Залуу комедиан М.Баяржаргалтай ярилцлаа.

-Станд ап комеди урлагт шинээр гарч ирж буй комидиан гэдгээр тань хүмүүс мэддэг болж байгаа байх?

-Намайг Мөнхбатын Баяржаргал гэдэг. 21 настай. 1999 оных гэхээр цэвэр Z үеийн төлөөлөл гэхэд болно. Үндсэн мэргэжил гэвэл боксын тамирчин, циркийн жүжигчин. Мөн СЭЗИС-ийг бизнесийн удирдлага, маркетингийн чиглэлээр төгссөн. Одоогоор Мобиком Корпорацийн маркетингийн албанд ажиллаж байгаа. Чөлөөт цагаараа комеди хийдэг.

-Бизнес удирдлагаас гадна боксын тамирчин, циркийн жүжигчний мэргэжилтэй гэлээ. Мэргэжлийн зэрэгтэй гэсэн үг үү. 21 насандаа гурван мэргэжилтэй гэхээр сонирхолтой юм.

-Боксоор 8 жил хичээллэсэн, мэргэжлийн тамирчны тоонд ордог байсан. Зэрэгтэй байсан чзэргээ хураалгаж байсан. Есдүгээр ангид ордог жилдээХБК-ийн циркийн ангид элсэж, мэргэжлийн циркийн жүжигчнээр суралцаж төгссөн. Тэнд Монголын мэргэжлийн циркчдийг бэлддэг суурь бааз нь бий. Тэгээд үргэлжүүлэн СЭЗИС руу орсон. Оюутны эхний хоёр жилдээ циркийн жүжигчнээрээ ажилласан.

- Станд ап комедигийнанхны тайз ямар байсан бэ. Энэ зүйлээс авдаг мэдрэмж?

-Миний анхны тайз 300 хүний өмнө эхэлсэн. “UB Comedy” клуб руу шууд орьё гэхээр багахан айдастай байсан учраас СЭЗИС-даа UFE Comedy нэртэй клубыг байгуулсан. Сургуулийнхаа оюутнуудын өмнө гарахад бидний төсөөлснөөс ч олон хүн ирсэн. Анхны тайз маань амжилттай байсан байсан болохоор цааш явах урам зориг болсон.Хэрвээ эхлэл дээрээ шууд дарагдчихсан байсан бол хэзээ ч комеди хийх талаар бодохгүй байсан байх. Түрүү жилийн зунаас эхлэн UB Comedy-гийн тайзан дээр гарч эхэлсэн. Тэр үеэс “Live from Ub Comedy” цувралд бичлэгээ цацах боломж бүрдсэн. Үүнээс авдаг мэдрэмжийн хувьд гэвэл “Ub Comedy” клубын анхны тайз амархан байгаагүй. Өмнө нь сургууль дээрээ үе тэнгийн нас, сэтгэхүй адилхан оюутнуудад ярьдаг байсан бол тэндхийн үзэгчид тэс өөр насны хүмүүс байсан. Тэдгээр хүмүүсийг инээлгэнэ гэдэг биелэгдэшгүй даалгавар мэт санагдаж байсан.

-Нэг үзүүлбэр дээрээ багш нарынхаа тухай хошигнож оруулсан байсан. Багш нар нь үзсэн болов уу?

-Багш нарын тухайд ямар нэгэн доромжилсон агуулгаар биш хошин өнгө аястайгаар яриандааоруулсан. Тэрийг анх тавигдахад багш үзээд яах бол гэж их айж байсан. Гэхдээ СЭЗИС-ийн багш нар өөрсдөө их хошин хүмүүс байдаг.“Станд ап комедиг оюунлаг хүмүүс хийдэг, сийрэг толгойтой хүнээс л хошигнол гардаг” гэдэг. Өөрсдөө ч гадаадын комедиануудыг үздэг, ойлгодог болохоор багш нараас ямар нэг дарамт ирээгүй. (инээв)Сургууль дээрээ клуб байгуулахад ч тэр баяртайгаар хүлээж авч байсан.

-Ярих сэдвүүдээ хэрхэн олж, хаанаас эрэл хайгуул хийдэг вэ. Нэг үзүүлбэр тайзан дээр тоглогдохоос өмнө хэр удаан чанагддаг вэ?

-Сэдвүүдээ мэдээж амьдралаас олдог. Ажигладаггүй л болохоос амьдрал дээр өдөр бүр инээдтэй зүйлс тохиолдож байдаг. “Монголчууд сошиал орчинд” нэртэй үзүүлбэрээ би 14 хоног бичиж байсан. Идэрээ ахыг оруулсан хошигнол дээр мөн нэлээд удаан хугацаанд ажилласан. Бүх тоглолтууд, фейсбүүк, инстаграмынх нь зураг, сэтгэгдлүүдийг уншиж, хүмүүстэй ярилцаж үзэх шаардлагатай болсон. Б.Идэр-Од гэдэг хүнтэй холбоотой бүх өгөгдлүүдийг цуглуулсны дараа тайзан дээр ярьсан байдаг. Өөрөө сонсчхоод “Ёстой гоё байна” гэхэд урамшсан шүү.

-Комеди урлагийг эртний Грек, Ромоос гаралтай. Уран илтгэгчид хүмүүсийг яриандаа итгүүлэхийн тулд инээлгэх аргыг ашигладаг байсан гэдэг юм билээ. Ганцаараа тайзан дээр гараад бүгдийг инээлгэх мэдээж амар биш байх?

-Мэдээж хүнийг инээлгэх амар биш. Станд ап комеди буюу тайзан дээр ганцаараа гараад бүгдийг инээлгэдэг энэ төрлийн урлаг бол ерөнхийдөө судалгаа юм байна гэж харсан. Миний хувьд баримталдаг нэг зүйл гэвэл хэзээ ч насанд хүрэгчдийн сэдвээр ярихгүй гэж боддог. Яагаад гэвэлминий аав, ээж, хамаатнууд, дүү нар цаашлаад ирээдүйн хадмууд маань үзнэ. “Миний хүү зурагтаар гарч байна” гээд үзсэн чинь тиймэрхүү зүйл яриад байж байгааг сонсвол яах бол гэж төсөөлөгдөөд байдаг. Магадгүй ярьсан юмандаа ороогдохучраас тиймэрхүү сэдэв рүү орохгүй.

-Таны хувьд Монголоос хамгийн шилдэг гэж боддог нэг комедианыг нэрлэ гэвэл хэнийг хэлэх вэ?

-Хамгийн шилдэг гэвэл Б.Идэр-Од ахыг хэлнэ. Гол шалтгаан нь дан ганц комеди биш бусад салбарт брендингээ сайн хөгжүүлж чадсанд байгаа байх. Хамгийн гол нь мэдлэгээр өөрийгөө чимж чадсан хүн гэж боддог.

-“DUFF LIFE “ нэртэй фейсбүүк хуудас залуусын дунд өндөр хандалттай хуудас болсон байна лээ. Энэ хуудсыг та хөтөлдөг байсан юм уу?

- Тийм ээ. Гэхдээ анх намайг гэдгийг хүмүүс мэддэггүй байсан. Сүүлд яалт ч үгүй мэдэгдсэн. Өөрийнхөө хэлж чаддаггүй зүйлсийг түүн дээрээ хуваалцдаг, надаас өөр нэг бодлын дүр байдаг гэсэн үг. 1700 гаруй хүнээс репорт ирээд түр хаагдсан байгаа. Нээлгэх хүсэлт илгээсэн удахгүй нээгдэх байх гээд хүлээж байгаа.

-Оюутны ширээнээс ажлын талбарт гарахад ямар өөрчлөлтүүд угтаж авав?

-Миний ажигласнаар компаниудын манай үеийнхнээс хүлээж байгаа зүйл бол бүтээлч байдал. Тэгэхээр шинээр ажилд орох гэж байгаа залуус өөрийн танилцуулга буюу CV дээрээ бүтээлч хандаж, өөрийгөө бүрэн илэрхийлэх ёстой санагдсан. Анкет гэхээрээ л word file дээр цээж зургаа наадаг цаг өнгөрсөн учраас чамайг бүрэн илэрхийлэх бүтээлч танилцуулга явуулахаас л эхний алхам эхэлнэ.

-Таны хувьд сайхан эмэгтэй гэж хэнийг хэлэх вэ. Олны танил эмэгтэйчүүдээс таалагддаг хүн гэвэл?

-Бүх эмэгтэй хүн өөр өөрийн гоо үзэсгэлэнтэй. Харин олны танил хүмүүсээс гэвэлжүжигчин О.Дөлгөөн.

-Комедианууд хүмүүсийг инээлгэдэг. Тиймээс ямар нэг хөгжилтэй түүхийг нь яриулахгүй өнгөрч боломгүй юм шиг. Өөрийн тань хувьдхөгтэй гэмээр бүтэлгүй хайр, дурлалтай учирч байв уу?

-Зөндөө л хаягдаж байсан даа. Дээхэн үед нэг охинтой хоёр сар үерхээд байж байтал “Хоёулаа тохирохгүй юм байна” гээд салсны дараа нөгөө охин маань өөр хүнтэй үерхээд жил болж байгааг дараа нь мэдэж байсан хөгтэй гэмээр түүх бий шүү. Арван жилдээ бас нэг охинд өдөр болгон хоол хийж авчирч өгдөг байлаа. Гэтэл миний хоолыг идсээр байгаад өөр залуутай үерхчихсэн (инээв).

-Зет үе буюу шинэ үеийнхэн гэж тодотгодог залуусын төлөөллийн хувьд танай үеийнхний бусдаас ялгарах онцлогийг юу гэж хардаг вэ?

-Бидний үеийнхэн буюу 1997 оноос хойш төрсөн хүүхдүүдийн хувьд технологийн дэвшил, интернетийн эринд төрсөн гэдэг утгаараа өмнөх үеийнхнээсээ амьдралын хэв маяг, хандлага бүх зүйлээрээ ялгаатай байдаг юм шиг санагддаг. Юмыг хурдан сурдаг, нээлттэй, бага зэрэг залхуу боловч аливаа зүйлд бүтээлч хандахыг хичээдэг.

-Ярилцлагын төгсгөлд залуустаа уриалах зүйл?

-Өөрсдийнхөө боломжийг сайн ашиглая гэж уриалмаар байна. Карантин бол амралт биш, үе тэнгийнхнээсээ урд алхах боломж гэдэг өнцгөөс харахыг хичээгээрэй.

Ч.БИНДЭРЪЯА