2024 оны 04 сарын 20
Чөлөөт цаг
Ертөнц дахиныг “байлдаангүй” дагуулах биткойн

Өнөөдөр интернэтээр тархах нэгэн цахим валютад дэлхий даяараа анхаарал хандуулж байна. Энэ бол хийсвэр валют, тоон мөнгө гэгдэж буй биткойн (bitcoin) юм. Биткойн сүүлийн үед дэлхийн зах зээл дээр маш эрэлттэй байна. Исланд, Норвеги, Шведэд найман нэрийн барааны дэлгүүрүүд нь биткойноор үйлчилж эхэлжээ. Ганц биткойн ч биш өнөөдөр дэлхий дээр 1200 төрлийн цахим мөнгө бий болсон. Биткойны давуу тал нь хөрвөх чадвар сайтай бөгөөд олон улсын гуйвуулга хийхэд богино хугацаа шаардагдах боловч бага шимтгэл төлдөг. Биткойноор гүйлгээ хийсэн хэрэглэгчийн мэдээллийг мэдэх ямар ч боломжгүйн дээр банк болон Засгийн газраас хараат бус байдаг онцлогтой. Засгийн газраас биткойны хэрэглээг хязгаарлах, торгууль ногдуулах зэрэг арга хэмжээ авч чаддаггүй.

Харин богино хугацаанд ханш нь өөрчлөгддөг сул талтай. Жишээ нь, биткойны ханшны нэг өдрийн хамгийн том уналт 2013 оны дөрөвдүгээр сард болсон бөгөөд ханш нь 80 хувь хүртэл буурч байжээ. Биткойноор худалдан авалт хийсний дараа буцаан олгох боломжгүй бөгөөд өөрөөр хэлбэл, та пицца захиалаад ирэхгүй бол биткойноо буцааж авч чадахгүйд хүрнэ. Үүнээс гадна хакер халдлагад өртөх эрсдэлтэй. Биткойн хакеруудын анхааралд өртөж, хамгийн сүүлд гэхэд л нэг сая ам.доллараар үнэлэгдэх 1295 нэгж биткойн хулгайлагдсан байна. Худалдан авагчийн тухай мэдээлэл үлдэхгүй учир хуурамч паспорт, хар тамхи наймаалах, мөнгө угаах зэргээр хууль бус арилжаанууд ч биткойноор тооцоо хийх болжээ. Хэрвээ биткойн энэ чигээрээ амжилттай явж, дэлхийг хамарвал хүмүүс өөрийн мөнгөө цахим хэлбэрт шилжүүлж, цаасан мөнгө үгүй болж, гар утас, таблетдаа суулгасан “түрийвч” гэх программ доторх цахим мөнгө буюу биткойноор төлбөр тооцоогоо төлдөг болно.

Бас цалин тэтгэврээ ч цахим хэлбэрээр авдаг болох нь дамжиггүй. Гэхдээ одоогоор биткойн 100 хувь найдвартай биш учраас яарч их хэмжээний мөнгө оруулж, биткойн болгох нь эрсдэлтэй. Биткойн нь анх дэлхийн санхүүгийн хямралын үеэр гарч ирсэн бөгөөд уг хямрал нь бидний өнөөгийн санхүүгийн болон улс төрийн систем ямар хэврэг, амархан нурж болох сул талтайг тодорхой харуулсан юм. Энэ үед хүмүүс улс төр ба түүнээс хамааралтай өнөөдрийн санхүү эдийн засгийн системээс хамааралгүй байх боломжуудыг хайж эхэлсэн нь биткойны хувьд төгс үе байлаа. Вол Стрийтийг эзлэх, Тий Парти, Визилийкс зэрэг өөр өөр зорилготой боловч хүмүүст эрх мэдлийг эргүүлэн өгөх ерөнхий агуулгатай олон хөдөлгөөн эхлэв. Энэ бүх асуултын хувьд биткойн бараг л төгс гэмээр хариулт болж харагдаж байв. Биткойны үүсэл нь Сайферпанк хэмээх цахим нийгэмлэгтэй салшгүй холбогддог. Тус нийгэмлэг нь 1990-ээд оны үед интернэт үүссэнтэй холбоотойгоор буй болжээ. Интернэт дөнгөж үүсэн хөгжиж эхэлмэгц орон зайг үл хамааран хоорондоо чөлөөтэй харилцах боломжийг хүмүүст олгосон нь тэдний хувьд маш том дэвшил байв. Гэсэн хэдий ч дижитал ертөнцийн хөгжил нь Засгийн газарт болон буруу зорилготой хүмүүст өөрсдийнх нь дата мэдээллийг ямар ч зөвшөөрөлгүйгээр дуртай үедээ авч ашиглах боломжийг өгч байгаа нь тийм ч таатай санагдсангүй.

Иймээс, цаашид өөрсдийнх нь хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ гэдэг асуулт хүмүүсийн тархийг эзэмдэж байв. Учир нь, ирж байгаа нээлттэй мэдээллийн эрин зуунд хүний хувийн нууц нь хамгийн үнэт зүйл гэж тэд үзэж байв. Биткойныг гарч ирэхээс өмнө сайферпанкууд маш олон криптовалютын төсөл дээр ажиллаж байсан боловч тэр болгон амжилттай болоогүй юм. Харин 2009 онд анх Сатоши Накамото хэмээх хаягнаас сайферпанкуудын цахим шуудан руу биткойны төсөл /White рарег/ илгээсэн бөгөөд энэ нь тус нийгэмлэгийн идэвхтэй гишүүн Хал Финнид маш сонирхолтой санагдан Сатоши Накамототой харилцаа тогтоосон байна.

Тэрбээр Сатоши Накамотогийн заавраар компьютер дээрээ программыг нь суулган хамгийн анх биткойны блокчэйн сүлжээнд холбогдон олборлолт явуулж эхэлснээр биткойн дэлхийд гарч ирэх эхлэл тавигджээ. Биткойн нь төвлөрсөн бус сүлжээнд оршин тогтнож, хадгалагдаж байдаг учир алтнаас урт удаан эдэлгээтэй гэж хэлж болно. Түүний эх протокол нээлттэй сүлжээнд байдаг нь биткойныг тогтмол сайжруулах, дэлгэрүүлэхэд дөхөм болдог. Сүлжээ нээлттэй байх нь аливаа зүйлийг ямар ч алдаа мадаггүй болгодог ба хүн бүр цахим сүлжээгээ улам боловсронгуй болгох нэгдмэл сонирхолтой байдаг нь тухайн сүлжээг илүү найдвартай, аюулгүй болгож өгдөг. Биткойны суурь сүлжээний энэхүү уян хатан чанар нь цахим валютын эдэлгээг уртасгаж байна. Биткойн нь алтны нэгэн адил ховор хөрөнгө юм. Яагаад гэвэл, зах зээл дээр зөвхөн 21 сая ширхэг биткойн гаргахаар анхнаасаа кодлогдсон. Одоогийн байдлаар 16.5 сая орчим биткойн эргэлтэд орсон бөгөөд хамгийн сүүлийн 21 сая дахь биткойн 2140 онд олборлогдоно гэж тооцоолдог. Биткойн нь одоогийн байдлаар дэлхий дээрх хамгийн их нэгжид хуваагддаг мөнгөнд тооцогдож байна. Нэг биткойн 100 сая ширхэг сатошид хуваагдана. Ингэснээр, бичил гүйлгээ, бичил санхүүжилт зэргийг хийхэд хэрэглэгчдэд илүү хялбар болж байгаа юм. Биткойныг дэлхийн улс орнууд хуулиараа хүлээн зөвшөөрдөг эсэхийг мэдээлдэг www.bitlegal.io вэбсайтад бичсэнээр тэдний индексэд байдаг 74 орны 85 хувь нь биткойны хэрэглээг хүлээн зөвшөөрдөг байна. АНУ-ын СEТС буюу бараа таваарын фьючерсийн арилжааны комисс биткойныг албан ёсоор бараа таваар гэж, IRS буюу Татварын алба нь биткойныг эд хөрөнгө гэж үздэг байна. Бусад орны Засгийн газар болон зохицуулах хороод биткойныг өөрсдийнхөөрөө ангилдаг байна. Одоогийн байдлаар дэлхийд тэргүүлэгч АНУ, Япон, Их Британи зэрэг улс оронд биткойныг хэрэглээндээ нэвтрүүлээд байгаа аж.

Д.МӨНХЖАРГАЛ

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.