2024 оны 04 сарын 24
Мэдээ, мэдээлэл
УНТЭ: Бөөрний архаг дутагдалтай эмчлүүлэгчид “АВТОМАТ ХЭВЛИЙН ДИАЛИЗ “ эмчилгээний технологийг нэвтрүүлжээ

УНТЭ нь Бөөрний архаг дутагдалтай өвчтөнд бөөр орлуулах эмчилгээний нэг хэлбэр болох  “Автомат хэвлийн диализ- APD” эмчилгээний технологийг нэвтрүүлжээ. 

Өмнө нь өвчтөн өдрийн ихэнх цагийг эмчилгээндээ зарцуулдаг байсан бол тус технологийг нэвтрүүлснээр эмч, сувилагч, инженер, техникч нарын оролцоогүйгээр  эмчилгээг гэртээ шөнийн цагаар /6-8 цаг/  хийх боломжтой болсон байна. 

Уг эмчилгээ нь зүрхний дутагдал бүхий өвчтөнд илүү зохимжтой бөгөөд хэвлийн урд хананд даралт учруулдаггүй тул ивэрхийн хүндрэл, зүрхний  дутагдал, судасны хүндрэл үүсэх нь бага аж. Үүнийгээ дагаад өвчтөний амьдралын чанар дээшилж, өдрийн цагаар сурч, хөдөлмөрлөх боломжтой болжээ. Өнөөдрийн байдлаар “Автомат хэвлийн диализ эмчилгээ”-ээр  арван иргэн эмчлэгдэж байна. 

Эмчилгээг эмч, сувилагч нар тухайн хүний биеийн жинд тааруулан машинд программчилж, хэвлийд байрлуулсан зориулалтын уян гуурсаар хордлого тайлах уусмалыг оруулж, гарган хийдэг байна.

Үүнээс гадна энэ сараас эхлэн Бөөрний төвийн Гемодиализийн тасагт  гемодиализ эмчилгээний “В буюу содын уусмал” –ыг орчин үеийн шийдэл буюу хуурай хэлбэрээр хэрэглэж эхлээд байна. 

Хуурай содын давуу тал нь хадгалах хугацаа урт, нян  бактери үүсэх эрсдэлгүй,  аппаратны  хэвийн үйл ажиллагаанд үзүүлэх гаж нөлөө үгүй болж  тээвэрлэх  илүү тохиромжтой. “В” уусмалыг хуурай хэлбэрээр хэрэглэх болсноор гемодиализийн тасгийн диализийн аппаратны 80 хувь нь энэ технологиор эмчилгээг явуулж байна. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.