2024 оны 04 сарын 25
Чөлөөт цаг
Жүдочид хос мөнгөн медаль хүртэв

-Монголын эмэгтэй жүдочид Японы багт 4:1-ээр ялагдаж медалийнхаа өнгийг хувиргаж чадаагүй бол эрэгтэй жүдочид ч мөн адил тивдээ аман хүзүүдлээ-

Жүдо бөхийн 2017 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 26-нд Хонконг хотноо эхэлж, өчигдөр өндөрлөлөө. Энэ удаагийн тивийн аварга шалгаруулах тэмцээнд 29 орны 244 жүдоч ур чадвар, хүчээ сорьж өрсөлдөв. Харин манай улсаас 18 тамирчин оролцож чамлахааргүй амжилтыг үзүүлсэн юм. Өөрөөр хэлбэл, багийн төрөлд Монголын эмэгтэй жүдочид Японы багт 4:1-ээр ялагдаж, медалийнхаа өнгийг хувиргаж чадаагүй бол эрэгтэй жүдочид ч мөн адил тивдээ аман хүзүүдлээ.

Тодруулбал, багийн аварга шалгаруулах тэмцээн тав дахь удаагаа болоход Монгол Улс Японы эмэгтэй шигшээ баг жил бүр аваргын төлөө өрсөлдөж байгаа. Дөрвөн удаа мөнгөн медаль хүртсэн Монголын эмэгтэй жүдочид энэ удаад Японы багт 4:1-ээр ялагдаж медалийн өнгөө хувиргаж чадсангүй. Таван жил дараалан тивдээ финалдаж мөнгөн медалийн эзэн болсон Монголын эмэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнд М.Уранцэцэг, Д.Сумъяа, Б.Мөнгөнчимэг, Б.Хулан, Б.Мөнхтуяа нар багтсан юм.

Харин багийн төрөлд Монголын эрэгтэй жүдочид ч гэсэн мөнгөн медаль хүртэв. Аваргын төлөөх барилдаанд БНСУ-ын багтай таарч 3:2-оор хожигдлоо. Тухайлбал -66кг-д ОУХМ Г.Хэрлэн гурван вазари үнэлгээгээр хожиж яваад барилдааны төгсгөлд боох мэхэнд орж цэвэр хожигдсон. -73кг-д Г.Одбаяр дэлхийн аварга Ан Чангримд вазари үнэлгээгээр хожигдсон бол 81кг-д Н.Дагвасүрэн багтаа эхний ялалтыг авсан.

Г.Алтанбагана өрсөлдөгчөө вазари үнэлгээгээр ялж яваад гар хөшсөн хэмээн шүүгч эсрэг талд ялалт өгснөөр Монголын баг тивийн аваргад түрүүлэх найдваргүй болсон юм. +100 кг-д Олимпын хос медальт Н.Түвшинбаяр аварга Ким Сангвинийг даралтаар цэвэр ялж багтаа хоёр дахь ялалтыг авч ирсэн билээ.

Харин эхний өдрүүдэд манай баг, тамирчид есөн медаль хүртлээ. Өөрөөр хэлбэл, эхний өдрийн барилдаанд нэг алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж, тавдугаар байр, долоодугаар байрт тус бүр нэг тамирчин шалгарснаар багийн дүнгээр гуравдугаар байрт бичигдсэн.

Тодруулбал, 48 кг-д МУГТ М.Уранцэцэг алтан медаль, 66 кг-д барилдсан ОУХМ Г.Хэрлэн хүрэл медаль, 73 кг-д ОУХМ Г.Одбаяр мөнгөн медаль, 52 кг-ын жинд Ч.Аззаяа мөнгөн медаль, 63 кг-д ОУХМ Б.Ганхайч хүрэл медаль, ОУХМ Б.Мөнгөнчимэг мөнгөн медаль хүртсэн юм. Харин тэмцээний хоёр дахь өдөр Монголын гурван жүдоч хүрэл медаль хүртлээ.

Эмэгтэйчүүдийн +78 Б.Мөнхтуяа, эрчүүдийн кг-д Б.Жанчивдорж, кг-д залуучуудын дэлхийн аварга Ө.Дүүрэнбаяр нар хүрэл медаль хүртээд байна. Эмэгтэйчүүдийн 70 кг-д Б.Хулан, эрэгтэйчүүдийн -81 кг-д Н.Дагвасүрэн нар хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдаж шагналт тавдугаар байрт оржээ. Ийнхүү жүдо бөхийн 2017 оны АТАШТ-д Монголын баг тамирчид нэг алт, гурван мөнгө, таван хүрэл медаль хүртэж Япон, БНСУ-ын дараа гуравдугаар байрт шалгарсан амжилтаар тэмцээнээ өндөрлөлөө.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.