2024 оны 04 сарын 18
Шинэ мэдээ
Хүүхдийн мөнгөөр томчууд улс төр хийдэг

Хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох санааг анх АН-ынхан гаргаж, улмаар УИХ-ын сонгуульд хамгийн олон суудал авч байлаа. МАН ч 2016 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгохоор мөрийн хөтөлбөртөө тусгасан юм. Гэвч засаг автал бодит байдал дээр санхүүжилтгүй болсон, мөн ОУВС-гийн шаардлага дор Ж.Эрдэнэбатын Засгийн газар хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгтээ буюу нийт хүүхдийн 40 хувьд олгож байв.

Харин 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны санал хураалтаар МАН-ын нэр дэвшигч хоёроор гарч ирснийг Хүүхдийн мөнгийг хэсэгчлэн олгож эхэлснээс боллоо гэж тус намынхан дүгнэсэн байдаг юм. Тийм учраас УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Амарбаясгалан нар Засгийн газрыг  хүүхдийн мөнгөө хүүхэд бүрт олгож эхлэхийг шахаж байжээ. Энэ цаг үед эдийн засаг өсч, төсвийн орлого сүүлийн 4 жилд анх удаа 530 гаруй тэрбум төгрөгөөр давсан байсан юм. Иймд намын ерөнхий нарийн бичгийн дарга, Ерөнхийлөгчийн сонгуулийн ерөнхий менежер болон сошиалын баг хариуцсан штабын дарга нар болох дээрх хоёр эрхмийн шаардснаар Засгийн газар хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох шийдвэр гаргасан юм.

Тухайн үед МАН-ын бүлгийнхэн Засгийн газрын дээрх шийдвэрт талархаж, Ерөнхийлөгчийн сонгуульд ялчихлаа хэмээж байжээ. Гэтэл өнөөдөр Засгийн газрыг огцруулах үндэслэлд “хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгож төсвийн хууль зөрчсөн” гэжээ. Өөрөөр хэлбэл, гишүүн Л.Оюун-Эрдэнэ нар хүүхдийн мөнгөөр дахиад улс төр хийж эхэлжээ. Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдахаараа хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд өгсөнгүйгээс боллоо гэнэ. Засгийн газрыг огцруулахаар санаархах болохоороо хүүхдийн  мөнгийг бүх хүүхдэд олголоо гэж буруутгана.

Монголын улстөрчид хүүхдийн мөнгө нэрийн дор хүүхдээр ингэж улстөр хийдэг болжээ.

Н.БАЯР

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.