2024 оны 04 сарын 19
Чөлөөт цаг
Нью-Йорк таймс: Умард Солонгосын арми цагт 300 мянган сумаар галлах чадвартай

Америкчууд Умард Солонгосын объектуудад маш оновчтой цохилт өгсөн ч гэсэн умардынхны хариу цохилт нь 10 сая хүн амтай Сөүл хотод асар их эвдрэл сүйрэл учруулна гэж  "New York Times" сонины лхагва гарагийн дугаарт бичжээ.

Хэдийгээр Өмнөд Солонгосын тал илүү орчин үеийн боловсронгуй зэвсэг техниктэй боловч газарзүйн хувьд тун ашиггүй байрлалтай юм. Тодруулбал, тус улсын хүн амын тал орчим хувь нь хоёр Солонгосыг заагласан цэрэггүй бүсээс 80,5 км-ийн зайд оршин сууж байна. Тэгвэл Сөүл хэмээх асар том мегаполис хотын хойд зах нь хилээс ердөө 48,3 км-ийн зайтай. “Үндэсний аюулгүй байдлын үүднээс үзвэл, энэ бол маш аюултай” гэж Бусан хотын Их сургуулийн улс төр судлаач Роберт Келли үзэж байна.

Цэргийн шинжээчдийн тооцоолсноор, Умард Солонгосын тал цэрэггүй бүсийн ойролцоо 8000 их буу болон пуужин харвах төхөөрөг бөөгнөрүүлэн байрлуулаад бөгөөд ийм тооны зэвсэг нь нэг цагийн хугацаанд 300 мянган ширхэг сумаар галлах чадвартай аж. Өөрөөр хэлбэл, үй олноор хөнөөх зэвсэг хэрэглэхгүйгээр эсрэг талд асар их хэмжээний хохирол учруулж чадна. Үүнээс гадна умард солонгосчууд хэдэн арваар тоологдох цөмийн цэнэгт хошуутай бөгөөд тэдгээрийн ердийн пуужинд байрлуулснаар Япон болон Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрийн ихэнх хэсэгт байгаа объектуудыг онилон устгах боломжтой гэнэ.

Үүний сацуу Умард Солонгосын их буу, пуужингийн тусгалын зай бага гэсэн ойлголтыг Нью-Йорк Таймс сонин няцаалаа. Умардын арми 170 мм-ийн их буу, 300 мм-ийн зэрэг галлах тийрэлтэт системүүдтэй бөгөөд эдгээр зэвсгийн тусгал нь Сөүл хотын хойд захын дүүргүүдэд хүрч чадах юм. Умард солонгосчууд ийм төрлийн 1000 гаруй нэгж зэвсгийг цэрэггүй бүсийн ойролцоох агуй, хонгил, бункер дотор байрлуулаад байгаа аж.

Харин эдгээр зэвсгийн найдвартай байдал гэдэг бол өөр асуудал юм. 2010 онд Умард Солонгосын тал Өмнөд Солонгосын арал руу 170 сумаар галлах үед хоёр хүн амь үрэгдэж, нэг хүн шархадсан гэдгийг "Нью-Йорк Таймс" сонинд сануулан дурджээ. Тухайн үед нийт сумны 25 хувь нь дэлбэрээгүй гэдгийг цэргийн шинжээчид дурдаж байна.

АНУ-ын Калифорни муж улсын Nutilus хүрээлэнгийн мэргэжилтнүүдийн тооцоолон дүгнэснээр, байлдааны ажиллагааны эхний үе шатанд Умард Солонгосын их буунууд зөвхөн цэргийн объектууд галласан тохиолдолд дайсны 3000 цэргийг устгаж чадах аж. Харин иргэний байгууламжууд руу галлах аваас дайн эхэлснээс хойш хэдхэн цагийн дотор 30 мянга гаруй энгийн номхон иргэд амиа алдах магадлалтай.

Үүний хариуд АНУ болон Өмнөд Солонгосын арми цаг тутамд Умард Солонгосын их буунуудын 1 хувийг, нэг хоногийн хугацаанд нийт зэвсгийн 20 гаруй хувийг устгаж чадах аж.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.