2024 оны 04 сарын 19
Шинэ мэдээ
Хэн нь илүү эх оронч вэ?

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй С.Ганбаатар, Х.Баттулга нарыг нэг зүйл ижилсүүлж буйг иргэд, олон нийт онцолж байгаа юм. Энэ бол “Эх оронч” имидж.

Тэгвэл хоёр нэр дэвшигчийн хэн нь илүү эх оронч вэ гэдэг асуулт олон нийтийн сонирхлыг энэ цаг үед ихээр татаж байна. Тиймээс бид энэ удаа С.Ганбаатар, Х.Баттулга нарын өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн үйл хэрэг, үг үйлдэл дээр нь тулгуурлан хэн нь жинхэнэ эх оронч, хэн нь дүр эсгэсэн эх оронч вэ гэдгийг харьцуулсан өнцгөөс харуулахыг зорилоо.

Олон нийтийн зүгээс нэр дэвшигч Х.Баттулгыг монголынхоо төлөө цохилох зүрхтэй, эх оронч өвгөдийнхөө үргэлжлэл болсон хүн хэмээн өндрөөр үнэлдэг. Үүнийг мэдэрсэн Х.Баттулга нэгэнтэй өөрийнхөө улстөрийн замналыг эх оронч Манлайбаатар Дандинсүрэн зэрэг төр нийгмийн зүтгэлтнүүдийн туулсан замналтай зүйрлүүлээд авсан удаатай.

Тэгвэл олон нийтийн харж, үнэлж байгаачлан Х.Баттулга нь жинхэнэ эх оронч мөн үү. Эсхүл дүр эсгэсэн эх оронч уу? Уг асуултад хариулт олох үүднээс Х.Баттулгын гэх автортой бүтээн байгуулалтууд, санаачилсан ажлууд дээр жишээ татан цөөн баримт сөхөж байна.

Цонжинболдогт байрлах Чингис хааны морьт хөшөө. Энэ хөшөөг босгосноор монголчуудын бахарлыг сэргээсэн хэмээн тэрбээр ярих дуртай. Гэсэн хэдий ч уг хөшөөг хятадын хөрөнгө оруулалтаар барьсан гэдгийг нь иргэд тэр бүр мэддэггүй болов уу. Тэр ч бүү хэл бахархалдаа мөргөж, үзэж харахын тулд иргэд мөнгө төлдөг. Тэр бүх мөнгө нь Х.Баттулгын эзэмшлийн “Женко тур” тэргүүтэй бизнесийн байгууллагуудынх нь халаас руу  ордог. Өнгөн талаасаа Чингис хааны морьт хөшөөтэй болсон нь монголчуудын бахархал авч өөр өнцгөөс харвал бахархаж явдаг зүйлээр нь Х.Баттулга бизнес хийж, ашиг олдог болох нь ойлгодож байгаа юм.

Мөн Х.Баттулга хэсэг бүлэг нөхдийн хамтаар Тавантолгойг гацаасан “гавьяатай”. Үүнийгээ ч тэрбээр ил тод ярьдаг. Тавантолгой ордыг МСS болон гадны хөрөнгө оруулагч нарт ашиглуулахын эсрэг байсан нь Х.Баттулга уг ордыг хувьдаа авах, цор ганцаараа ашиглах сонирхолтой байсантай нь холбоотой аж.  Үүнийг нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бараг л баталчихсан. Ц.Элбэгдорж, Х.Баттулга над дээр “Тавантолгойг найздаа өгчих” хэмээн ярьж орж ирсэн хэмээн ам алдсан зэргээс харж болно.

Мөн түүний эхлүүлсэн өргөн, нарийн царигийн хэрүүл, хятадын танкны тухай үлгэрийг  монголчууд өнөө ч мартаагүйбайна. Өргөн нарийн цариг гэх хэрүүлээс үүдэж өмнийнговьд одоо ч төмөр зам баригдаагүй бөгөөд үүний балгаар монголын говь нүүрс ачсан ачааны тэргүүдэд талхлагдан, тал нутгийн хөрс шороо түйрэн болсоор байна.

Мөн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын асуудлаас үүдэж тэрбээр өнгөрсөн хугацаанд хуулийн байгууллагад дуудагдан шалгагдаж байв. Хачирхалтай нь хуулийн байгууллагад шалгагдаж байсан сэжигтэн этгээд өдгөө Ерөнхийлөгчид нэр дэвшээд явж байна. Энэ бол Х.Баттулгын эх оронч дүр төрхний цаана нуугдсан жинхэнэ үнэн.Энэ бүхэн тэгвэл эх оронч хүний үйлдэл мөн үү? Дүгнэлтийг уншигч танд үлдээе.

С.Ганбаатарыг эгэл жирийн түмэн олон шударга үнэний дуу хоолой болсон эх оронч гэх. Эсэргээрээ эрх баригчид гацаагч, популист хэмээн нэрийдэх. Тэгвэл С.Ганбаатар гэх хүн чухам энэ хоёрын аль юм бэ. Тэр яг юуг гацаасан бэ гэдэг талаар товчхон өгүүлье.

Түүний тухайд томоохон мега төслүүдийг хөдөлгөхийг хэнээс ч илүү дэмждэг нэгэн. Гагцхүү ингэж дэмжихдээ гэрээ хэлэлцээр нь ямагт монголын талд ашигтай байх гэсэн ганцхан шаардлагыг л тавьдаг юм. Түүний хувьд Оюутолгойн луйврын шинжтэй гэрээг анхнаас нь хүлээн зөвшөөрөөгүй. Түүнээс биш Оюутолгой орд ашиглалтад орсонд ундууцсан зүйлгүй харин ч Оюутолгойн гэрээг монголд ашигтай нөхцлөөр дахин хийж, 2037 оноос орж ирэх ноогдол ашгийг цаг хугацааны хувьд наашлуулах хэрэгтэй хэмээн тэмцэл өрнүүлсэн нь эрх баригчдад таалагдаагүйгээр үл барам “гацаагч” гэх алдрыг хүртэхэд хүргэсэн бололтой юм.

Тэрбээр, “Би ямар ч том төсөл, эдийн засгийн томоохон хэлцэл шийдвэрүүдийг гацааж байгаагүй. Харин уул уурхайн том төслүүдээр дамжуулан амин хувьдаа ашиг олох гэсэн улстөрчдийн увайгүй үйлдлийг л гацаасан ганц гэмтэй” хэмээн ярьсан удаатай. Үнэхээр ч түүний өнгөрсөн хугацаанд хийсэн мэдэгдлүүд, улстөрийн алхмуудыг харахаар тийм мэт.

С.Ганбаатарыг эх оронч гэдгийг нотлох өөр нэгэн баримт бол тэрбээр ямагт иргэдийнхээ талд байж, амжиргааны гол эх үүсвэр болсон цалин тэтгэврийг нэмүүлэхэд анхаарал хандуулж ирсэн явдал юм. С.Ганбаатарын идэвхи, санаачлага, тэмцлийн үр дүнд Засгийн газар нийгмийн салбарт ажиллагсдын цалин, тэтгэврийг удаа дараа нэмж байсан нь үүний нотолгоо. Тэрбээр ажиллах нөхцлийг сайжруулан цалин хангамжийг нэмэгдүүлснээр чинээлэг дундаж өрхүүд олноор бий болж монгол улс хөгжинө хэмээн ярьсаар ирсэн. Өнөөдөр ч энэ л үгээ ярьж явна.

С.Ганбаатар эх орон, газар шороо, эрдэнэс баялгаа гадныханд найр тавин наймаалагчидтай, ард түмнээсээ хулгайлж дээрэмдсэн хөрөнгө мөнгөө гадагшлуулж оффшор данс нээгчидтэй эрс шийдвэртэй эсэргүүцэн тэмцэлдсэн. Тэр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихдээ оффшорчдын харьд нуусан мөнгийг олж ирнэ хэмээн амлажээ. Мөн тэрбээр олигархиуд болоод оффшорчдын үүр уурхай болсон“МАНАН-д орсноос үхсэн нь дээр” гэж гав ганцаархнаа чанга дуугаар хэлж чадсан юм. Яагаад гэвэл тэр тэмцэгч, үйлдвэрчний зүтгэлтэн хэвээрээ үлдсэнээс, олон түмнийхээ эрх ашгийг бурхан адил эрхэмлэснээс тэр билээ.

МАХН-ын сонгуулийн штаб

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.