2024 оны 04 сарын 20
Чөлөөт цаг
Олимпын медальт тамирчин хар тамхины хэрэгт холбогджээ
Олимпийн медальт 28 настай Австралийн тамирчин, дугуйчин Жак Бобриж өөрийн нутагтаа хар тамхи худалдаалсан хэрэгт буруутгагджээ.

Ж.Бобриж өнгөрсөн лхагва гарагт Перт хотод MDMA буюу ихэвчлэн экстаси гэж нэрлэдэг мансууруулах бодис 5 ширхэгийг худалдан борлуулах зорилгоор авч явж байгаад баривчлагджээ. Тэрбээр пүрэв гарагт батлан даалтаар суллагдсан бөгөөд ирэх сард түүний шүүх хурал болох юм. Тамирчин өнгөрсөн жил үе мөчний өвчний улмаас их спортоос зодог тайлсан билээ.

Цагдаагийнхан түүний Перт дэх гэр болон бэлтгэлийн байрыг нэгжсэний дараа баривчилгаа хийсэн юм. Хотын хэд хэдэн газруудаар сэжиг бүхий зөвшөөрөгдөөгүй бодис худалдаалагдаж байсан хэргийг урт хугацааны туршид мөрдөж мөшгөсний эцэст тус баривчилгааг хийсэн байна.

Цагдаагийнхан өнгөрсөн 6 дугаар сараас хойш гүйцэтгэх ажиллагаа явуулсны эцэст 1 сая австрали долларын үнэтэй хар тамхийг хурааж 61 хүнийг тус хэрэгт холбогдуулан баривчилжээ. Хураагдсан хар тамхинууд нь MDMA буюу экстаси төрлийн хүчтэй бодисууд байсан бөгөөд  кокайн болон каннабис төрлийн мансууруулах бодис ч байжээ.

Ж.Бобриж нь 3 удаа дараалан Олимпд багаараа оролцож 2012, 2016 онуудад мөнгөн медаль хүртэж байсан бөгөөд улсын 4 удаагийн аварга, ганцаарчилсан төрөлд 2011 онд 4 км-ийн зайд дэлхийн рекорд эвдэж байсан туршлагатай шилдэг тамирчны нэг юм. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.