2024 оны 04 сарын 19
“Эрдэнэт”-ээс илэрсэн “Ачит Ихт”-тэй холбоотой зөрчлүүд: Овоолго, газар, татвар...

“Эрдэнэт үйлдвэр”-ийн үйл ажиллагааг шалгахаар “Ачит Ихт” ХХК-тай холбоотой ноцтой зөрчлүүд илэрдэг болсон. Нэгэн удаагийн аудитын шалгалтын мэдээллийг Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдэл хүргэж байгаа билээ.

Хоёр жилийн өмнө “Эрдэнэт үйлдвэр”-ийн үйл ажиллагаанд хийсэн аудитаар өгсөн зөвлөмж, аудитын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний хэрэгжилт, түүний үр дүнг шалгаж, давтан аудит хийсэн байдаг.

Зарим томоохон зөрчлүүдийг бид өмнө нь хүргэсэн. Түүнийг үргэлжлүүлбэл:

-“Эрдэнэт үйлдвэр”-ийн гүйцэтгэх удирдлага нь “Ачит Ихт” ХХК-ийн овоолгон уусгах технологи ашиглан катодын зэс боловсруулах үйлдвэр /2013 оны аравдугаар сард бүрэн ашиглалтад оруулсан/ байгуулсныг Зөвлөлийн Оросын хэсэгт танилцуулаагүй, үйлдвэрлэл явуулсныг мэдэгдээгүй талаар хяналт шалгалтын комиссын дүгнэлтэд дурдсан байна.

Зөвлөлийн Оросын хэсгийн хяналт шалгалтын комиссын Оросын хэсгийн “Үйлдвэрийн 2013 оны үйлдвэрлэл, бизнес, санхүүгийн үйл ажиллагаа”-нд хийсэн аудитын дүгнэлтэд “...Үйлдвэрийн талбай дээр тогтоосон хэм хэмжээгээр төсөл хэрэгжиж эхлэхэд Оросын талын хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрлийг авалгүйгээр балансын гадуурх овоолгыг ашиглан овоолгон уусгах технологиор жилд 10000 тонн катодын зэс үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг “Ачит Ихт” ХХК 2010-2013 онд байгуулсан нь алдаа зөрчилтэй, хууль, санхүү, эдийн засаг, техникийн үндэслэлүүдийг танилцуулаагүй, баталгаажаагүй” хэмээн тэмдэглэжээ.

Ингээд үйлдвэрийн гүйцэтгэх удирдлагад балансын гадуурх овоолгыг ашиглан овоолгон уусгах технологиор катодын зэс үйлдвэрлэх үйлдвэрийн хууль, санхүү, эдийн засаг, техникийн үндэслэлийг Хувьцаа эзэмшигчдэд танилцуулах, хувьцаа эзэмшигчдийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг байгуулж, балансын гадуурх овоолго болон байгаль орчныг хамгаалах асуудлыг тусгасан, ашиглалтын нэгдсэн бодлого боловсруулах зөвлөмжийг өгсөн ч хэрэгжүүлээгүй байна.

Иймд Зөвлөлийг үйлдвэрийн Дүрэм болон Компанийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Иргэний хуульд нийцүүлэн холбогдох хэлцэлийн шалгуурыг тогтоох, зөвшөөрөл олгох, үйлдвэрт ашигтай үр өгөөжтэй шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлээгүй нь гүйцэтгэх удирдлага сонирхлын зөрчилд өртөх эрсдэлтэй байж болзошгүй тул холбогдох гэрээг хууль, хяналтын байгууллагаар шалгуулах нь зүйтэй гэж үзжээ.

-Аудитын явцад балансын бус хүдэр, исэлдсэн болон холимог хүдрийн овоолгыг ашиглан хүдэр боловсруулах үйлдвэр байгуулах ТЭЗҮ-ийг ЭБМЗ-өөр хянуулаагүй дараах зөрчлүүд илэрчээ. Тухайлбал, 2011 онд Бээжин хотын “Уул уурхай, металлургийн ерөнхий судалгааны хүрээлэн”-гийн боловсруулсан “Ачит Ихт” ХХК-ийн овоолгон уусгах технологиор катодын зэс ялгах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг ЭБМЗ-өөр хянуулаагүй, түүнийг ашиглахыг зөвшөөрөх эсэх нь тодорхойгүй, хүлээн авсан дүгнэлт гараагүй байхад үйлдвэрлэлийг эхэлсэн байна.

-“Ачит Ихт” ХХК-ийн хүдэр боловсруулах үйлдвэрийн нөөцийг улсын бүртгэлд бүртгээгүй байхад ТЭЗҮ-ийг боловсруулсан нь ашигт малтмал боловсруулах ТЭЗҮ-ийн үндсэн нөхцөл, шаардлагыг хангахгүй байна. Өөрөөр хэлбэл, “Ачит Ихт” ХХК овоолгон уусгах технологиор боловсруулалт хийх үйлдвэрийн ТЭЗҮ-ийг 2014 онд “Жи Эт Эс Юу” ХХК-иар хийлгэж, ЭБМЗ-ийн 2014 оны тавдугаар сарын 12-ны өдрийн 60 дугаар дүгнэлтийг гаргуулсан ч, ЭБМЗ-өөс уг ТЭЗҮ-тэй танилцах хуудсанд “...нөөцийн бүртгэл байхгүй, яаж ямар үндэслэлээр тооцоо хийж ТЭЗҮ боловсруулсан..., ...улсын бүртгэлд нөөцгүй, иймд 90,0 сая тн зэсийг хаанаас ямар байдлаар тооцсон талаар дүгнэлт байхгүй... гэж дурдсан байна. Энэ нь балансын бус хүдрийн нөөцийг улсын бүртгэлд бүртгээгүй байхад зөвхөн “Эрдэнэт үйлдвэр”-ийн балансын бус хүдрийн овоолго, нөөцөд тулгуурлан ТЭЗҮ-ийг боловсруулсантай холбоотой ажээ.

-Хүдэр боловсруулах үйлдвэр байгуулах, туршилт, судалгааны ажлыг явуулахаар “Ачит ихт” ХХК-тай байгуулсан 2010 оны есдүгээр сарын 3-ны өдөр байгуулсан 5/225-10 дугаар гэрээний 5.126, 2013 оны долдугаар сарын 17-ны өдөр байгуулсан АИ-13/02 дугаар гэрээний 12.127, 14.428, 2015 оны зургадугаар сарын 24-ний өдөр байгуулсан №5/199-15 дугаар гэрээний үндэслэлд “ ...Монгол Улсын Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т “...Хуулийн этгээд удирдах байгууллагаараа дамжуулан иргэний эрх зүйн харилцаанд оролцоно...” зөвлөлөөр дэмжигдэж, зөвлөлийн хурлаар батлуулснаар хүчин төгөлдөр болно гэж заасан ч гэрээний заалтууд хэрэгжээгүй, гэрээ хүчин төгөлдөр бус байжээ.

-Үйлдвэрийн удирдлага орон нутгийн Засаг даргатай зөвшилцөхгүйгээр “Ачит Ихт” ХХК-тай  “Газар ашиглах тухай”, “Газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр эзэмшүүлэх тухай” гэрээг байгуулсан нь Газрын тухай хуулийн зарим заалттай нийцэхгүй байна. Тухайлбал: “Ачит Ихт” ХХК-тай 2011 оны 7 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан 01 дугаар “Газар ашиглах тухай” гэрээнд31, үйлдвэрлэл явуулах хугацаанд нийт 28.96 га газрыг32 ашиглуулахаар тусгасан нь Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “...Гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээдэд газар ашиглуулах” гэж заасантай нийцээгүй.

-“Ачит Ихт” ХХК-д олгосон газрын хэмжээ заагийг тэмдэгжүүлэх, координатжуулах, кадастрын зургийг гаргахдаа Орхон аймгийн Газрын албатай зөвшилцөхгүйгээр үйлдсэн.

-Аудитын явцад “Орхон аймгийн Гаалийн газраас “Ачит Ихт” ХХК-ийн 2014-2017 оны гаалийн бүрдүүлэлт, экспортод гаргасан барааны тоо хэмжээ, статистик дүнг авч, тооцоолж үзэхэд нийт 408,826.0 мянган төгрөгийн валютын ханшийн зөрүү гарч байгаа нь “Эрдэнэт үйлдвэр” ашиглалтын төлбөрийн тооцооллыг тухай бүрд нь хянаж, баталгаажуулаагүйгээс дээрх дүнгээр орлого олох боломжийг алдсан тул “Ачит Ихт” ХХК-тай байгуулсан гэрээний 2.6, 3.5 дахь заалтыг бүрэн хэрэгжүүлэх шаардлагатай.

-“Ачит Ихт” ХХК-тай байгуулсан гэрээний гол заалтууд хэрэгжээгүй, “Эрдэнэт үйлдвэр”-ээс гэрээний үүргийн биелэлт, хэрэгжилтэд тавих хяналт хангалтгүй, үр дүнг тооцоогүй байна.

-“Ачит Ихт” ХХК 2015 оны 5/199-15 дугаар гэрээний 2.2 дахь заалтыг үндэслэн 2015 онд 449,964.6 мянган төгрөг, 2016 онд 998,731.6 мянган төгрөг, 2017 онд 2,708,327.2 мянган төгрөг, нийт 4,157,023.3 мянган төгрөгийн ашиглалтын төлбөрт төлсөн.

-“Ачит Ихт” ХХК“ 2015 онд борлуулсан катодын зэсийн тоо хэмжээ, 2017 оны 1-6 сарын ашиглалтын төлбөрийн тооцооллыг Эрдэнэт үйлдвэр”-т ирүүлээгүй байна.

-Аудитын явцад “Ачит Ихт” ХХК-ийн 2014 оны 11 дүгээр сараас 2017 оны 9 дүгээр сарын хүртэлх гаалийн статистик мэдээ дэх экспортод гаргасан 36,350.5 тн катодын зэс, 408,785,042.9 мянган төгрөгийн борлуулалтын орлогын дүнд тулгуурлан ашиглалтын төлбөрийг гэрээнд заасан хувь хэмжээгээр тооцоход нийт 4,657,252.5 мянган төгрөгийг “Ачит Ихт” ХХК-иас “Эрдэнэт үйлдвэр” -т төлөх тооцоо гарсан.

-“Эрдэнэт үйлдвэр” нь “Ачит Ихт” ХХК-ийн борлуулсан катодын зэсийн тоо хэмжээ, борлуулалтын дүнг валютын ханштай уялдуулан ашиглалтын төлбөрийг зөв ногдуулсан эсэхийг хянадаггүй, ашиглалтын төлбөрийг нэмэгдсэн өртгийн албан татвар тооцоогүй дүнгээр хүлээн авснаас шалтгаалан “Ачит Ихт” ХХК /НӨАТ төлөгчийн 2011 оны хоёрдугаар сарын 9-ний 46102 дугаар гэрчилгээ эзэмшигч/-ийн ашиглалтын төлбөрийг 2015-2017 онд 408.8 сая төгрөгийг дутуу тооцсон зөрчил илэрсэн тул нөхөн төлүүлэхээр акт тогтоожээ.

Үргэлжлэл бий...

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.12.11 БААСАН № 237 (6462)

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.