөн эрдэмтэнд хорих ял оноожээ

Түүхэнд анх удаа үр хөврөлийн генийг өөрчилж чадсан тухайгаа өнгөрсөн онд мэдэгдэж байсан Хятадын эрдэмтэн Хэ Зянькуйд тус улсын өмнөд нутгийн Шэньжэнь хотын Наньшань хотын дүүргийн шүүх гурван жил хорих ял оноож, 3 сая юанийн /422.5 мянган ам.доллар/ торгууль ногдуулсан байна.

Хятадын төв телевизээр мэдээлснээр, хүний үр хөврөлийн ДНХ-г хууль бусаар өөрчилсний улмаас генийн өөрчлөлттэй гурван хүүхэд төрсөн хэргээр мөн Жан Жэньли, Цинь Зиньжоу гэдэг өөр хоёр эрдэмтэн шалгагджээ. Жан Жэньлиг хоёр жил хорьж, 1 сая юаниар /140.8 мянган ам.доллар/ торгох шийтгэл оноосон бол Цинь Зиньжоуд 1 жил зургаан сар хорих ял оноож, 500 мянган юанийн /70.4 мянган ам.доллар/ торгууль ногдуулсан байна.

Хятадын эрдэмтэн Хэ Зянькуй ДНХ-г нь өөрчилсний дүнд ХДХВ-ийн халдварыг эсэргүүцэх чадвартай хүүхдүүд төрснийг 2018 оны 11 дүгээр сарын 8-нд мэдэгдэж дэлхий нийтийн анхаарлыг татсан билээ. Тэрбээр Хятадын эрдэмтэд төдийгүй эрх баригчдын шүүмжлэлд өртсөн юм. БНХАУ-ын Эрүүл мэнд, төлөвлөгөөт төрөлтийн улсын хорооноос мөрдөн шалгах ажлыг тэр даруй эхлүүлж, үр хөврөлийн ДНХ-г өөрчлөхтэй холбоотой Хэ Зянькуйн судалгааны бүх ажлыг зогсоохыг тус улсын Шинжлэх ухаан, технологийн дэд сайдад үүрэг болгосон байна.

Хэ Зянькуй өөрийн цуглуулсан мөнгөөр бие даан туршилт судалгаа явуулсан бөгөөд түүний туршилт нь БНХАУ-ын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн учир тэрбээр үүнийхээ төлөө заавал хариуцлага хүлээнэ гэж дуулиан тарьсан хэргийг мөрдөн шалгах багийнхан мэдээлжээ.

Хэдийгээр ХДХВ-ийг эмчлэхэд ахиц дэвшил гарч байгаа боловч энэ өвчин дэлхийн хэд хэдэн улсад юуны өмнө хөгжиж буй орнуудын иргэд нас барах гол шалтгаан хэвээр үлдэнэ гэж Хэ Зянькуй өөрийн ажлыг зөвтгөн мэдэгдэж байв.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.