2024 оны 04 сарын 19
Чөлөөт цаг
Гамлет буюу театрын бэлэг

1962 оноос хойш дэлхийн “Театрын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай болсон билээ. УДЭТ-ын хамт олон энэхүү баярын өдрөө угтаж жил бүрийн гуравдугаар сарыг “Сонгодог жүжгийн өдрүүд”-ээр зарлаж өөрийн урын сан дахь дэлхийн сонгодог бүтээлүүдээс сор болсон бүтээлээ дээжлэн үзэгч түмэндээ өргөн барьдаг. Энэ удаад жүжгийн сонгодог бүтээлийн гурван оргилын нэг У.Шекспирийн “Гамлет” жүжиг тайзнаа "амиллаа".

Тус жүжгийг шинэчлэн найруулж тавих төсөл эхнээсээ л өрсөлдөөн ихтэй байсан бөгөөд үзэгчдийн ярианы халуун сэдэв болж байв.Найруулагч болон гол дүрийн жүжигчдийн сонгон шалгаруулалт нь хүчтэй “тэмцэл” дунд өрнөсөн гэж хэлж болно. 33 жилийн дараа “Гамлет” шинээр тавих нь гэх яриа бараг хагас жил үргэлжилсэн юмдаг.

Тэр бүхний эцэст тайзнаа тавигдсан “Гамлет” жүжиг сайн, муу олон шүүмжлэлийг араасаа дагуулсан хэдий ч хэвлэл мэдээлэлд нэртэй томоохон нийтлэлч, шүүмжлэгчид тайзны шийдэл, найруулагч, жүжигчин С.Болд-Эрдэнэ, Г.Эрдэнэбилэг нарт л онц дүн тавьсан. Харин жүжигчин О.Ганчимэгийг Офелиягийн дүрд тоглохдоо Жулеттаг бүтээсэнтэйгээ хольж хутгаад байна гэхчлэн шүүмжилж байсан юм. Гэхдээ энэ бүхний талаар сүүлд ярих болно.

Ямартай ч театрын үзэгч олондоо барьсан бэлэг, дахин тайзнаа амилсан “Гамлет” хунтайжийн эмгэнэлт түүх сонгодог урлагийн үнэнч фэнүүдэд таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Жүжиг дууссаны дараа нэгэн хэвийн уйтгарт амьдрал, нийгмийн хар бараан аж төрөхүйг үзэн ядаж, өөрийн оршихуйг тунхаглагч “Гамлет”-аар бэлэг барьсан найруулагч Н.Наранбаатар болоод жүжигчид, тайзны зураач, гэрэлтүүлэгч, арын албаны бүх л хүмүүст хандаж үзэгчид нижгэнэсэн алга ташилтыг чин сэтгэлийнхээ угаас илгээсэн юм.

Хамгийн түрүүнд хэнд онц дүн тавих вэ?

Аавыг нь хороож, ээжийг нь зугаа цэнгэлд урин дуудаж, хаан ширээнд заларсан авга ахыгаа үзэн ядавч хэрхэх учраа ололгүй галзуу хүний дүрд хувирсан Гамлетын өмнөөс театрын улаан суудал дээр заларсан үзэгч бүр шаналж байв. Эцэст нь Гамлет өшөөгөө авлаа. Бүгд баярлав. Дараа нь тэр хортой илдний үзүүрт, үнэнч шударга явсныхаа төлөө амиа өгөв.Гамлет оршихуйгаас чөлөөлөгдөж хумхын тоос болон сарнив. Ингээд л шаналал дуусах нь тэр.

Жүжиг дуусч, үзэгчдийн сэтгэл зүй жүжгийн амьдралаас хөндийрч олон бужигналдаж, гарах хаалга тийш зүтгэх олны дунд эргэн ирэв. Яг тэр мөчтэй уралдаад хамгийн түрүүнд хэнд онц тавих вэ? гэсэн асуулт урган гарна.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.