2024 оны 10 сарын 15
Мэдээ, мэдээлэл
Б.Батцэцэг: Хятадын талд нүүрс урт хугацаанд тогтвортой нийлүүлэх гэрээ байгуулахаар тохиролцлоо

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар хоёр улсын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурсны дараа айлчлалын үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийг мэдээллийг хүргэж байна.

Сайд Б.Батцэцэг, Монгол Хятад хоёр улсын хамтын ажиллагаа иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хоёр талын хүчин чармайлтаар цаашид идэвхжүүлэн хөгжүүлэх өргөн хүрээтэй асуудлаар хэлэлцээ хийж, санал солилцлоо. Манай хоёр улс цар тахлын хүндрэл бэрхшээлийг хамтдаа даван туулж, найрсаг бөгөөд харилцан ашигтай хамтын ажиллагааг бүхий салбарт өргөжүүлэн хөгжүүлж байгаад баяртай байна.

Ван И сайдтай хийсэн хэлэлцээний үеэр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлыг дүгнэж, цаашдын чиг хандлага, дээд өндөр түвшний айлчлалын давтамжийн хэмжээг хадгалах, эдийн засаг бүтээн байгуулалтын томоохон төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, Монгол-Хятадын хилийн боомтуудын үйл ажиллагааг өргөжүүлэх зэрэг асуудлуудаар ярилцлаа. Мөн хоёр улсын Гадаад харилцааны яамд хоорондын 2023-2024 онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа.

Цаашид найрсаг хөршийн хувьд харилцаа хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэн өргөжүүлж, илүү ойр дотно хамтран ажиллах нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдлээ.

Хоёр талын худалдааны эргэлт 2021 онд 10 тэрбум ам.долларт хүрснийг нэмэгдүүлэх боломжтой гэж үзлээ.

Монгол-Хятадын хилийн боомтуудын үйл ажиллагааг өргөжүүлснээр уул уурхайн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлт урт хугацаанд тогтвортой явах нөхцөл бүрдэж байна. Эрдэнэбүрэнгийн УЦС-ын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхээр тохиролцлоо. Хоёр талын худалдааны эргэлт 2021 онд 10 тэрбум ам.долларт хүрснийг нэмэгдүүлэх боломжтой гэж үзлээ.



Гашуунсухайт Ганцмод боомтыг төмөр замаар холбох асуудлыг эцэслэн тохиролцож, Хятадын талд нүүрсийг урт хугацаанд тогтвортой нийлүүлэх гэрээ байгуулахаар тохиролцлоо. Ханги-Мандал боомтыг төмөр замаар холбох тухай манай талын хүсэлтийг Хятадын тал анхааралдаа авч, дотоодын холбогдох байгууллагуудтайгаа ярилцахаар тохиролцлоо. Хятадын далайн боомтуудаас Монгол Улсыг зорих галт тэрэгний цувааны тоог тогтмолжуулах, Замын-Үүд-Эрээний боомтын төмөр замын галт тэрэг солилцох хэмжээ болон хилийн боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, боомтуудыг дэлхийн стандартад нийцсэн жишиг боомт болгох асуудлаар ярилцлаа.

Хоёр орны Төрийн тэргүүн нарын ярилцан тохиролцсон тухайлбал, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, шороон шуургатай тэмцэх асуудлаар хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх, “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлэхээр тохирлоо.

Хүмүүнлэгийн хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-д сурч буй монгол оюутнуудыг үргэлжлүүлэн танхимаар хичээллүүлэхээр тохиролцож, иргэдийн харилцан зорчих хөдөлгөөнийг хялбаршуулан сэргээхээр ярилцлаа. Өнөөдрийн хэлэлцээний үр дүнд сэтгэл хангалуун байна. Ван И сайдын манай улсад хийж буй айлчлалын үеэр Монгол-Хятадын харилцаа хамтын ажиллагааны зарим тодорхой асуудлуудыг шийдвэрлэж, бодит үр дүнд хүрсэн гэж дүгнэж байна.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.