2024 оны 10 сарын 15
Мэдээ, мэдээлэл
“Могултаун” хотхоны 350 гаруй айлын оршин суугчдын эрүүл мэнд, эд хөрөнгө хөлдөх эрсдэлд ороод байна
Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны “Могултаун” хотхоны оршин суугчид “Могулскай” ХХК-ийн хариуцлагагүй байдал, өр төлбөрийн маргааны улмаас хохироод байгаа аж. Тодруулбал,  тус хотхоны 350 гаруй айлын 2000 гаруй хүний эрүүл мэнд амь нас, онц их хэмжээний эд хөрөнгө хөлдөх, улмаар цахилгааны хэт ачааллын улмаас шатах эрсдэлд ороод байгаа тухай иргэд мэдээллээ. Улмаар хотхоны иргэд даарч бээрэхийн эрхэнд олноороо цахилгаан халаалт залгах үед цахилгааны утас, кабель, гал хамгаалагч ачааллаа дийлэхгүй хайлж шатаж галын аюултай нөхцөлд байх болсон байна.
Мухардалд орсон энэхүү асуудлыг шийдвэрлэх, нийслэлийн иргэдийн амь нас эрсдэх, их хэмжээний эд хөрөнгө хөлдөх, шатах  аюулаас нэн яаралтай сэргийлэх шийдэл нь  уг магистрал шугам, ЦТП-г  нийслэлийн  өмчид  хүлээн авах юм. Одоогоор 3 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдээд байгаа 1,7км, 300 мм голчтой дулааны хос шугам, 200 мм голчтой цэвэр усны хос шугам, 160квт 3 ширхэг насос, 10Мвт 3 ширхэг ялтаст дулааны солилцуур бүхий ЦТП буюу дулаан дамжуулах төвийг  хөрөнгө оруулагчдын зүгээс нийслэлд хүлээлгэн өгөхөд бэлэн байгаа аж.
Гагцхүү гүйцэтгэгч компаниудад төлж барагдуулах ёстой төлбөрийн үлдэгдэл 600 сая төгрөгийг шийдвэрлэснээр улс 3 гаран тэрбум төгрөгийн өртөг бүхий шугам, инженерийн байгууламжийг нийслэл өөрийн мэдэлд авах боломж бүрдээд байгааг иргэд хэлж байна. Ингэснээр уг шугамаас дулаан хангамжаа авдаг 4000 гаруй хэрэглэгч дулааны найдвартай эх үүсвэрээр хангадахын сацуу  эдийн засгийн тооцоо талаасаа ч дулаан хангамжийн сүлжээнээс төвлөрүүлэх орлого нэмэгдэж, дундын зуучлалын зардал танагдаж таатай нөхцөл бүрдэх юм. Тиймээс дээрх  нөхцөл байдлыг онцгой анхаарч, 2-3 жил дамнасан уг асуудлыг яаралтай шийдвэрлэж арга хэмжээ авч өгөхийг хотхоны иргэд албаны хүмүүсээс хүслээ.
 
Г.НАРАН

Эх сурвалж http://www.info.mn

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.