2024 оны 10 сарын 15
Мэдээ, мэдээлэл
1072 хувьцааны ногдол ашгийн сураг тасарчээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгийн сураг тасарчээ. 10 гаруй жил үйл ажиллагаа явуулахдаа ногдол ашиг тарааж байгаагүй тус компани нь 2019 онд 1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, улмаар 2020 оны хоёрдугаар сард 2.5 сая хувьцаа эзэмшигчидэдээ ногдол ашиг тараах болсноо зарлаж байв.

Өөрөөр хэлбэл, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн нийт хувьцааны 18.5 хувийг эзэмшиж буй  2 сая 511 мянга 818 иргэнд 199 тэрбум 736 сая 1094 төгрөгийн ногдол ашиг тараах байв.

Дээрх мэдэгдлээс хойш иргэд 1072 хувьцааныхаа ногдол ашгийг хүртэх зорилгоор брокер диллерийн компаниудад данс нээлгэж, тавдугаар сарын нэгнээс эхлэн ногдол ашгаа авна гэсэн хүлээлт монголчуудын дунд бий болов.

Гэтэл тус компанийн Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр хэвлэлийн бага хурлын үеэр тавдугаар сарын 1-нд ногдол ашиг яг өгнө гэж хэлээгүй. Ногдол ашиг тавдугаар сарын 1-ээс хойш олгох ажлыг зохион байгуулах ТУЗ-ийн шийдвэр гарсан. Энэ ажил бүтэн нэг жил ч үргэлжлэх боломжтой. Гэхдээ бид аль болох ногдол ашгийг хурдан олгохоор ажиллаж байна. Яагаад ногдол ашиг дансанд орохгүй байна гэдэг асуудал гарч байна. Эрдэнэс Тавантолгой ХК 2.5 сая иргэний бүртгэлийг хянаж цэгцлэх ажил ид үргэлжилж байна. Бүртгэлийн асуудалгүй иргэдэд шууд ногдол ашиг шилжүүлэх боломжгүй байна. Иргэн бүрийн мэдээллийг нягталж, шалгаж, тулгаж байж шилжүүлнэ гэж мэдээлж байсан удаатай.

Тэгвэл энэ ажил хэр ахицтай явж байгаа талаар тодруулахаар “Эрдэнэс Тавантолгой” ХК -ийг зорьж очиход ажил хариуцсан хүн нь ээлжийн амралтаа авчихсан, ямар ч мэдээлэл өгөх боломжгүй гэсэн хариултыг өгсөн юм.

Үүний зэрэгцээ ойролцоогоор 1 сая орчим иргэний ногдол ашгийн үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв рүү шилжүүлсэн хэмээх мэдээллийг "Эрдэнэс Тавантолгой" ХК өгч байсан. Иймээс тус байгууллагыг зорьж тодруулга авах гэсэн боловч 1072 хувьцаатай холбоотой ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм.

Тэгвэл ҮЦТХТ-ийн Стратеги, эрсдэлийн удирдлага, хамтын ажиллагааны ахлах мэргэжилтэн Т.Төгөлдөр news агентлагт тавдугаар сарын 21-нд тодруулга өгөхдөө "Засгийн газраас хэсэгчилж, 1072 хувьцааны ногдол ашгийг өгөхгүй гэдэг чиглэл баримталж байна. Манай байгууллага дээр үүнтэй холбоотой ямар нэгэн шийдвэр ирээгүй байна.

Засгийн газраас нийт 2.5 сая иргэнээс гадна аж ахуй нэгжийн хувьцааны ногдол ашгийг нэгэн зэрэг олгоно гэдэг бодлого баримталж байна. Манай байгууллага Сангийн яамны харьяа байгууллага. Холбогдох хуулиудад тухайн үнэт цаас гаргагч компани манай байгууллагатай ногдол ашиг тараах гэрээ байгуулж, гэрээнийхээ дагуу хувьцааныхаа тоо ширхэгт тааруулсан мөнгийг шилжүүлснээр тарааж эхэлнэ.

Тэрнээс биш эхний ээлжинд 50 хувь, дараагийн ээлжинд 50 хувийг нь өгнө гэж Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд тусгаагүй. “Эрдэнэс Тавантолгой” компанийн зүгээс хувьцаа эзэмшигч 2.5 сая иргэнээс үнэт цаасны данстай нэг сая иргэний ногдол ашгийн 60 тэрбум төгрөгийг шилжүүлсэн гэдэг мэдээллийг өгсөн. Гэхдээ дараагийн 1.5 сая иргэний ногдол ашгийг өгөөгүй байна. Манай байгууллагаас тархалтын судалгааг хийж, нийт 2.5 сая иргэний тоо болон хувьцааны тоо ширхэг гаргаж өгсний дагуу “Эрдэнэс Тавантолгой” компани ногдол ашгаа шилжүүлдэг. Хэзээнээс иргэдэд олгох нь тодорхойгүй байна” гэж байсан юм.

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.