2024 оны 04 сарын 24
“ШҮГЭЛ ҮЛЭЭГЧ”-ИЙН БАЛАГ ҮРГЭЛЖИЛСЭЭР......

-Г.Буяндоржийн улсад учруулсан 228 сая төгрөгийн хохирол учруулжээ-

Иргэн Г.Буяндорж нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газарт “Нэр бүхий шүүгч, прокурорын авлига авсан баримт” гэх 65 хуудас бүхий материалыг өгч, хууль хяналтын байгууллагаар шалгуулах хүсэлтээ илэрхийлээд байна.  Гэвч тэрбээр өөрөө жинхэнэ залилагч, луйварчин гэдгээрээ зартай. Хэзээний хууль, хяналтын байгууллагынхныг авлигадаж, гарынхаа үзүүрээр хөдөлгөж сурсан тэрбээр энэ удаад юу төлөвлөж, гэнэт “тайз”-наа гарч ирэв.....

  Г.Буяндорж гэх нэр 1990-ээд оны сүүлээр залилан мэхэлсэн, татвараас зайлсхийсэн, хуурамч архи үйлдвэрлэсэн асуудлуудын автор нь болж байв.

Аль болж, бүтэхгүй бүхэнд холбогдож явдаг энэ эрийн балаг дундрахгүй нь.Түүний улсад учруулсан 228 сая төгрөгийн хохиролыг хэн, хэрхэн төлж барагдуулах нь тодорхойгүй байсаар өнөөг хүрсэн байх юм. 

Тодруулбал, МХАҮТ-ын дэргэдэх Монголын Үндэсний арбитрын 2006 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 19 дүгээр шийдвэр болон 2006 оны зургадугаар сарын 02-ны өдрийн нэмэлт шийдвэрээр хариуцагч “Дамон трейд” ХХК болон Г.Буяндоржоос 414,000,000 төгрөгийн архи, спирт гаргуулж, нэхэмжлэгч Г.Эрдэнэбаатарт олгуулахаар шийдвэрлэсэн байдаг. Гэвч Дархан-Уул аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны гүйцэтгэлийн ажиллагааг Г.Буяндорж нь хүлээн зөвшөөрөөгүйгээр барахгүй тус албанаас архины үнийн зөрүү гэж 228,000,000 төгрөг, мөн хохирол гэж 333,000,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг сум дундын шүүхэд гаргажээ.

Улмаар Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн шүүхийн 2009 оны арванхоёрдугаар сарын 03-ны өдрийн 1813 дугаар шийдвэрээр Г.Буяндоржийн хураалгасан 81557 шил архины үнийг Татварын улсын байцаагчийн онцгой албан татвар тооцсон үнэ болох 4300 төгрөгөөр нэг бүрийг нь тооцож, нийт 350,695,100 төгрөгийн архины үнийн зөрүү болох 228,359,600 төгрөгийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас гаргуулж Г.Буяндоржид олгуулахаар шийдвэрлэсэн байдаг. Энэхүү шийдвэрийг хяналтын шатны шүүхийн 2010 оны тавдугаар сарын 10-ны өдрийн 370 дугаартай тогтоолоор хэвээр үлдээжээ.

Угтаа Г.Буяндорж нь хуурамч архи, спирт үйлдвэрлэсэн хэргээр шалгагдаж байв. Хуурамч шошго тэмдэг, улсын онцгой албан татварын тэмдэгт оруулж ирсэн хэрэгт шалгагдаж байсан түүнийг шийтгэх бус харин ч эргээд улс өртэй болж үлдсэн нь хачирхалтай. Хуулийн цоорхойг ашиглаж, хууль хяналтынхнаар тоглож гаршсан энэ этгээд төрийн түрийд наалдсан бөөс шиг шимэгчилж, улсад учруулсан хохиролоо барагдуулахгүй янз бүрийн арга заль хэрэглэсээр өнөөг хүрсэн байх юм.

Сангийн сайд С.Баярцогтын 2010 оны арваннэгдүгээр сарын 03-ны өдрийн 235 дугаартай тушаалаар Зоос банкны эрх хүлээн авагчид өртэй иргэн Д.Батжаргалын 228,359,600 төгрөгийн өглөгийг Зоос банкны эрх хүлээн авагчаас авах Засгийн газрын бондын авлагын дүнгээс хасч, улмаар иргэн Д.Батжаргалын батлан даагч “Ноёд констракшн” ХХК-д төлөх 228,359,600 төгрөгийн өглөгийг төлсөнд тооцож, авлага, өглөгийг харилцан суутгахыг Төрийн сангийн газарт, Зоос банкны эрх хүлээн авагчид зөвшөөрч шийдвэрлэсэн байна.

Үндэсний Аудитын газар  Засгийн газрын 2011 оны нэгтгэсэн санхүүгийн тайланд аудит хийж, Засгийн газрын Зоос банкны эрх хүлээн авагчаас авах бондын авлагыг бууруулах бичилт хийсэн байдаг. Энэ дагуу Үндэсний аудитын газраас өгсөн залруулах бичилт хийх 2012 оны 02/65 ҮАГ-САГ/2012/01-СТА-HT тоот албан шаардлагын дагуу Сангийн яам нь Зоос банкны эрх хүлээн авагчид авлага бууруулах бичилтийг залруулах албан хүсэлтийг илгээсэн байдаг.

Энэ үйл ажиллагааны явцад төрд учирсан 228,359,600 төгрөгийн хохирлыг хэн, хэрхэн барагдуулах нь одоог хүртэл тодорхойгүй байгаа юм.

МАН-аар халхавчилж, хууль хяналтын байгууллагынхныг авлигадаж, өнөөг хүрсэн Г.Буяндоржийн хэрэг энэ мэтчилэн тоочоод байвал барагдахгүй нь. Дархан-Уул аймгийн төмөрлөгийн үйлдвэрт мөнгө угаасан, 1,2 сая ам.долларыг Хятадуудаас болон “Цэн трейд” компаниас дөрвөн тэрбум төгрөг залилсан, хуурамч бичиг баримт ашиглан “Зоос” банкнаас 100 сая төгрөг авсан зэрэг хэргээр УМБГ-т шалгагдаж байсан.

Түүнийг хууль хяналтын байгууллагынхан шалгадаг ч хэзээ ч хариуцлагаа хүлээж байсангүй. Хуурамч архи үйлдвэрлэж, олон хүний аминд хүрсэн, цагдаа нарт авлига өгсөн, мөнгө угаасан, залилан мэхэлсэн гээд Г.Буяндоржийн өдүүлсэн хэрэг дэндүү их.

Харин уснаас хуурай гарахад нь МАН-ын нэр нөлөө бүхий хүмүүс тусалдаг, түүнийг халхавчилж байдаг гэх яриа ч бий. Г.Буяндорж ингэж л луйвар хийдэг. Шүүхийн шийдвэрийг уландаа гишгэж, дураараа авирладаг  Г.Буяндоржийг хазаарлах чадал Монголын хууль, хяналтынханд байна уу.

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.