2024 оны 11 сарын 13
Мэдээ, мэдээлэл
Сонгогчийн саналыг нууцлах ёстой гэв

Сонгогчийн саналыг нууцлах зохион байгуулалт хийх талаар АН-ын Ерөнхий Нарийн бичгийн дарга Ц.Туваан СЕХ-нд албан бичиг илгээлээ. 

Аливаа сонгуульд иргэний саналыг хоёрдогч этгээдэд мэдэгдэхгүй, задрахгүй нууцлах боломжийг бүрдүүлж байж иргэний сонгох эрх чөлөө баталгаажна. Монгол Улсын Үндсэн хууль, Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтуудад сонгуулийн эрх бүхий иргэн нь саналаа нууцаар гаргахыг тус тус заасан байдаг.

Гэтэл өнгөрсөн УИХ, Орон нутгийн сонгуулийн үеэр иргэдийн саналыг хөндлөнгөөс харах, зааварчилгаа өгөх нэрийдлээр зохион байгуулагч ажилтан сонгогчийн саналыг харах зэрэг олон асуудал тулгарч байсан юм. Тухайлбал санал авах байранд үйлчилгээ үзүүлэх, зөвлөх ажилтан нь санал авах төхөөрөмжөөс 4 метрийн зайнд зогсох ёстой боловч зааварлахаар дэргэд нь зогсож, зөвлөгөө нэрийн дор сонгогчийн саналыг ажиглаж байв. Мөн Сонгуулийн ерөнхий хорооноос тухайлан зааварчилгаа өгөөгүйн улмаас нэг сонгогч саналаа өгөх үед бусад сонгогч хажууд нь зогсож, гаргасан саналыг харж байлаа. Энэ нь сонгогч иргэн хэн нэгний нөлөөнд автаж, өөрийн сонголтыг хийж чадахгүйд хүрч, улмаар сонгох эрх чөлөөгөө хязгаарлуулах үндэсийг бүрдүүлж байгаа юм.

Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар сонгогч иргэн тэмдэглэсэн хуудсаа санал авах төхөөрөмжид хийх үед санал авах байрны зохион байгуулагч 4 метрийн зайнд зогсохыг зөвлөмж болгох, сонгогчдыг 4 метрийн зайнд дараалуулан хүлээлгэж, санал тоолох төхөөрөмж рүү явуулах зэрэг зохион байгуулалтын зөвлөмжийг сонгуулийн байгууллагуудад чиглэх болгохыг СЕХ-нд анхааруулжээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.