Дэлхийн хүн амын өвчлөлийн 43 хувь, нас баралтын шалтгааны 60 гаруй хувь нь халдварын бус шалтгаантай өвчлөлтэй холбоотой бөгөөд 4 төрлийн халдварт бус өвчин зонхилж байгаа нь зүрх судасны өвчин 48 хувь, хорт хавдар 21 хувь, амьсгалын архаг өвчин 12 хувь ба чихрийн шижин 3.5 хувь юм. Халдварт бус өвчний нийт нас баралтын 80 хувь нь бага буюу дунд орлоготой улс орнуудад тохиолдож, хөгжиж буй улс орнуудад өсөн нэмэгдэхээр байна.
Монгол улсын хүн амын өвчлөл, нас баралтын шалтгааны дотор сүүлийн 20 гаруй жилд халдварт бус өвчин давамгайлж, нийт өвчлөлийн 72 хувийг эзэлж байна.
Халдварт бус өвчний анхдагч гол шалтгаан нь зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдол, архи, тамхины хэрэглээ, стресс бухимдал зэрэг хүний өөрийн зан үйл, амьдарч байгаа хэв маягтай холбоотой. Хэрэв тухайн хүн эдгээр буруу зан үйлээ залруулахгүй бол биеийн жин, цусан дах өөх тос, сахарын хэмжээ нэмэгдэж улмаар цусны даралт ихсэлт, судасны хатуурал, зүрхний шигдээс, чихрийн шижин болон хавдар зэрэг халдварт бус өвчнөөр өвдөх, нас барахад хүргэх шалтгаан болдог.
Халдварт бус өвчинд хүргэж буй дээрх эрсдэлт хүчин зүйлүүдээс урьдчилан сэргийлж, эрт үед зөв арга хэмжээ авч чадвал маш бага зардлаар өөрийгөө халдварт бус өвчинд нэрвэгдэхээс хамгаалах бүрэн боломжтой гэдгийг ДЭМБ болон бусад орны туршлагууд баталсан байдаг.
Хүн бүр эрүүл, урт удаан насалж, сайн сайхан амьдрахыг хүсдэг. Эрүүл зан үйл, аж төрөх хэв маягт зөв зохистой хооллолт, дасгал хөдөлгөөнийг эрхэмлэн өөртөө тохируулан хийх, архи, тамхи, мансууруулах бодисоос татгалзах, стресс, сэтгэлийн дарамтаас гарах аргад суралцах, биеийн жингээ тогтмол барих зэрэг зан үйлүүд ордог. Эрүүл зан үйл, аж төрөх хэв маягийг сонгосноор халдварт бус өвчнөөр өвдөх эрсдлийг 90 хувь, хүртэл бууруулах, цагаас өмнө эрт нарах, тахир дутуу болж хөдөлмөрийн чадвар алдах эрсдлийг 50 хувиар, зүрх судасны өвчнөөр өвдөх эрсдлийг 80 хувь, 2-р хэлбэрийн чихрийн шижингээр өвдөх эрсдлийг 90 хувиар, хавдраар өвдөх эрсдлийг 30 гаруй хувиар бууруулах боломжтой гэдгийг ДЭМБ баталсан байна.
Идэвхтэй хөдөлгөөн нь халдварт бус өвчнөөр өвдөх эрсдлийг бууруулах гол арга зам болохыг ДЭМБ гишүүн орнууддаа зөвлөмж болгож байна. Монгол улсын хэмжээнд идэвхтэй хөдөлгөөнийг халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний бодлогын нэг хэсэг болгон бодлогын олон зорилт, арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа билээ.
Дэлхийн даяарчлал, техник технологийн хурдацтай хөгжил нь энерги зарцуулах шаардлагыг багасган биеийн идэвхтэй хөдөлгөөнтэй байхыг улам хязгаарлаж байгаагийн зэрэгцээ суугаа амьдралын хэв маяг давамгайлах болсон нь Номхон далайн баруун бүсийн орнуудын хэмжээнд томоохон нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болж байна. Номхон далайн баруун бүсийн орнуудад ХБӨ-ний эрсдэлт хүчин зүйлийн тархалтыг тогтоох судалгаа 15-64 насны хүн амын дунд хөдөлгөөний идэвхгүй байгаа зан үйл 41-62 хувьтай (ДЭМБ, 2007b, 2007c)байна. Судалгаанаас харахад хүн амын дунд хөдөлгөөний идэвхгүй зан үйлтэй байх нь залуужиж байгаа бөгөөд чөлөөт цагаараа зориуд дасгал хөдөлгөөн хийхээс илүүтэйгээр хүн амын дунд дугуй унах, алхах, газар тариалан дээрээ ажиллах зэрэг идэвхтэй хэв маяг нь нэмэгдэж байна.
Хөдөлгөөний хомсдол нь дэлхийн хүн амын нас баралтын дөрөв дэх шалтгаан болж байгаа бөгөөд түүнчлэн хөдөлгөөний хомслын улмаас жилд 3.2 сая хүн нас бардаг. Хөдөлгөөний хомсдол нь зүрх судасны өвчин, хавдар, чихрийн шижин зэрэг халдварт бус өвчний гол шалтгаан болж байна. Идэвхтэй хөдөлгөөн нь ХБӨ-өөс сэргийлэх эрүүл мэндээ бэхжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэдэг.
Дэлхийн хүн амын гурван хүний нэг нь хөдөлгөөний идэвхи хангалтгүй байдаг бөгөөд ДЭМБ-ын гишүүн орнууд 2025 он гэхэд хөдөлгөөний хомсдлыг 10 хувиар бууруулах зорилт ажиллаж байна.
Манай улсад хүн амын 4 хүн тутмын 1 буюу 22.3 хувь нь хөдөлгөөний хомсдолтой, 5хүн тутмын 1буюу 18.3хувь нь эрүүл мэндэд тустай идэвхтэй хөдөлгөөний талаарх ДЭМБ-ын зөвлөмжийг биелүүлдэггүй, 2 хүн тутмын 1 буюу 43.3 хувь нь ажлын байрандаа, 4 хүн тутмын 1 буюу 24.9 хувь нь нэг газраас нөгөөд ирж очихдоо, 3 хүн тутмын 1 буюу 31.7 хувь нь амралт чөлөөт цагаараа эрүүл мэндэд тустай идэвхтэй хөдөлгөөн хийдэггүй байна. (ХБӨ, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын үндэсний судалгаа, ЭМЯ, НЭМҮТ, ММСС, ДЭМБ, 2013 он, Монгол улс)
Залуучуудын бие бялдрын хөгжилт, чийрэгжилтийн түвшин хижээл насныхнаас доогуур байна.
Манай улсад хүн амын 5 хүн тутмын 1 буюу 20,5 хувь нь бие бялдрын хөгжилт, чийрэгжилтийн түвшингээр дунд, хангалтгүй(D,F)үнэлгээтэй, 15-34 насны хүн амын 3 хүн тутмын 1 буюу 36,5хувь, 35-64 насны хүн амын 5 хүн тутмын 1 буюу 18,4 хувь нь бие бялдрын хөгжилт, чийрэгжилтийн түвшингээр дунд, хангалтгүй(D,F)үнэлгээтэй байна. Энэ үзүүлэлт нь 15-34 насны залуучуудын бие бялдрын хөгжил 35-64 насны хижээл насныхнаас 1 дахин бага, өөрөөр хэлбэл тухайн насныхаа бие бялдрын хөгжлийн түвшинд хүрэхгүй байна. (Хүн амын бие бялдрын хөгжилт, чийрэгжилтийн түвшин тогтоох сорилын дүн, 2016 он, ЗГХА-БТСГ, Монгол улс)
Хүүхэд, өсвөр үеийнхэний 4 хүүхэд тутмын 3 буюу 74.8 хувь нь өдөр бүр багадаа 60 минутын идэвхтэй хөдөлгөөн хийх ДЭМБ-ын зөвлөмжийг биелүүлдэггүй, 5 хүүхэд тутмын 1 буюу 18.2 хувь нь 7 хоногт сургууль гэр хоёрын хооронд явган эсвэл дугуйгаар явдаггүй, 2 хүүхэд тутмын 1 буюу 44.3 хувь нь зурагт үзэх, компьютер тоглох, суух, найзтайгаа ярих зэрэг идэвхгүй байдалд өдөрт 3 ба түүнээс олон цагийг зарцуулдаг байна.
Номхон далайн баруун бүсийн орнууд болох Кирибати 14.2 хувь, Филиппин 32.3 хувь, Соломоны арлууд 26.8 хувь, Науру 33.4 хувь, зэрэг улс орнуудын сурагчидтай харьцуулахад манай орны сурагчдын дундах идэвхгүй хөдөлгөөнд өдөрт 3 ба түүнээс олон цаг зарцуудаг нь хамгийн өндөр буюу 44.3 хувь байна. (Дэлхий дахины сургуульд суурилсан эрүүл мэндийн судалгаа, ЭМЯ, НЭМҮТ, ММСС, ДЭМБ, АНУ-ӨСТ, 2013 он, Монгол улс)
Манай улсад 6-17 насны хүүхэд, өсвөр үеийнхэний 3 хүүхэд тутмын 1 буюу 32,9 хувь нь бие бялдрын хөгжилт, чийрэгжилтийн түвшингээр дунд, хангалтгүй (D,F)үнэлгээтэй байна.(Хүн амын бие бялдрын хөгжилт, чийрэгжилтийн түвшин тогтоох сорилын дүн, 2016 он, ЗГХА-БТСГ, Монгол улс)
Сүүлийн жилүүдэд дэлхий нийтэд 2 дугаар хэлбэрийн чихрийн шижин өвчин хурдацтай өсөж байгаа бөгөөд, хүүхэд өсвөр үеийнхэнд ч тохиолдох болсон. Хүүхэд өсвөр наснаасаа идэвхтэй хөдөлгөөн хийж хэвших нь тэдний амьдралын насан туршийн зөв дадал болон хадгалагддаг байна. Хүүхэд өсвөр үеийнхэнийг чийрэгжүүлэх, дасгал хөдөлгөөнийг тэдний амьдралын дадал хэвшил болгох хүүхэд, залууст идэвхтэй хөдөлгөөний ач холбогдлын талаар сурталчлах, дасгал хөдөлгөөнөөр хичээллэх таатай орчинг бүрдүүлэх асуудлууд нэн тэргүүнд тавигдаж байна.
Иймээс бидэнд нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, идэвхтэй хөдөлгөөний ач холбогдлыг хүн амд сурталчлах, хэвшүүлэхүндсэн чиглэл дор салбар дундын хамтын ажиллагааг түшиглэсэн замаар олон нийтрүү чиглэсэн кампанит ажлуудыг зохион байгуулах шаардлага зүй ёсоор тулгарч байна.
Эх сурвалж: НЭМҮТ
24news.mn