2024 оны 04 сарын 20
Шинэ мэдээ
Мануэль Норьега 83 насандаа таалал төгсчээ

Панамын цэргийн удирдагч асан, генерал Мануэль Антонио Норьега 83  насандаа таалал төгслөө.  
Тэрбээр саяхан цус харвалтын улмаас тархины мэс засалд орсон юм. М.Норьега бол АНУ-ын гол холбоотон байсан боловч түүнийг 1989 онд хар тамхи болон мөнгө угаасан хэргээр шоронд хорьжээ. 
 
Тэрбээр мөн Франц болон Панам улсад халдлага үйлдсэн, авлига авсан, мөнгө шамшигдуулсан хэргээр ял эдэлж байсан бөгөөд тархины мэс засалд орохын тулд Панамын шоронгоос 1 дүгээр сард суллагдсан байжээ. 

Норьега нас барсан тухай Панамын олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн төрийн нарийн бичгийн дарга Мануэль Домингюз мэдэгдсэн байна.

Норьега хэзээ ч ямар нэгэн албан тушаалд томилогдож байгаагүй боловч 1980-аад онд Панамын де факто удирдагч нь байсан юм. АНУ-ыг дэмждэг байсан тэрбээр Төв Америкт коммунизмын нөлөөтэй тэмцэхэд Вашингтоны гол холбоотон нь байлаа. 

Гэвч Панамд түүний дарангуйлал улам газар авсан явдалд АНУ залхаж эхэлсэн байна.

АНУ-ын Холбооны шүүх М.Норьегаг 1988 онд хар тамхи наймаалсан хэргээр шүүхэд дуудсан бөгөөд дараа нь түүнийг 1989 оны сонгуулийг луйвардсан гэж буруутгасан байна. 

М.Норьега Панам хот дахь Ватиканы дипломат төлөөлөгчийн газар хоргодож байжээ. Түүний хоргодож байсан байшингийн гадна Америкийн цэргүүд чих дүлийрэм хүнд металл хөгжим хангинуулсаар байв. Эцэст нь 1990 оны 1 дүгээр сарын 3-нд М.Норьега бууж өгсөн байна. Тэрбээр хар тамхи наймаалсан, мөнгө угаасан болон рекэт хийсэн хэргээр 17 жилийн хорих ялаар шийтгүүлжээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.