2024 оны 04 сарын 26
Чөлөөт цаг
Японы гүнж Мако жирийн залуутай гэрлэхээр шийджээ

Японы эзэн хаан Акихитогийн анхны ач охин, ханхүү Акишиногийн том охин, гүнж Мако их сургуулийнхаа нэг ангийн залуутай гэрлэхээр болсныг эзэн хааны ордны захиргаа өчигдөр зарлажээ.

 

25 настай гүнжийн сүйт залуу нь түүнтэй нас чацуу бөгөөд Токиогийн Хитоцубаши их сургуулийг дүүргэсэн, хуулийн компанид ажилладаг Кэй Комуро гэгч юм. Таван жилийн өмнө хосууд нэг сургуульд хамт сурч байхдаа танилцаж, сүүлд Комуро нь гүнжид гэрлэх санал тавьсан байна.

 

Ордны хуулиар хааны гэр бүлийн эмэгтэйчүүд жирийн хүнтэй гэрлэвэл язгууртны хэргэмээ алддаг. Тиймээс Маког гэрлэсний дараа хааны гэр бүлийн язгууртнуудын тоо 18 болж буурах бөгөөд эмэгтэйчүүдийн тоо 13 болох гэнэ. Ийм маягаар хааны гэр бүлийн гишүүдийн тоо цөөрсөөр байгаа тул эмэгтэйчүүд нь энгийн хүнтэй гэрлэхэд язгуур хэргэмээ алддаггүй, өөрийн ургийн салбарыг үүсгэдэг байх хуулийн төслийг гол сөрөг хүчин болох Ардчилсан Нам дэвшүүлээд байгаа аж. Гэвч эрх баригч Либерал Ардчилсан Нам энэ саналыг дургүйцэж байгаа юм.

 

Гүнж Мако нь 2010 оноос Токиогийн Олон улсын Христийн Их сургуульд урлагийн чиглэлээр суралцаж эхэлсэн нь түүнийг их сургуульд сурсан хааны гэр бүлийн анхны гишүүн болгожээ. Суралцах хугацаандаа тэр Британид Эдинбургийн Их сургуульд есөн сарын хугацаатай оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдаж байв. Төгсөөд Мако Британий Лэйсестерийн Их сургуульд мастераар суралцжээ.

 

Макогийн 22 настай дүү, гүнж Како эгчтэйгээ ижил сургуульд суралцаж байгаа. Харин 10 настай эрэгтэй дүү, ханхүү Хисахито нь түүний үеийнхнээс цорын ганц эрэгтэй язгууртан болж байна. Одоогийн эзэн хааны титмийг залгамжлах нэгдүгээр хүн нь ханхүү Нарухито, хоёрдугаар хүн нь Макогийн аав, ханхүү Акишино бол Макогийн дүү, ханхүү Хисахито нь гурав дахь хүн юм.

 

Эх сурвалж: Kyodo News

 

Л.Булганчимэг

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.