2024 оны 04 сарын 20
Мэдээ, мэдээлэл
Д.ЭНХБАТ: Б.ХУРЦ НАДААС ХУВИЙН ӨС ХОНЗОНГОО АВЧ, ГЭМТ ХЭРЭГТЭН БОЛГОСОН

ТЕГ-ын Улсын төсөв, орлого хяналтын газрын Эрсдлийн удирдлага судалгаа үнэлгээний хэлтсийн дарга асан Д.Энхбат нарт холбогдох хэргийг гурван шатны шүүх хянан хэлэлцээд найман жил чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх шийдвэр гаргаж байсан. Д.Энхбатыг Татварын ерөнхий газарт ажиллаж байхдаа албан тушаал эрх мэдлээ урвуулан ашигласан, хууль бусаар хөрөнгөжсөн, онц их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн хэмээн буруутгасан. Улмаар гурван жил гаруй хугацаанд хоригдоод суллагдсан Д.Энхбаттай уулзаж ярилцлаа.


-НЭР ТӨРӨӨ ХАМГААЛАХЫН ТУЛД Б.ХУРЦ МАНАЙ ГЭР БҮЛИЙН ХҮНТЭЙ ТОХИРОЛЦООНД ХҮРЧ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ШИЙДВЭРТ НӨЛӨӨЛСӨН-
-Таныг улсад онц их хэмжээний хохирол учруулсан. Хэдэн тэрбум төгрөг хууль бусаар олж авсны улмаас хорих ялаар шийтгүүлсэн гэдгийг хүн бүр мэднэ. Гэнэтхэн АТГ-аас таныг шалгаад эхэлсэн байдаг. Тухайн үед юу болсон талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?
-ТЕГ-ын Улсын төсөв орлого хяналтын газрын Эрсдлийн удирдлага судалгаа үнэлгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан Даваагийн Энхбат гэж хүн би байна. ТЕГ-ын Төрийн албаны салбар зөвлөлөөс 2012 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр ТЕГ-ын Хуулийн хэлтсийн даргын нээлттэй сонгон шалгаруулалт зарласан. Миний бие дээрх шалгаруулалтад ороод тэнцсэн. Ингээд хуулийн дагуу энэ албан тушаалыг хашихад ямар нэгэн эрх ашиг байна уу гэдгийг хянуулахаар АТГ руу миний материал явсан байдаг. Авлигын эсрэг хуулийн дагуу энэ албан тушаалыг эрхлэхэд ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил байгаа эсэх хариуг арав хоногийн дотор албан тоотоор ирүүлэх ёстой байдаг. Гэтэл хариу ирэх хоног хугацаа өнгөрчихөөд байхад АТГ-аас албан ёсны хариуг ирүүлдэггүй. Ингээд би өөрийн танилын хүрээнд тухайн үеийн УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн хүнээр Б.Хурц руу яриулж, мессэж бичүүлсэн. Мөн тухайн үед Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан хүнээр асуулгаж, тодруулсан. Аль алинд нь “Энэ бацаан чинь намайг зовж байхад эр хүний шинжгүй зан гаргасан шүү дээ” гэсэн хариултыг өгсөн байдаг. Би Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан манай Татварын ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан хүнтэй холбогдоход “Чи Б.Хурцын хорхойтой шүдэнд зуугдчихсан байна шүү дээ. Чамд үнэхээр дургүй байна. Юун албан бичгийн хариу. Чамайг бүр оролдохоор байна даа” гэж хэлсэн.
-Тэгээд юу болсон юм бэ?
-Тагнуулын ерөнхий газрын даргад миний талаар таагүй зүйлс хэлснээс долоо хоногийн дараа АТГ-ын Дүн шинжилгээний хэлтсээс миний Хөрөнгө орлогын мэдүүлэгт шалгалт хийж эхэлсэн. Би АТГ-аас шаардсан санхүүгийн бүх баримт, материалыг гаргаж өгөөд, тайлбар тодруулга өгөөд явсан. Энэ өдрөөс хойш 20 гаруй хоногийн дараа буюу 2013 оны нэгдүгээр сарын 26-ны баасан гаригт АТГ-ынхан миний ажлын өрөөнд нэгжлэг хийн, намайг баривчлан шууд цагдан хорьсон. Намайг ямар хэрэгт холбогдуулан шалгаж байгаагаа тайлбарлахгүй олон хоног хорьсон. Гагцхүү сард нэг удаа ирээд өөрийнхөө хөрөнгийг тайлбарла, миний хөрөнгө орлогын мэдүүлгийн орлого хэсэгт бичсэн 119 сая төгрөгийн асуудлыг тайлбарлуулж, мэдүүлэг авч, асуухаас өөр зүйлийн талаар асуудаггүй атлаа хоёр сар хорьсны эцэст надад мөнгө угаасан, авлига авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, албан тушаалаа урвуулан ашигласан, бусдын хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн, татвар төлөхөөс зайлсхийсэн гэсэн зургаан зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Татварын байгууллагад ажиллахаасаа өмнө би “Арц билэг” нэртэй өөрийн компанитай байсан. Ингээд би 2006 оноос татварын байгууллагад орж ажиллахдаа өөрийн хувийн бизнесийнхээ ашиг орлогоор олсон хөрөнгө, орлогоо ХОМ-тээ бүрэн, үнэн зөв мэдүүлж байсан. Гэтэл намайг цагдан хориод хоёр хоногийн дараа эхнэрийнхээ хувийн данс руу улсын төсвийн мөнгөнөөс дөрвөн сая ам.доллар шилжүүлсэн. Мөн Д.Энхбатын амьдарч байсан гэрийн орцны үүднээс сейфтэй бэлэн мөнгө юань олдлоо. “Портер” маркийн ачааны машины тэвш дүүрэн мөнгө авч явсан хүнийг шалгахад Д.Энхбатын мөнгө болох нь тогтоогдлоо гэх мэт ор үндэсгүй худал мэдээллийг сонин хэвлэлээр цацаж эхэлсэн. Ингээд маш том авлига, хээл хахуул авдаг хүнийг илрүүлсэн мэт ойлголтыг олон нийтэд төрүүлсэн.

-Таныг ар гэрийнхэн болон өмгөөлөгчтэй нь уулзуулахгүй байна гэх мэдээлэл гарч байсан санагдаж байна?

-Намайг цагдан хориод хоёр сар гаруй хугацаа өнгөрөхөд надад нэг ч удаа ар гэрийн эргэлт оруулаагүй. Бүр АТГ-аас өмгөөлөгчтэй долоо хоног уулзуулахгүй хязгаарлаж байсан. Цагдан хорих хугацаанд дандаа хүний амь хөнөөсөн онц аюултай гэмт хэрэгтнүүдтэй хамт хорьдог байсан. Маш их дарамт шахалт үзүүлж байсан.
-Таныг ямар хэрэгт буруутгаж, найман жил хорих ялаар шийтгэсэн юм бэ?
-Гэтэл намайг 1.2 жил цагдан хорьсны эцэст 2014 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс татвар төлөхөөс зайлсхийсэнд 7.6 жил, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зүйл ангид зургаан сар нийтдээ найман жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийтгэх тогтоол гаргасан. Намайг буруутгах гол үндэслэлээ гаргахдаа Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Энхтайван, Алтанцэцэг нар АТГ-т бүтэн сарын хугацаанд сууж 3.7 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн гэсэн дүгнэлт гаргасан. Энэ дүгнэлтийг Шүүхийн үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжилгээний хүрээлэнгээр шалгуулсан. 2013 оны наймдугаар сарын 21-нд Шүүхийн үндэсний хүрээлэнгийн 164 тоот дүгнэлтийг эдийн засгийн үнэлгээний хэлтсийн дарга цагдаагийн хошууч Жаргал, Жанелхан гэсэн хоёр шинжээч шалгаад 15 сая төгрөгийн татвараа дутуу тайлагнасан байна гэсэн дүгнэлт гаргасан. Гэтэл дүгнэлтийн мөнгөн дүн нь эрүүгийн хэрэг үүсгэх хохиролд хүрэхгүй байсан тул АТГ-ынхан дүгнэлт гаргасан Жаргалыг Дархан-Уул аймгийн хорих ангид зургаан сар, Жанелханыг нь Цагдан хорих төвд гурван сар хорьсон. Тэднийг санаатайгаар Д.Энхбатаас авлига хээл хахууль авч, хуурамч дүгнэлт гаргалаа гэх үндэслэлээр шалгаж хорьсон байдаг. Үүний дараа Сугармаа, Алтанцэцэг, Ганбаатар гэсэн гурван хүнээр 2013 оны арваннэгдүгээр сарын 29-нд дахин шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Тэдний гаргасан дүгнэлтээр “Д.Энхбат нь 50 сая төгрөгийн татвараас зайлсхийсэн байна” гэж илтэд худлаа дүгнэлт гаргасан. Мөн таван жилийн хугацаанд миний нэрийн дансаар 592 сая төгрөгийн орлого орж ирсэн байна. Тиймээс үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр буруутгасан. Өмгөөлөгч нар бүхий л хуулийн хүрээнд намайг буруугүй гэдгийг нотлох баримт шүүх дээр гаргаж тавьсан. Гэвч энэ бүгдийг авч хэлэлцээгүй. Миний хэргийг татварын гэх тодотголтой Ч.Гансүх нарын хэрэгтэй нийлүүлчихсэн.
-Таныг АТГ-ын даргаар ажиллаж байсан Б.Хурц хэлмэгдүүлсэн гэж ярилаа. Та хоёрын дунд хувийн өс хонзонгийн ямар асуудал байдаг юм бэ?
-2009-2010 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Б.Хурцыг АТГ-аа сэрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан. Мөн түүний эзэмшлийн “Сарнайх” компанийг ТЕГ-ын Хяналт шалгалт арга зүйн хэлтсийн байцаагч Бавуусүрэнгийн Жаргал шалгаж, 200 гаруй сая төгрөгийн зөрчил илрүүлж, 70 гаруй сая төгрөгийн акт тогтоож, иргэн Б.Хурцын хувь хүний орлогын албан татвар сая гаруй төгрөгийн актыг Хан-Уул дүүргийн татварын хэлтэс дээр актны өрийг нь барагдуулсан байдаг. Харин “Сарнайх” компанийн 70 сая төгрөгийн татварын актыг Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж, хэрэгсэхгүй болгосан байдаг. “Сарнайх” компани татварын хяналт шалгалтад орж байх хугацаандаа өөрийн харилцдаг Баянгол дүүргийн татварын хэлтэст санхүүгийн тайлангаар 100 гаруй сая төгрөгийн ногдол гаргасан байдаг. Бид хуулийн дагуу ажиллаж “Сарнайх” компанийн татварын ногдлыг хураан барагдуулсан юм. Тухайн үеийн Татварын ерөнхий газрын дарга над руу утасдаж “Б.Хурц яриад байна. “Сарнайх” компанийн татварын өрийг түр хойшлуулж, дансыг нь нээгээд өг” гэж хэлсэн. Хуулийн хүрээнд татварын өрийг хойшлуулах ямар ч хууль зүйн үндэслэлгүй боломж байхгүй гэдэг албан ёсны хариултыг өгч байсан. Харин “Сарнайх” компанийн дээрх татварын ногдлыг барагдуулах явцад Б.Хурцад бусдыг хууль бусаар хулгайлж, улсын хил нэвтрүүлсэн гэсэн асуудлаар Герман улсын хууль хяналтыханд шалгагдаад хоригдож байсан үе таарсан юм. Тэр үед л татварын өр барагдуулах төрийн ажил хийгдэж таарсан. Бид ч өрөө аваад дууссан. Түүний гэр бүлийн хүн өр ширнийхээ асуудлаар манай байцаагчидтай уулзсан. Надтай уулзах гэж хэл ам гаргаж байсан юм. Ийм л асуудлаас болж Б.Хурц надад өс хонзон санаж явсан байна лээ. Ингээд АТГ-ын дарга болоод л хувийн өс хонзонгоо эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж авсан юм. Би төрийн ажлыг үнэнч шударга хийснийхээ төлөө Б.Хурц гэх хүний өстөн дайсан болсон. Үүнийхээ ч горыг амсаж, хэлмэгдэж шоронд хоригдсон. Шоронд анх хоригдож байхад миний эхнэр төрөөд удаагүй байсан. Би хүүхдээ хоёр сартай байхад шоронд ороод гурван нас гарантай байхад гарч ирсэн. Намайг ингэж хэлмэгдүүлж, гэмт хэрэгтэн болгосонд маш их гомдолтой явдаг.
-Танай гэр бүлийн хүн тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Б.Хурц хувийн өс хонзонгоо авч, нөхрийг минь гэмт хэрэгтэн болгосон” гэсэн ярилцлага өгсөн. Төд удалгүй өмнөх ярьсан зүйлээ үгүйсгэж, би худал ярьсан юм гэх утгатай ярилцлага дахиад өгчихсөн байсан. Энэ ямар учиртай юм бэ?
-Миний гэр бүлийн хүн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарсны дараа нэгэн сонинд ярилцлага өгсөн юм. Болж өнгөрсөн зүйлсийн талаар “Б.Хурц төрийн их эрх мэдлийг хувийн өс хонзондоо ашиглаж байна” гэсэн гарчигтай надтай холбоотой зүйлсийн талаар ярьсан. Үүний дараа Б.Хурцтай холбоотой асуудлаар хэвлэлийн бага хурал хийхээр болсон юм. Харамсалтай нь хэвлэлийн бага хурал хийхийн өмнөх өдөр миний өмгөөлөгч, Монгол Улсын гавьяат хуульч, Суурийн Жанцан шатнаас унаж харамсалтайгаар амь насаа алдсан. С.Жанцан багш маань зөвхөн надад төдийгүй, олон хүнд хуулийн мэдлэг боловсрол олгосон буянтай хүн байсан юм даа. Мөн тэр өдөр гэрийнхээ гадаа унадаг дугуйтай тоглож байсан хүү минь алга болсон. Эхлээд унадаг дугуй нь алга болсон. Дугуйныхаа араас явсан хүү минь алга болчихсон байдаг. Эдгээр шалтгааны улмаас хэвлэлийн хурлаа хийж чадаагүй. Сонинд миний эхнэрийн ярилцлага гараад удаагүй байхад Б.Хурц хүмүүсээр дамжуулж, эхнэртэй тохиролцоо хийх хүсэлт тавьсан юм билээ. Энэ тохиролцоо 2014 оны тавдугаар сарын 30-ны өдөр төв талбайн хажууд байдаг нэгэн рестораны 17 давхрын тусгай өрөөнд болсон. Б.Хурцтай эхнэрийн төлөөний хүн очиж уулзсан. Тэр үед Б.Хурцтай яригдсан тохиролцоо нь манай гэр бүлийн хүнийг “Сонин дээр ярьсан зүйлээсээ буц. Тухайн үед би айж сандарсан. Хүмүүсийн ятгалганд орж, Б.Хурцын нэр төрд халдчихлаа гэж ярь. Хэвлэлийн хурлаа зогсоо. Хэрэв миний саналыг хүлээн авахгүй бол асуудал бүр хүндэрнэ шүү гэж тулгасан санал тавьсан байдаг. Ингээд Б.Хурцтай уулзсан найз маань эхнэрт очиж тавьсан саналыг нь хэлсэн. Арга буюу дарамт шахалтад орсон гэр бүлийн хүн маань өөрийнхөө хэлсэн ярьсан зүйлээс буцаж, нэг хоногийн өмнө ч болов ханилсан эр нөхрөө шоронгоос гаргахын тулд саналыг нь хүлээн авсан байдаг. Ингээд өөрийн гарын сэтгүүлчийг явуулж, цаанаасаа зохион байгуулалттай ярилцлагаа эхнэрийн машин дотор авсан байдаг. Ингээд 2014 оны аравдугаар сарын 30-ны өдөр Улсын дээд шүүхийн Эрүүгийн тэнхимийн шүүх хуралдаанаар хоёр жилийг хасч, зургаан жилийн хорих ял оноосон. Б.Хурц дөрвөн сарын дараа болох дээд шүүхийн шийдвэрт нөлөөлж чадахаа бидэнд хэлээд сууж байсан. Тэр Монголын шүүх, хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд бүрэн нөлөөлж чадаж байсны тод жишээ иргэн над дээр ингэж илэрсэн. Б.Хурцын компанийн татвараас зайлсхийсэн татварын мөнгийг төрийн сан хөмрөгт оруулсныхаа төлөөсөнд төрийн жирийн алба хаагч би хэлмэгдэж, хилсээр гэмт хэрэгтэн болсон юм даа. Б.Хурцын манай найзтай тохиролцоо хийсэн бүх баримтыг бид бэхжүүлж авсан байгаа. Эцэст нь хэлэхэд би тангараг өргөсөн төрийн албан хаагч хүн. Би хэнийг ч гүтгээгүй. Болсон зүйлсийг үнэн зөвөөр нь баримттай хүргэж байна.

Г.БАТЗОРИГ

 

 
 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.