2024 оны 04 сарын 20
Шинэ мэдээ
Франц “COVAX” хөтөлбөрөөр дамжуулан вакцин худалдан авахгүй

Коронавирусний вакциныг гарган авсны дараа бүх улс оронд шударгаар хуваарилах зорилготой COVAX ("Ковакс") олон улсын механизмыг Франц ашиглах төлөвлөгөөгүй байна.

“Францын байр суурь илт тодорхой юм. Бид “COVAX” механизмаар дамжуулан вакцин худалдан авахгүй. Гэсэн ч ДЭМБ-ын санаачилгыг эрх баригчид ерөнхийдөө дэмжиж байгаа бөгөөд түүнийгээ хөгжүүлэхэд нь мөнгө санхүүжилт олгоно” хэмээн Францын Эрүүл мэндийн яамны эх сурвалж мэдэгджээ. Одоогоор энэ талаар Эрүүл мэндийн яамнаас албан ёсны тайлбар өгөөгүй байна. Франц улс Европын холбоо дотор зөвшилцсөн механизмаар дамжуулан вакцин авна гэж тооцоолж байгаа аж.

“COVAX” механизмд 170 гаруй орон нэгдсэн тухай ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус өмнө нь мэдэгдсэн юм. Хөтөлбөрт хамрагдахыг баталгаажуулсан эцсийн хугацаа нь 9 дүгээр сарын 18 юм.

Энэхүү механизм нь бүх улс оронд үр дүнтэй вакциныг олж авах үйл явцыг хурдасгахад чиглэсэн бөгөөд  ойролцоогоор 12 төрлийн вакцинд хөрөнгө оруулах, зах зээлд гарсных нь дараа тэгш хүртээмжтэй хуваарилах зорилготой юм. 2021 оны эцэс гэхэд COVAX-ийн тусламжтайгаар 2 тэрбум орчим тун вакцин тараахаар төлөвлөж байна.

COVAX төслийг Дэлхийн вакцинжуулалт, дархлаажуулалтын холбоо /GAVI/, тахлын бэлэн байдлын шинэчлэлийн эвсэл /CEPI/, ДЭМБ, түүнчлэн уг хэрэгслийн хувьд засгийн газрын санхүүжилтийн нэмэлт эх үүсвэр гэж үзэж байгаа вакцин үйлдвэрлэгч үндэстэн дамнасан корпорацууд удирдаж буй юм.

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.