2024 оны 04 сарын 25
Фото
Б.Одончимэг: Кино бол миний хобби, театр бол миний мэргэжил

Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Б.Одончимэгтэй ярилцлаа. Тэрбээр “Гэрлэн дохио” телевизийн олон ангит кино болон “Аз жаргалийн шок”, “Том толгойтын романс” бүтээлд гол дүр бүтээж “Зүрхний хилэн”, “Цасан охин”, “Намрын синдром”, “247 градус” “Буруу өрөг”, “37-р точка” зэрэг дэлгэцийн олон арван кино төдийгүй тайзны бүтээлүүдэд дүрээ мөнхөлж, үзэгч түмний сэтгэлийг татсан чадварлаг жүжигчин билээ.

-Сайн байна уу. Хөл хорионы үед цагийг хэрхэн өнгөрүүлж байна вэ?

-Хөл хорио тогтоосон энэ үеийг өөрийгөө хөгжүүлэх боломж гэж ойлгох хэрэгтэй. Энэ үед гэртээ, гэр бүлийнхэнтэйгээ хийж бүтээж болох бүх зүйлийг туршиж үзвэл сайн. Шинэ хоол хийж сурах, ном унших, гадаад үг цээжлэх, гэрийнхэнтэйгээ цагийг үр бүтээлтэй, зугаатай өнгөрүүлж байна даа.

-Өнгөрсөн жилээс хойш коронавирус цар тахлын улмаас ажлын хүртээмж тааруу байгаа байх. Гэр бүлийнх нь эдийн засагт хэрхэн нөлөөлж байна вэ?

-Цар тахал хувь хүн болоод аж ахуйн нэгж цаашлаад улс даяар сөрөг байдлаар нөлөөлж байна. Үүнийг бүгд мэдэж, ойлгож, ухаарч байгаа. Нийгэм, эдийн засгийн хүнд хэцүү цаг үед Улсын драмын эрдэмийн театр уран бүтээлчдийгээ эдийн засгийн хямралд оруулахгүйн тулд цалингаа бүтэн тавихыг боддог, дэмждэг, хичээдэг. Бид цалингаа бүтэн авч байна.

-Аав тань таныг хүүхдүүдээсээ онцолж жүжигчин болгохыг хүсдэг байсан гэсэн. Өнөөдөр аавынхаа хүслийг биелүүллээ. Танд ямар санагдаж байна вэ?

-Аав минь хүүхдүүд дундаасаа намайг жүжигчин болгохыг хүсдэг байсан. Өнөөдрийг хүртэл аавынхаа хүслийг биелүүлэх юм сан гэж хүсэж, мөрөөдөж ирсэн. Хажууд минь байсан бол охиноороо бахархах ямар нэгэн зүйл хийж, аавынхаа баярын нулимсыг хүртэл харах юм сан гэх нандин мэдрэмжийг хүсдэг дээ. Жүжигчин хүн байнга суралцагч, судлаач байдаг. Өдөр бүр л өөрийнхөө оролцсон бүтээлүүдийг хараад тэгдэг байж, ингэдэг байж гэж чамладаг. Гэхдээ надад маш их мөрөөдөл бий.

-Таны ижий, аав хүүхдүүдийнхээ хүмүүжилд хэрхэн анхаардаг байв. Таныг хэн болгож хүмүүжүүлсэн бэ?

-Миний аав, ээж хоёр Өвөрхангай аймгийнх. Их зөөлөн, даруухан хүмүүс. Би зургаан хүүхэдтэй айлын тав дахь хүүхэд нь. Хичээл, номдоо илүүтэй анхаарсан, найз нөхөд цөөтэй, үг дуу муутай, томоотой хүүхэд байсан. Наймдугаар ангиа төгсөөд тэмцээн уралдаанд орж, бүжиглэж өөрийгөө нээж эхэлсэн.

-Хүмүүний амьдралын үнэ цэн юунд оршдог гэж та боддог вэ?

-Ямар нэг зүйлд санаа зовохгүй, тайван амгалан байхад л оршдон болов уу. Сэтгэлийн баяр цэнгэл таашаалыг мэдэрч, бие биеэ хайрлах л юм даа.

-Та кино урлагийг шүтэж, түүнд уусч, ээнэгшин дассан жүжигчин хүн. Жүжигчний ур чадварыг та юутай зүйрлэх вэ?

-Мэдээж жүжигчин хүнд авьяас байгаа. Асар их хөдөлмөрлөж буй гэхдээ жүжигчин хүний ур чадвар бол мэдрэмж юм. Хүн сонирхсон зүйлдээ илүүтэй  дурлаж байх  ёстой. Кино бол миний хобби. Театр бол миний мэргэжил. Яагаад гэвэл би сургуулиа төгсөөд театрт орж хүмүүжсэн. Өнөөдрийг хүртэл хувь хүн болоод жүжигчнийхээ хувьд мэргэжлийн ур чадвар, ололт амжилтыг олж, өөрийгөө задалж, нээж байна. Киноноос киноны хооронд ажиллах, зохиолтойгоо танилцах, уншлагад орох энэ бүгд үнэхээр амттай сайхан.

-Сайн жүжигчин байхын тулд юун дээр анхаарах ёстой байдаг вэ?

-Сайн жүжигчин болохын тулд хичээлээ сайн хийж, маш сониуч байх хэрэгтэй. Мэргэжилдээ хайртай бол юу сурах ёстойг мэддэг, бүхнийг туршиж үздэг. Тэгээд тэр бүх мэдрэмжээ бусдад өгдөг, мэдрүүлдэг байх ёстой. Жүжигчин хүний ур чадвараа хөгжүүлэхийн тулд маш их санаачилгатай байж, аливааг эрэлхийдэг, үздэг,сонсдог, үргэлж суралцдаг,өөрийгөө задалдаг байх ёстой гэж боддог.

-Таны хамгийн хайртай болоод чамладаг дүр?

-“Аз жаргалын шок” киноны дүрдээ хайртай. Бас чамлалттай санагддаг. Яагаад гэвэл анхны гол дүр болохоор туршлагагүй байсан байна билээ. Одоо эргээд харахад ингэдэг байж, тэгдэг байж гэж өөрийнхөө алдааг олж хардаг даа.

-Азийн зах зээлд гарах олон улсын түвшинд өрсөлдөхүйц бүтээл хийх мөрөөдөлтэй гэсэн. Мөрөөдлийнхөө төлөө ямар алхам хийж байна вэ?

-Азийн тайзан дээр ямар нэгэн бүтээлээр өрсөлдөх мөрөөдөлтэй. Өөрийнхөө дүрээр болоод бүтээлээр өрсөлдөх сонирхол байдаг. Эхний ээлжинд гадаад хэл сурч, сайжруулж байгаад Азийн тайзан дээр өөрийгөө харуулах юм сан гэж хүсдэг. Бас арт кино хийх хүсэлтэй.

-Хэдийгээр хөл хорионы үе ч гэлээ кино, жүжгийн санал ирж байгаа юу?

-Тайз, дэлгэцийн олон бүтээл хийх төлөвлөгөө байна. Сайхан цаг ирэхээр эхнээс нь үзэгчдийн хүртээл болгох тал дээр ажиллаж эхэлнэ. Киноны санал ирж байгаад одоогоор зогссон байна.

-Жүжигчин болоод хэдэн жил болж байна. Өнгөрсөн хугацаанд хэдэн дүр бүтээсэн байна бэ?

-2008 оноос хойш театрт 12 дахь жилдээ ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд хэдэн дүр бүтээснээ тодорхой хэлж мэдэхгүй байна.  Хүн хувийн архивтай байх ёстой юм байна хэмээн харамсаж сууна. Өөрийнхөө тоглосон дүр, зураг, мартагдашгүй сайхан мөчүүдээ хадгалж, тэмдэглэж авах ёстой юм байна гэдгийг ухаарч сууна.

-Эмэгтэй хүний хувьд, ээж хүний хувьд амьдралдаа юуг зарчим болгож баримталдаг вэ?

-Хүүхдүүддээ хэт их ачаалал өгөхгүй, олон юм сургаж, төгс нэгэн болгох гэж хичээдэггүй. Өөрийнх нь хүсэл мөрөөдлийг эхлээд сайтар сонсож, тэднийг харж ажиглаж байж тэдэнд боломж олгох юм сан гэж хичээдэг.

-“Жүжигчин, уран бүтээлч болох гэж байгаа бол эхлээд хүн бол. Хүн судлалыг эзэмш” гэж СУИС-ийн багш нар захидаг юм билээ. Өөрийгөө олно гэдэг их урт аялал юм шиг ээ?

-Найруулагч Б.Баатар агсан “Өөрийгөө олсон жүжигчин цаашаа явдаг юм. Өөрийгөө олоогүй таньж мэдээгүй хүн ямар зарчмаар ажиллах вэ. Өөртөө итгэлгүй, үзэл бодолдоо үнэнч биш байна. Тиймээс жүжигчин хүн эхлээд өөрийгөө олж байж бусад дүрийг босгож чадна” гэж ярьдаг байж билээ. Би энэ хугацаанд өөрийгөө бүрэн олсон гэж хэлж чадахгүй ч олохын төлөө хөдөлмөрлөж яваа залуу уран бүтээлч миний өмнө илүү ихийг мэдэх, өөрийгөө сорих урт аялал, адал явдал бий.

-Олон кинонд дуу оруулж байсан гэсэн. Дуу оруулах нь жүжиглэхээс ялгаатай байх?

-Дэлгэцийн ард жүжиглэх, тайзан дээр жүжиглэх, микрофоны ард жүжиглэх  гэдэг асар өөр. Тухайн дүрийг дуу хоолойгоороо илэрхийлж жүжиглэх нь дүрийн ам нээгдэхээс хаагдах хүртэл сэтгэлийн ямар эмоци гаргаж байна тэр бүхнийг илэрхийлэх чадвартай байх ёстой. Дуу оруулах мэргэжил маш гоё. Би их дуртай байсан. Гэхдээ аавдаа жүжигчин болсноо харуулья гэж зориг шулуудаад, “UBS” телевизээс гарч, театрт шалгалт өгөөд тэнцэж байлаа.

-Улсын драмын эрдмийн театрт хэрхэн хөл тавьж байсан бэ?

-Унаж, босож л явсан.  Өөрийгөө бусдад хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө маш их чармайдаг байсан. Театрынхаа нэр хүндийг доош нь татчихгүй юм сан гэсэн залуу уран бүтээлчийн шазруун, шартай зан нөлөөлсөн дөө. Одоог хүртэл  өөдрөг, сайхан ирээдүйн төлөө хөдөлмөрлөх ёстой гэж хичээж ажилладаг даа.

-Драмын театрын тайзнаа анх ямар дүрээр гарсан бэ?

-Миний дуу оруулсан анхны гол дүр “Алтан түлхүүр” жүжгийн “Буратино” байсан. Тэр дүрээр жинхлэх шалгалт өгсөн. Энэ дүрдээ их хайртай. Түүнээс гадна олны хэсэг болон театрын тайзнаа тавигдсан жүжиг бүхэнд ямар нэгэн байдлаар оролцоно. Анх театрт орохдоо дуу султай хүүхэд байсан. Мундаг жүжигчдэд загнуулна, уйлна, шантрах үе ч цөөнгүй байж дээ.

-Эерэг болоод эсрэг дүр дээр ажиллахад аль нь илүү амттай санагддаг вэ?

-Уран бүтээлч хүний хувьд аль аль нь амттай. Хүмүүс тухайн бүтээлийг эргээд дурсахдаа, надтай уулзахдаа таны тэр дүр сайхан, нөгөө дүр нь муухай гэж яривал би “Ажлаа сайн хийжээ” гэж өөрийгөө дүгнэнэ. Жүжигчин хүн ямар ч дүр дээр ажиллах чадвартай байх ёстой шүү дээ. Миний тоглосон бүх дүр Б.Одончимэгээс өөр, тэс өөр байх ёстой.

-Цаг гарган ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа, цар тахлын энэ үеийг гэр бүлдээ, өөртөө жаргалтайгаар өнгөрүүлээрэй гэж танай сайтын уншигчдад хүсье.

 


URL: http://www.fact.mn/439957.html

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.